Ардчилсан намын “зодоон” саарал ордоноос хальж, дунд доод шатныхандаа хүртэл халдварлах болсон байна. Тухайлбал, СХД-ийн Ардчилсан намын хорооныхон хоёр хуваагдан, талцсаар багагүй хугацаа өнгөрлөө. Сар шинийн өмнөх өдөр буюу битүүнд тус намын байрны хаалга үүдийг эвдэн орсон хэрэг гарсан бөгөөд энэ талаар СХД-ийн Ардчилсан намын ХЭГ-ын дарга Ч.Төмөрөөс тодрууллаа.
-СХД-ийн Ардчилсан намын хороо хоёр “толгойтой” болоод багагүй хугацаа өнгөрлөө. Сар шинийн үеэр ахмадуудаа хүлээж авахдаа хүртэл хоёр хуваагдсан сураг байна. Ингэхэд СХД-ийн Ардчилсан намын жинхэнэ дарга хэн бэ?
-СХД-ийн Ардчилсан намын хорооны хууль ёсны дарга бол Ө.Пүрэвбаатар. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон намын хорооны удирдлагыг сонгох хурлыг дүрмийн бус гэж Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо үзсэн байгаа. Ардчилсан намын дүрэмтэй холбоотой асуудлыг шийддэг ганц хууль ёсны байгууллага бол Хяналтын Ерөнхий хороо. Энэ хорооны гишүүдийг намын их хурлаар сонгодог юм. Түүнээс хэн нэгэн дарга, геснсек энэ хороог байгуулдаггүй.
-Ш.Одгэрэл “би намын дарга” гээд яваад байгаа юм биш үү?
-Ш.Одгэрэлийг дүрэм зөрчин хуралдаж намын даргаар сонгосныг Хяналтын ерөнхий хороо хууль бус шийдвэр гэж үзсэн. Тэгэхээр тэр хүн СХД-ийн Ардчилсан намын хорооны дарга гэж яваад байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.
-Битүүний өдөр танай намын байранд хэсэг хүмүүс халдсан гэх мэдээлэл байгаа. Хэн ямар зорилготойгоор халдсан юм бэ?
-Чоно борооноор гэж монголчууд ярьдаг. Яг тийм л үйлдэл болсон. Сар шинэ болох гээд хүмүүс бүгд л гэр орноо цэвэрлэх, идээ будаагаа блэтгэх их ажлыг далимдуулан намын байрыг хэсэг залуус эвдэж орсон. Энэ талаар хүмүүс надад хэлсэн. Яваад очтол хорь орчим тооны залуус манай намын байрын үүдийг эвдлээд орчихсон зогсч байсан. Зүс танихгүй тэр залуучуудад хандаж, юу болоод байгааг нь лавласан. Хоёр давхарт Одгэрэл гараад суучихсан, намайг дээш нь гаргахгүй байсан. Тиймээс СХД-ийн цагдаа нарыг дуудсан. Цагдаа нар ирчихээд намын дотоод асуудалд бид оролцохгүй гээд аваад өгсөн. Тиймээс би дэд дарга Даваажав болон бусад хүмүүсээ дуудаад Ш.Одгэрэл дагуулж ирсэн залуусыг намынхаа байрнаас гаргасан.
-Цагдаа нар яагаад тоогоогүй юм бол?
-Мэдэхгүй ээ, бид нарт хамаатай асуудал биш гэсэн. Хамаагүй асуудал биш байгаа юм. Нэгдүгээрт намын өмчид хууль бусаар халдсан, хоёрдугаар манай намын гишүүдийн мэдээлэл тэнд байсан. Хувь хүмүүсийн мэдээлэлд халдана гэдэг нууцын асуудалд халдсан гэсэн үг. Нөгөө талаар, тэд намын данс руу халдсан гэх мэдээлэл байгаа. Тиймээс дахин бид цагдаа, шүүхэд хандана.
-Та нар өөрсдөө хаалга үүдээ эвдээд орсон юм биш үү. Ийм мэдээлэл гараад байгаа шүү дээ?
-Энэ бол Ш.Одгэрэлийн зохион байгуулалттай тарааж байгаа худлаа мэдээлэл. Тэдний намын байр руу дайрч орж байхыг би утсандаа бичиж авсан. Энэ бичлэгээ олон нийтэд цацаж болно.
-Нэг намынхан хэрнээ учир зүйгээ дотроо ярилцаад шийдвэрлэж болдоггүй юм уу?
-Харин болохгүй байна. Ш.Одгэрэл бол аливаа асуудлыг хууль бусаар л шийдэх дуртай хүн юм.
-Намын даргадаа хандсан уу?
-Одоо бүх зүйлийг нь баримтуулж байгаад хандана гэж бодож байна. Ш.Одгэрэлийн ард Л.Эрхэмбаяр, Гантөмөр хоёр байгаа. Тэр хоёрын хийж байгаа ажил. Уг нь намын генсек хүн аливаа асуудалд эв эвийг хичээх, хангах талаар анхаарч ажиллах ёстой юм. Түүнээс гишүүдээ хоёр хуваагаад талцуулаад байвал АН-д сайн юм авчрахгүй.
О.САР