М.Энхболдын алдуурсан тэвчээр

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

М.Энхболдын алдуурсан тэвчээр

М.Энхболдын алдуурсан тэвчээр

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа хариуцлагыг хүлээж намын даргын суудлаа У.Хүрэлсүхэд шилжүүлсэн спикер М.Энхболдын тэвчээр энэ удаад алдуурсан бололтой, Бямба гаригт Монголын улс төрд үүсээд байгаа хурцадмал асуудал, намын зодоон болоод Ерөнхий сайдын Баасан гаригт хэвлэлийнхэнд хэлсэн үг зэрэгт Үндэсний телевизээр хариу тайлбар өглөө. Монголын улс төрд хамгийн муу хүнээр тодроод байгаа, гудамжинд явсан МАН-ыг эрх мэдэлд хүргэж, УИХ-д намаа 65 суудалтай болгосныхоо горыг өнгөрсөн хоёр жилд хангалттай амсч, намынхаа захын нусгай бацаануудаар “нулимуулж” яваа М.Энхболдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хэвлэлд хандаагүй бөгөөд энэ удаа тэвчинэ тэвчинэ гэхэд яаж тэвчих вэ гэгчээр тэсрэв.

Өнөөдрийг хүртэл хэлэх үгээ амандаа нууж ирсэн түүний хувьд намаа төдийгүй улсаа нурааж яваа МАН-ынханд хандаж юу хэлэх нь сонирхолтой байлаа. МАН-ын экс даргын хувьд жаран тэрбум, газрын наймаа зэрэгт тайлбар өгөх нь, мөн Монголын төрийг гацааж байгаа асуудалд УИХ-ын спикер хүний хувьд ямар байр суурьтай байгаа нь олон нийтийн хувьд анхаарал татсан гол цэг болсон.

Тэрбээр “Засгийн газрын тэргүүн, Засгийн газрын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг бойкотлохыг санаархах боллоо. Үүнийг би хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа”-гаа ярилцлагадаа онцолсон үгийг  нь УИХ-ын даргын байр суурь гэж хэлж болно. Учир нь парламентад сонгогдоогүй, нэг ч сонгогчийн итгэл хүлээгээгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн тоглолт Монголын төр барих  хамгийн дээд институци болох УИХ-ын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх ёсгүй нь үнэн юм.

УИХ  хууль баталдаг байгууллага болохоос нэг намын улс төрийн зодоонд оролцдог байгууллага бүр ч биш. Тэр утгаараа сонгогчдынхоо эрхэнд халдаж, ажил хаялт зарлаж байгаа УИХ-ын гишүүд ч Үндсэн хуулиас илүү эрхтэй байх учиргүй.  Зүй нь тэд У.Хүрэлсүхийн засгийг хамгаалахаас илүү УИХ-аас баталсан хууль болоод Үндсэн хуулийг өмгөөлж ,хамгаалах ёстой субъектүүд. Харамсалтай нь, ЖДҮ-чин засгийг огцруулахгүй гэж Ардын засгийн төлөө ажил хаялт зарлаж байгаа УИХ-ын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг бойкотлох нь бохир харагдаж байна.

Тиймээс л спикерийн хувьд парламентын гишүүддээ өгсөн аядуу зөөлөн  сануулга нь  “Засгийн газар бол Үндсэн хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг хангаж, УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага болохоос биш УИХ-даа бойкот хийгээд хуралдаа орж ирэхгүй, асуудлыг хэлэлцүүлэхгүй гацааж байдаг байгууллага биш ээ” гэх үг.

Товчхондоо, УИХ дээр нам зайдалчхаад,  Засгийн газрын тэргүүн нь  парламентын үндсэн эрхэнд халдана гэдэг Үндсэн хууль зөрчиж байгаа үйлдэл мөн билээ. Энэ асуудлаар, парламентын засаглалд нүүрлээд байгаа аюулыг УИХ-ын дарга дүгнэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр би УИХ-ыг тараах асуудлыг ярина гэсэн. Засгийн эрхийг барьж байгаа манай намын байранд иргэдийг олноор нь, зориудаар зохион байгуулан цуглуулж, жагсаал цуглаанд турхирч байгаа үйлдлийг би Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх барих байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах оролдлого гэж үзэж байна. Тиймээс миний бие ийм цаг үед энэ ажил албан тушаалыг өгөөд, хариуцлагаас зугтах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа юм” гэлээ.

Олон жилийн турш газрын наймаачин гэж эцгээс өгсөн нэг нэрээ хоёр болгосон асуудалд М.Энхболд ямар хариулт өгөх нь мөн хоёр сонгуулиар АН-ын хөзөр болж, өдгөө Ардын засгийн тэргүүний шалтаг болгоод байгаа жаран тэрбумын талаар өөрөөс нь асуух нь зөв бөгөөд ямартай ч баримттай 64 тэрбум биш баримтгүй 60 тэрбумын асуудлаар Ерөнхий сайд ТЕГ-аар шалгуулж байгаа гэсэн шинэ мэдээлэл өгөв.

Түүнийг олон жил газрын наймаачин гэдэг. Гэвч, хотын даргын хувьд хотын дарга л Улаанбаатарт газар олгохгүй юм бол өөр хэн олгох билээ. Эрх зүйн орчин хийгээд эрх үүрэг нь ийм. Аль нэг аймгийн дарга ирээд Улаанбаатарт газар олгосон бол асуудал харин ондоо байх байлаа. Гол нь газар олгохдоо авлига авсан нь баримтаар нотлогдсон бол М.Энхболдтой хариуцлага ярих нь зөвөөс зөв. Харин Ерөнхий сайд хэн ч байлаа гээд бусдыг баримтгүйгээр гүтгэх нь хууль зөрчиж байгаа үйлдэл бөгөөд хэрэвзээ хэлсэн үгээ үнэн гэдэгт итгэж байгаа бол У.Хүрэлсүхийн хувьд  газрын наймаачин гэдгийг нь батлах баримт нотолгоогоо гаргах ирэх шаардлагатай болох нь.  Улаанбаатар хотод газар олгож байж л барилга байшингууд сүндэрлэнэ. Орон сууцнууд баригдана. Утаа багасна. Төсөвт үл хөдлөх хөрөнгийн татварууд чамгүй орлого бүрдүүлнэ.

Нэгэн цагт улдан долоож, өрөөнийх нь өмнө дугаарлаж суусан намын нөхөд, пампарстай хүүхдүүд экс даргыгаа унасан дээр нь  өшиглөж яваа ч Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нэг ч гомдол тавьж үзээгүй спикер М.Энхболд ингэж  тэсэрсэн нь “Намайг гүтгэж, дайрч, доромжилж болно. Би үүнд тэвчээртэй хандана. Харин төрийн эрх барих байгууллага руу дайрах, үйл ажиллагааг нь тасалдуулах явдал хэрхэвч байж болохгүй” гэсэн үгтэй нь  холбоотой байж болох юм.

О.БАТГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
277
ТэнэглэлТэнэглэл
28
ЗөвЗөв
7
БурууБуруу
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж