МАН: Засгийн газрыг авч үлдэх шийдвэр гаргажээ. Гэвч…

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Засаг огцруулах асуудал

LiveМАН: Засгийн газрыг авч үлдэх шийдвэр гаргажээ. Гэвч…

МАН: Засгийн газрыг авч үлдэх шийдвэр гаргажээ. Гэвч…
14 : 59
2018-11-27

МАН: Засгийн газрыг авч үлдэх шийдвэр гаргажээ. Гэвч...

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хурлаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэв. Өнөөдрийн хуралд 35 гишүүн оролцсон бөгөөд 100 хувийн саналаар Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Бүлгийн дарга гэгдэх Д.Тогтохсүрэнгийн мэдээллийг та бүхэн сонслоо. Энэ бол буруу ташаа мэдээлэл. Өнөө өглөө МАН-ын Удирдах зөвлөл хурал зарласан. Удирдах зөвлөлийн хурлаас ашиг сонирхлын зөрчилтэй ЖДҮ-чин сайд, гишүүдийг гаргах шаардлагыг зөвлөлийн 10 гишүүн тавьсан. Бидний шаардлагыг биелүүлээгүй учраас Удирдах зөвлөлийн шийдвэр хүчингүй. Хоёрт, Бүлгийн хуралд ч ЖДҮ-чин сайд, гишүүдийг оруулахгүй байх шаардлага тавьж, энэ нөхөрт би оруулж өгсөн. Гэтэл бүлэг хуралдсан нэр зүүгээд “Засгийн газрыг огцруулахгүй байх 100 хувийн шийдвэр гарлаа” гэж яриад байна. Бодит байдлыг хэвлэлээр хүргэх үүднээс би орж ирлээ.

-Та бүхэн ард түмнээс ичдэггүй юм уу. Сэтгүүлчид бид та бүхний мэдээллийг гаргахаас ичиж байна. Нэг бүлэгтэй ч хоёр өөр зүйл ярих юм. Цаашид энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ?

– УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Би бас ЖДҮ-чдээс ичиж үхэх гэж байна.

-Засгийн газрыг огцруулах үндэслэл гаргасан 27 гишүүн бүлгийн хуралдаа суугаагүй байна. Тэгэхээр энэ бүлгийн хурлыг хүчинтэйд тооцох уу?

-Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Би бүлгийг төлөөлж мэдээлэл хийж байна. ЖДҮХС-тай холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Өнөөдөр нэг л хүний асуудлыг хуулийн байгууллага оруулж ирсэн. Иймд батлагдаагүй, нотлогдоогүй зүйлээр “ЖДҮ-чин” гэж хочлох эрх байхгүй. Тэгээд УИХ-ын гишүүн бол бүрэн эрхтэй учраас санал хураалтад оролцуулахгүй байх заалт байдаггүй. Бүлгийн зарим гишүүд хуралд суугаагүй ч нийт гишүүдийн олонх нь ирсэн тул бүлгийн хурлыг хүчинтэйд тооцно. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын асуудлыг хэлэлцэх ёстой тул МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Ингээд бүлгийн гишүүд цаг хугацаатай уралдаж, шийдвэрээ гаргалаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Өмнө нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр бүлгийн хурал зарлахад, ирц хүрсэн юм. Гэтэл манай ЖДҮ-чин бүлгийн дарга гишүүдээ оруулаагүй, бүлгийг тараасан. Уг нь ирц хүрсэн. Тэгэхээр хэлэлцэх асуудлаар ямар шийдвэр гаргахаас хамаараад зарим нь орж ирдэг, зарим нь орж ирдэггүй. Б.Батзориг сайд шалгагдаж байгаа, Х.Баделхан, Н.Цэрэнбат, Я.Содбаатар нарт хэрэг үүсээд шалгаж байгаа.  Дөрвөн сайд нь шалгуулж байна гэх албан ёсны мэдээлэл бий. Энэ нэр бүхий дөрвөн сайд сайдаасаа огцрох өргөдлөө өгөөд, хуралдаа суу гэдэг шаардлага тавьсан.

-МАН-ын бүлэг албан ёсоор хоёр бүлэгтэй болчихвол яасан юм бэ. Та сая Д.Тогтохсүрэн даргыг ЖДҮ-чдийн бүлгийн дарга гэлээ. Та өөрөө ямар бүлгийн дарга болж таарах уу?

– Би ямар нэг бүлгийн дарга биш. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЖДҮ-чин сайд нар нэр холбогдоод байна. Үүнээс нь үүдэж огцруулах санал гаргасан 27-гийн төлөөлөл байна.

13 : 26
2018-11-27

Засгийн газрыг огцруулна гэх 27, огцруулахгүй гэх 37-гийн хурал эхэллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Д.Хаянхярваа нарын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг огцруулах бичгийг хэлэлцэж байна. Бүлгийн хурал эхлэхээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрыг тогтвортой байлгах ёстой гэж шийдсэн. Гэвч энэ хуралд 29 гишүүн суух ёстойгоос 13 гишүүн суусан гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдэгдсэн юм. Удирдах зөвлөлд суугаагүй гишүүдийн хувьд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд хэлэлцэж буй асуудалд санал өгөх эрхгүй гэж үзээд, Удирдах зөвлөлийн хурлыг бойкотлосон юм.

Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан, М.Оюунчимэг, Ц.Гарамжав нарын гишүүд Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэж үзээд, гарын үсэг цуглуулжээ. Энэ байр суурийг 37 гишүүн дэмжсэн ч 35 нь гарын үсгээ зурсан байна. Хоёр гишүүн гарын үсгээ зураагүй учир нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хороог даргалах тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд, гарын үсэг зураагүй байна. Харин УИХ-ын гишүүн Б.Батзориг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа тул гарын үсэг зураагүй аж. Гэхдээ дээрх хоёр гишүүн Засгийн газрыг тогтвортой байна гэж үзэж байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв.

Ямартай ч Засгийн газрыг огцруулна гэх 27, огцруулахгүй гэх 37 гишүүн байгаа аж. Гэвч бүлгийн хурал дээр нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж