З.Энхболд Шинзо Абэтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

З.Энхболд Шинзо Абэтэй уулзлаа

18.02

 

З.Энхболд: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монгол, Японы харилцааны шинэ үеийг эхлүүлж байна

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.24/ Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай Ерөнхий сайдын өргөөнд уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд таныг Япон Улсад айлчлал хийж буйд баяртай байна. Монгол Япон улсын хооронд диломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд маш чухал айлчлал болж байна хэмээн хэллээ.

УИХ-ын дарга Япон Улсын Ерөнхий сайдад хандан, Эрхэмсэг ноён Ш.Абэ Та биднийг элэгсэг дотно хүлээн авч байгаад талархал илэрхийлье. Японы ард түмэн, Засгийн газар Монголын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжин тусалж ирснийг Монголын ард түмэн, төр, засаг өндөр үнэлж, чин сэтгэлээсээ талархаж хүндэтгэж байдгийг илэрхийлье. Ерөнхий сайд Ш.Абэ Таны дэвшүүлсэн “Эрч”, “Эрч нэмэх” санаачлагуудын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол өндөр гэж үнэлдэг. Энэ нь Монгол Японы эдийн засгийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй. Хоёр улсын Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан. Танай улсын парламент ч ойрын хугацаанд батална гэдэгт итгэлтэй байна гэлээ. Энэхүү уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


14.55

 

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.02.24/ Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав.

УИХ-ын дарга З.Энхболд Монгол, Японы бүх талын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын бүлгийн гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. Өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын даргатай уулзах боломж тохиож байсан бөгөөд өнөөдөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн өдөр дахин уулзаж буйдаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд Япон Монголын харилцаа үсрэнгүй хөгжсөөр ирсэн. Саяхан  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлал хийсэн, мөн эрхэм УИХ-ын дарга Та албан ёсны айлчлал хийж буй нь парламент хоорондын харилцаа өндөр түвшинд гарсныг илтгэж байна. Япон, Монгол хоёр орон стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх зорилготой байгаа. Японы парламентын Төлөөлөгчдийн танхим болон Зөвлөхүүдийн танхимын зүгээс Япон, Монголын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Монгол-Японы найрамдлын бүлэгт Монгол Улсын Их Хурлын 54 гишүүн ордогт  талархалтай байдаг хэмээн Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда онцоллоо.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Эда тэргүүтэй Зөвлөхүүдийн танхимын төлөөлөгчидтэй уулзаж буйд баяртай буйгаа илэрхийлээд Монгол, Японы парламентын харилцааг хөгжүүлэхэд Зөвлөхүүдийн танхимын гишүүд ихээхэн хувь нэмэр оруулдаг гэлээ. Мөн хоёр орны парламентын уламжлалт хэлхээ холбоог бэхжүүлж буйд талархалж байна. Саяхан хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан  Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрийг Япон Улсын парламентаар батлуулахад Та бүхэн дэмжинэ гэдэгт итгэж байна. Өнгөрсөн зун Улаанбаатарт гарсан ”Тэнгэр, нар, түншлэл” каллиграфын  хамтарсан үзэсгэлэнг Токиод гаргах гэж байгаад баяртай байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монгол-Японы парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Ганхуяг болон тус бүлгийн дэд дарга Сундуйн Батболд нар оролцоно гэдгийг мэдэгдэв.

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхах үеэр, Япон Улсын Либерал Ардчилсан намын гишүүн, парламентын гишүүн Иваки, Ардчилсан намын гишүүн, парламентын гишүүн Нишимура, Японыг Эрчимжүүлэх намын гишүүн, парламентын гишүүн Яамада болон бусад Зөвлөхүүдийн танхимын гишүүд УИХ-ын даргын айлчлалд амжилт хүсч, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг хоёр улс байгуулж буйд сэтгэл өндөр байгаа бөгөөд Японы Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүд дэмжиж буйгаа илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан нар парламент хоорондын харилцааны талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд, хоёр талын хүчин чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд Монгол, Японы улс төрийн харилцаанд  итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэж, цаашид  хоёр орны парламент, түүний гишүүд хоорондын харилцан солилцоог  улам идэвхжүүлэх, түүнчлэн улс төр, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхах үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан,  Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав.


12.28

 

Парламентын ордонтой танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.24-ний өдөр 11.00 цагт/ Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийлээ.

Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки уулзалтын эхэнд "УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд Та манай улсад албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд, чин сэтгэлийн халуун мэнд хүргэе. Манай хоёр улс түүхийн урт хугацаанд энх тайван, харилцан ойлголцлоор зэрэгцэн оршиж ирсэн түүхтэй. Хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсэнд хоёр орны парламентын бүлэг их үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэе. Монголын талаас өнөөдөр хүрэлцэн ирсэн Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Ганхуяг болон бүлгийн гишүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Миний бие мөн найрамдлын бүлэгт багтдаг бөгөөд өнөөдөр хүрсэн парламент хоорондын харилцааг идэвхтэй үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гуравдагч орнуудтай харилцах харилцаанд Монгол Улс ихээхэн анхаарч байгаад баяртай байна. 2020 онд Токиод олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Олимпийн эрхийг авах энэхүү чухал үйл явдалд танай улсын зүгээс бидэнд дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлье. 2020 оны Токиогийн олимпийн наадамд Монголоос олон тамирчин, үзэгчид ирнэ гэдэгт итгэл төгс байна. Спортын их наадмаар дамжуулан хоёр орны харилцаа улам өргөжин хөгжөөсэй" гэсэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Монгол, Японы харилцааны хөгжилд  Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд, Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы улс төрийн харилцаанд итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байдгаа УИХ-ын дарга илэрхийлэв. Мөн хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Монгол Улс аж үйлдвэр, дэд бүтэц, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын үйлдвэрлэлд японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Японы дэмжлэгийг авах хүсэлтэй байна. Түүнчлэн монголд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт японы оролцоог ханган ажиллахад бэлэн байна. Мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу боловсруулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Монголын Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ чиглэлд танай улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байна.

Монгол, Японы харилцаа олон улсын тавцанд ч хөгжиж, харилцан бие биеэ дэмжиж ирсэн бөгөөд НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж буй Япон Улсын хувь нэмрийг үнэлж, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх хүчин чармайлтыг Монгол Улс цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакиг Монгол Улсад айлчлан ирэхийг хүслээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай хийсэн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан,  Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав. Энэхүү уулзалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид Японы парламентын ордонтой танилцлаа.

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын чуулганы үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзалт хийнэ. Мөн УИХ-ын даргад Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхана.


12.22

 

Япон улсад зорчих нөхцлийг эрс хөнгөвчлөхийг хүслээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.24-ний өдөр 10 цаг 10 минутад/ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура УИХ-ын дарга З.Энхболдтой хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэглэлт өдөр уулзах завшаан олдсонд баяртай буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр хоёр орны Ерөнхий сайд нарын зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ нь хоёр орны хоорондын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглэв. Энэ жилийн хувьд Япон, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тун сайхан эхэлж байна.

Учир нь Монгол Улсын 21 аймгийн Засаг дарга нар Япон Улсад ирж туршлага солилцсон. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлал хийсний зэрэгцээ хоёр орны хооронд диломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн өдөр та манай улсад албан ёсны айлчлал хийж буй нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж буйн илрэл юм. Өндөр дээд хэмжээний айлчлалуудаас гадна манай хоёр орны ард иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд шинэ шатанд гарч чадсан. Цаашдаа ч Япон Монголын харилцаа бүх шатанд илүү өндөр түвшинд хөгжих боломж их байна. Манай парламентын зүгээс хоёр орны харилцаанд хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ эрхэм таны Япон Улсад хийж буй айлчлалын үеэр онцлон тэмдэглэе хэмээн Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура хэллээ. 

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын парламент улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэлээ. Монгол, Японы харилцааны хөгжилд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим, түүний гишүүд, парламент дахь Либерал Ардчилсан намын М.Хаяаши гишүүн тэргүүтэй Япон, Монголын бүлгийн гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж ирсэн. Хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Японы харилцаанд  итгэлцэл бэхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа УИХ-ын дарга уулзалтын үеэр хэлж байв. Монгол Улс аж үйлдвэр, дэд бүтэц, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын үйлдвэрлэлд японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Япон Улсын дэмжлэг туслалцаа нэн чухал бөгөөд энэ чиглэлд та дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэж байна.   Саяхан Монгол Япон хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан  Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээр нь технологи шилжүүлэх, хоёр орны хувийн хэвшлийн харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааны үндсийг тавихад чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын дарга онцлов.

Хоёр орны харилцаанд иргэд хоорондын харилцаа, солилцоо чухал үүрэг гүйцэтгэж буй бөгөөд монгол иргэдийн Япон Улсад зорчих нөхцлийг эрс хөнгөвчлөх, улмаар иргэдийг визээс чөлөөлөх чиглэлд японы тал тодорхой арга хэмжээ авна гэдэгт найдаж байна. Энэ асуудал  хоёр орны Ерөнхий сайд нарын хэлэлцээ болон парламент дахь ЛАН-ын Япон, Монголын бүлгийн гишүүдийн манай Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр хөндөгдөж, хоёр тал эхний алхам болох арга хэмжээнүүдийг авч эхэлж буйд баяртай байна.  Монголын тал нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд Япон Улсаас дэмжлэг авах, Японы Засгийн газрын тэтгэлэгээр Японы их дээд сургуульд инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог улам нэмэгдүүлэх  хүсэлтэй байна. Монгол, Японы харилцаа олон улсын тавцанд ч хөгжиж, харилцан бие биеэ дэмжиж ирсэн бөгөөд НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж буй Япон Улсын хувь нэмрийг манай улс үнэлж, НҮБ-ын шинэчлэлийн асуудал болон Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх Япон Улсын хүчин чармайлтыг Монгол Улс цаашид ч дэмжинэ гэдгийг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Н.Мачимураг Монгол Улсад айлчлан ирэхийг урилаа.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав.

Эх сурвалж: www.open.parliament.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж