МАН-ын удирдлага төрийн дээр залрахаа зарлачихлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

МАН-ын удирдлага төрийн дээр залрахаа зарлачихлаа

УИХ дахь МАН- ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд намын Удирдах зөвлөл нь “дааж давшгүй” ачаа үүрүүлж хэцүү чиглэл өглөө. “У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулсугай”, “Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг УИХ дахь МАН-ын бүлэг /Д.Тогтохсүрэн/-т чиглэл болгосугай”, “Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй, намаас сонгогдож, томилогдсон намын гишүүдэд намын дүрмийн дагуу улс төрийн хариуцлага хүлээлгэж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарт даалгасугай” гэжээ. Уучлаарай, МАН-ын Удирдах зөвлөл хэний, ямар байгууллагын бүрэн эрхэд халдаад байна аа. УИХ-ын гишүүн аль намаас сонгогдсоноо дурсаад үзэл бодлоороо саналаа өгч болохгүй болж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нь гишүүдийнхээ санал өгөх эрхэд нөлөөлөхийг нам нь үүрэгдэж байна. “У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй байх” гэгч дэлхийд байхгүй шийдвэрийг нь биелүүлэхгүй бол улс төрийн хариуцлага тооцно гэнэ ээ. Хашиж буй албан тушаалаас нь хөөнө, магадгүй дараагийн удаад албан тушаалын  хаалга хаалттай гэсэн үг биз.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэдийгээр “онц, чухал” үед хариуцлагатай албан тушаалд очсон ч чухам энэ үүргийг яаж биелүүлэх болж байна? Жишээ нь “У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулсугай гэдэг эхний чиглэлийг яаж биелүүлэх вэ? УИХ-ын тогтоолоос давсан шийдвэр гаргах уу? Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал хураах үед яаж гишүүдээрээ “У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцруулахгүй байх санал өгүүлэх вэ. Олонх “Дур зоргоороо”, үзэл бодлоороо, намын Удирдах зөвлөлийн шийдвэрээс “гажсан” санал өгвөл Д.Тогтохсүрэн хамгийн түрүүнд улс төрийн хариуцлага хүлээх юм уу? Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй, УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүдэд хариуцлага тооцно гэхээр бараг хэзээ ч Удирдах зөвлөлийн шийдвэрээс зөрүүтэй санал, үзэл бодол УИХ-ын чуулган дээр илэрхийлж болохооргүй “хайрцаглаж” байна шүү дээ. Яагаад хоёр жилийн өмнө тус намаас нэр дэвшсэн гээд өнөөдөр төрийн ажилд намын барьцаагаар хандах ёстой юм бэ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Яг яаж биелүүлье гэж бодож суугаа бол. Ийм чиглэл өгснөөрөө МАН бол УИХ-ын бүлгийн “дээр”, УИХ-ын Байнгын хорооны дээр, УИХ-ын нэгдсэн чуулганы шийдвэрийн дээр байгаа шүү гэдгийг МАН-ын Удирдах зөвлөл албан бичгээр баталгаажуулаад өгчихлөө. Одоо Монгол Ардын Нам  Төрийн, төрийн эрх барих дээд байгууллагын дээр байх нь ил тод боллоо. Нам том, намын дарга том гэхэд арай л улайрч байна.

Яагаад ч Удирдах зөвлөлийн ирц хангалтгүй байв. Хуралд оролцохгүй, санал өгөхгүй байх замаар ч гэсэн намын даалгавар биелүүлсэн байж болох талтай. Огцруулахаар гарын үсгээ зурсан гишүүд “Огцруулахгүйн төлөө” гэх стандарт бус шийдвэр гаргах хуралд оролцож яах юм бэ. Эсрэг санал өгч хохирох уу, хурал тасалж эрхээ “шилжүүлэх” үү. МАН-ын гишүүд дарамттай, айдастай байна. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд “сэтгүүлчдэд өгөх мөнгө” хэрэггүй. Өөрийнх нь эсрэг үзэл бодолтой намын гишүүн ч хэрэггүй. Үндсэн хууль, дагалдах хууль, тогтоомжууд ч алсарчээ. Түүнд намын дарга гэдэг том “зэвсэг” байна. Энэ бол түүнд ялалт авчрах “капитал” нь, итгэлт хань нөхөр нь болчихож. МАН-ын гишүүд намын даргынхаа, Удирдах зөвлөлийнхөө энэ шийдвэрийг үг дуугүй дагаж гэмээнэ УИХ-ын даргыг огцруулах, УИХ-ыг өөрөө тараах, Үндсэн хуулийг ч даргынхаа таашаалд нийцүүлэх үүргийг бүүр М.Энхболд даргын үед, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ хүлээж авсан болж болж таарлаа. Хүлээн зөвшөөрч байна уу, МАН-ынхан!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж