Газрын тосны зах зээл Их-20 болон ОПЕК-ийн уулзалтаас хамаарна

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Газрын тосны зах зээл Их-20 болон ОПЕК-ийн уулзалтаас хамаарна

Газрын тосны зах зээл Их-20 болон ОПЕК-ийн уулзалтаас хамаарна

Лондоны бирж дээр өнгөрсөн баасан гаригт /2018.11.23/ “Брент” маркийн газрын тосны үнэ нь зургаан хувиар буурч, нэг баррель нь 58,99 ам.доллароор тогтсон байна.

Өнгөрсөн сарын эхээр нэг “Брент” маркийн газрын тосны нэг баррель үнэ 86 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн дөрвөн жилд байгаагүй өндөр үзүүлэлт байсан бол үүнээс хойш эрчимтэй буурч, одоо 60 ам.долларт хүрээд байгаа юм. Тус газрын тосны үнэ нь хамгийн сүүлд 2017 оны аравдугаар сард 59 ам.доллар хүртэл буурч байсан билээ.

Үнэ ханшийн энэ их хэлбэлзэлтэй байгаа нь газрын тосны болон хөрөнгийн зах зээлүүдийг ихээхэн савлагаанд оруулж байгаа бөгөөд тэд энэ долоо хоногт Аргентинд болох Их-20-ын уулзалт, мөн дараа долоо хоногт болох ОПЕК-ийн уулзалтаас ямар үр дүн гарахыг тэсэн ядан хүлээж байгаа юм.

Өнгөрсөн Баасан гаригийн хаалтын ханшаар “Брент” маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 60 ам.доллар, харин АНУ-ын “Баруун Техас” төрлийн газрын тос нэг баррель нь 51,52 ам.доллар байв.

"Брент" маркийн газрын тосны нэг баррелийн үнэ сүүлийн гурван сараар

Газрын тосны үнэ богино хугацаанд маш их буурсан нь эрэлт хэрэгцээ багасч, нийлүүлэлт ихэссэн холбоотой бөгөөд үүнд олон улсын хориг арга хэмжээ, их гүрнүүдийн зөрчил болон геополитикийн нөхцөл байдал нөлөөлжээ. Газрын тосны үнэ цаашид хэрхэх нь Их-20 болон ОПЕК-ийн уулзалтаар АНУ, Хятад хоёр худалдааны маргаанаа хэрхэн ярилцаж, шийдвэрлэхээс ихээхэн хамаарна хэмээн санхүүгийн мэргэжилтнүүд хэлж байна.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 улсын төрийн тэргүүнүүд чуулах Их-20-ын уулзалт нь энэ долоо хоногийн Баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 30-нд эхэлж, хоёр хоногийн турш үргэлжлэх бөгөөд хэлэлцэх гол асуудал нь АНУ, Хятадын худалдааны дайн байх ажээ.

Харин ОПЕК-ийн гишүүн орнуудын 175 дахь уулзалт арванхоёрдугаар сарын 6-нд Вена хот дахь төв байранд эхлэх бөгөөд ОХУ тэргүүтэй гишүүн бус, газрын тос экспортлогч орнуудтай ямар бодлогыг баримтлан харилцах эсэхээ хэлэлцэх ажээ.

Эх сурвалж: Ройтерс

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж