Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нийслэлийн 2019 оны төсвийг НИТХ-ын дарга С.Амарсайханд өнөөдөр /2018.11.27/ өргөн барилаа. Төсвөөс гадна 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, нийслэлийн өмчөөс хувьчлах объектын жагсаалт, концессын зүйлийн жагсаалт зэргийг өргөн барьсан юм. Энэ үеэр хотын дарга Су.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн ирэх жилийн төсвийн онцлогийг тодотгохгүй юу?
-Хуульд заасан хугацааны дагуу НИТХ-д тодорхой баримт бичгүүдийг өргөн барилаа. Нийслэлийн төсвийн төсөл нь УИХ дээр хэлэлцэх хоригтой холбоотойгоор нэлээд удааширсан. Гэвч Сангийн яамтай тохиролцсоны дүнд төсвийг боловсруулсан. Ирэх 2019 оны төсөв нь хэд хэдэн зүйлээр онцлог.
Нэгдүгээрт, төсвийн орлого нэлээд шахуу төлөвлөгдсөн. Нийслэлийн төсвийн орлого хүн амын орлогын албан татвараар бүрддэг. Үүнтэй холбоотойгоор нэлээд шахуу төлөвлөсөн. Зарлагын хувьд цалин хөлсний нэмэгдлийг тооцсон. Бусдаар бол урсгал зардлыг аль болох хэмнэх, илүү зардал гаргахгүй байх тал дээр нэлээд хичээж ажилласан. Төсөвт байгууллагуудын зардлыг 2018 оныхтой адил байлгана.
Гол анхаарлаа хандуулж байгаа зүйл нь хөрөнгө оруулалтын асуудал. Бидний 2018 онд тавьсан зорилт нь Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хангамжийг хэвийн болгох. Сүүлийн 20-иод жил сургууль цэцэрлэгийн хангамжийн асуудлыг ярьж байгаа ч үүнийгээ иж бүрэн байдлаар шийдэхээр УИХ, Засгийн газрын түвшинд ярилцаад сургуулийг хоёр ээлжид шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэхээр болсон. Ингээд өнгөрсөн жил баригдсан 100 гаруй цэцэрлэг, 100-гаад сургуулийн барилгын ажлыг 2019 онд гүйцээнэ.
Хоёрт, Улаанбаатар хотыг хүн амьдрахад хамгийн ээлтэй хот болгоно. Энэ хүрээнд явган хүний замын тохижилтыг сайжруулж, зам, талбайг чөлөөлж, иргэн дугуйгаар, явганаар зорчиход аюулгүй хот болгохыг зорьж байгаа. Хотын гэрэлтүүлэг ногоон байгууламж зэрэгт анхаарал хандуулж, нэлээд хэмжээний мөнгө төлөвлөсөн.
-Татвар нэмэгдэх үү?
-Хот өөрөө татвар тогтоох эрхгүй. Гэхдээ ямар ч татвар, хураамж нэмэгдэхгүй.
-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухайд, хэчнээн газрыг дуудлага худалдаагаар худалдах вэ?
-Улаанбаатар хотод газрын асуудал хүндрэлтэй байдаг. Тиймээс бид ямар газрыг иргэн, аж ахуйн нэгжид хэр хэмжээний газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх, дуудлага худалдаагаар худалдах, хэдэн төгрөгийн орлого олох зэргээ дэлгэрэнгүй тооцоолсон.
-Харин хэчнээн объект хувьчлах вэ?
-Хувьчлах объектын тухайд хотын төр захиргааны байгууллагыг шинэ байр руу нүүлгэхтэй холбоотойгоор хотын төвд байрлаж байгаа захиргааны байгууллагын байрыг худалдаад тэр мөнгөөр нь шинэ захиргаа барина. Ингэснээр Улаанбаатарын түгжрэл, агаарын бохирдол буурах томоохон арга хэмжээ болно. НИТХ, Засаг даргын тамгын газар, захиргааны 33 агентлаг хотын зах руу нүүнэ. Он гарангуут дуудлага худалдаа явуулна.
-Концессоор хэдэн объект барих вэ?
-Концессын хуульд 2016 онд өөрчлөлт орж, нийслэлд барих, шилжүүлэх концессын жагсаалт хийхийг хориглосон. Өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөгийн концессын зүйлийн өрөө төлж дуусгасан. Ер нь концессоор юу барих ёстой вэ гэдэг нь чухал. Тиймээс зайлшгүй төр, хувийн хэвшил хамтран хийх объектыг барих ёстой. Энэ үүднээс 10 гаруй объект оруулсан. Эдгээр нь барих, ашиглах, шилжүүлэх жагсаалт байгаа. Үүнд стадион, томоохон хурлын танхим, шарил хадгалах газар зэрэг багтаж байгаа.
Холбоотой мэдээ