Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойд
Энэ өдрүүдэд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах улсаа тунхагласны ойтохиож байна. Уг түүхэн үйл явдлын учир утгыг яриулахаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан, хуульч, улс төрч судлаач В.Удвалыг зочноор урьсан юм.
-1924 онд болсон Монгол Улсын Их Хурал анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Энэ хууль нь БНУ-ыг тунхаглаж, түүний үндэс тулгуурыг бэхжүүлсэн бөгөөд Монголын шинэ эрх зүйн суурь болсон анхны гол хууль мөн гэдгээрээ XX зууны үеийн түүхэн үйл явдал гэж үздэг гэдгийг бараг хүн бүр мэднэ л дээ. Тэгэхээр Та энэ утга санааг тодотгож цааш нь Үндсэн хуулийг өөрчлөн шинэчилж ирсэн байдлыг судлаачийн хувьд хэрхэн дүгнэж хэлэх вэ?
-Үндсэн хууль гэдэг бол тухайн улс орны тулгуур багана нь байдаг. 1924 оны анхдугаар үндсэн хууль нь дэлхий дахинд Үндсэн хууль гэж юу байдаг вэ? Яг л тэр хүрээнд бүтээгдэж батлагдсан. Түүнээс хойш манай улс дөрөв дэхь Үндсэн хуулиа шинэчлэн батлаад байгаа юм. Үндсэн хуулийн судалгаанд үечлэлийг хэд хэдэн аргаар авч үздэг.
Хууль батлагдсан он дарааллаар 1924 оноос эхлээд 1940, 1960, 1992 он гэж үечилж болдог. Нөгөө утга нь гэвэл Үндсэн хуулийн шинж чанар ямар байгаа, энэ нь ямар хууль вэ? гэдгээс нь шалтгаалан үечилж үздэг. Энэ аргаар үзэх юм бол Үндсэн хуулийг бүхэлд нь 1924-1990 он хүртэлх социалист хэв маягийн, 1990 оноос хойших үеийн ардчилсан үеийн гэж хуваадаг. Тэр дотор 1992 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр суурь үндсэнд нь нөлөөлөх шинэчлэлийг хийж чадсан гэж үздэг. Гол үр дүн гэвэл төрийн зохион байгуулалттай холбоотой ойлголтыг бүхэлд нь өөрчилсөн. Төр бол нэг ангиас нөгөө ангиа дарангуйлдаг зэвсэг юм гэж үздэг байсан үеийг өөрчилж чадсан. Төр бол нийгмийн зохион байгуулалтын хэлбэр гэдгийг тод зааж өгсөн. Нөгөө талаар төр нь өөрийгөө удирдан зохион байгуулахдаа ардчилалтай байх олон шинэчлэлийг бий болгосон. Үүнийг онолын үүднээс тайлбарлавал 1990 оноос өмнө эрх мэдэл нэг гарт төвлөрдөг байсан бол түүнийг гурван хэсэгт хувааж нэг нь нөгөөгөө хянаж, тэнцвэрт байдлаа хангахдаа хүний эрх, эрх чөлөөг баталгаатай байлгах Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчим бий болсон. Мөн төрийн эрх мэдлийн хуваарийг нарийн гаргаж хууль тогтоох гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг бий болгосон. Нэг нь нөгөөгөө хянаж тэнцвэртэй байдлыг хангах механизмыг бий болгож чадсан юм.
–Шинэ Үндсэн хуулийн нэг гол өөрчлөлтөд өмчийн тухай ойлголт нэг шинэ зүйл гэдэг дээ?
-Тийм л дээ. Өмч гэдэг бол улс орны эдийн засгийн үндэс суурь нь. Тэгэхээр Монголын эдийн засгийн үндсэн суурь, үнэт зүйл нь юу юм бэ? гэхээр иргэн хүн хувийн өмчтэй байхыг хүлээн зөвшөөрсөн нь 1992 оны Үндсэн хуулийн гол зүйл. 1924 оны Үндсэн хуульд хувийн өмчтэй байхыг хориглосон байдаг. Үүнийг бүрэн өөрчилж хувийн өмчийг хүлээн зөвшөөрснөөрөө шинэ Үндсэн хууль онцлог. Өмч гэдэг бодит ойлголтоор заавал харагдаж байдаг бодит зүйл биш харагддаггүй ч хүний өмч гэх юм байдаг юм шүү гэдгийг тодорхой зааж өгсөн. Үүнийг энгийнээр тайлбарлабал би Таван толгойн ордоос 1072 хувьцаатай, түүнд тохирох нүүрс миний өмч гэж бодох нэг өөр.
Энэ нь нийгмийн харилцаа өөрөө өмч юм гэдгийн илэрхийлэл болж байгаа юм. Нөгөө талаас төрийн тухай ойлголт ч ардчиллын харилцааг бий болгож өгсөн. Цаашлаад олон намын системтэй байхыг ч хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд 1990-1992 он гэсэн богинохон хугацаанд шинэ хуулийн дагуу өөрчлөлтүүдээ хийгээд туршаад үзсэн. Маш чухал зарчмуудыг бий болгосон 1992 оны Үндсэн хуулийн дараа гарсан УИХ-ын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль гээд маш олон сайн сайн хуулиуд гарсан. Гэвч өнгөрсөн 28 жилд Үндсэн хуулиа, түүнд заасан зарчмынх нь дагуу хэрэгжүүлэхэд алдаа их гарлаа. Энэ нь салбар хуулиудыг боловсронгуй болгоход субьектив санаа бодлоор хандаж, алив асуудлыг шийддэгээс Үндсэн хуулийн зарчим, тодруулж хэлбэл бидний цаашаа явах зам гажуудах тал их байгаа юм. Өөрт ашигтайгаар хийх гэдэг буруу арга бүх юман дээр хуулийн зарчмыг алдагдуулаад байна гэж хэлж болно. Үндсэн хуулийн өөрчлөлтийг буруу хийх юм бол улс орны хөгжилд хөтөч болох биш саад болдог. Ер нь 1992 оны Үндсэн хуулийн заалт ийм байна тийм байна гэж гоочилж ярьсаар байтал зарчмын асуудлууд нь бүдгэрч байна. Үүний улмаас одоогийн улс төрийн хүнд байдал бий болж байна шүү дээ.
АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТЛАСНААР УЛС ТӨРИЙН ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАЖ ҮНДСЭН ХУУЛЬТ БАЙГУУЛАЛД ШИЛЖСЭН
–Уучлаарай. Бид танд нэг эргэн буцсан асуулт тавих гэж байна. Энэ юу вэ? гэвэл Үндсэн хуулийг маань 1992 оноос өмнөх гурван үед тухайн цагтаа үүргээ гүйцэтгэж ирсэн сайн талтай, бас гажуудалтай нь ч бий гэдэг. Энэ талаар жаахан тодруулж хэлнэ үү?
-Үндсэн хуулиас эхлээд бүх хууль Монголын улс төрийн түүхэнд мөрөө үлдээж ирсэн л дээ. 1924 оны анхдугаар Үндсэн хуулийн хамгийн гол үр дүн бол Бүгд Найрамдах Монгол Улс бий боллоо гэдгийг тунхаглан зарласанд оршино. Энэ бол Монголын түүхэнд үлдээсэн хамгийн тод мөр. Мөн олон сайн зүйл тэнд байгаа. Бүгд найрамдах улс бий болсон учир ард нийтээр, бүгдээрээ найрамдаж төр улсаа төвхнүүлнэ. Өөр олон ач холбогдол бий. Тэрний нэг нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд сонгуульд тэгш эрхтэйгээр оролцох эрхийг хангаж өгсөн. Тухайн үед АНУ-д хүртэл эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрөөгүй байсан цаг шүү дээ. Манай улсад тэгш эрхийн зарчим биелэлээ олсон төдийгүй Монгол Улс хүн төрөлхтний хөгжлийн жам ёсноос хазайж олон жилийг туулсан ч Азийн орнуудаас бараг хамгийн түрүүнд улс төрийн тусгаар тогтнолоо тунхаглаж Үндсэн хуульт байгуулалд шилжсэн юм. 1940 оны Үндсэн хууль улс орны хөгжлийн зам мөрийг улам тодотгож өгсөн гэж болно. Тэгвэл 1960 оны хууль социалист чиг баримжаагаар нийгмийг хөгжүүлэх хүчин зүйлийг бий болгож өгсөн. Ингэхлээр улс орны хөгжлийн аль ч шатанд Үндсэн хуулийн үүрэг роль өндөр байсан юм. Энэ бол анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эдийн засгийн бүрэн тусгаар байдлыг бий болгох хууль зүйн үндсийг тавьж өгсөний үр нөлөө гэж судлаачид үздэг юм.
–Тийм байж. тэгвэл алдаатай тал нь юу байсан бэ? гэсэн асуулт бас байх юм. Анхдугаар Үндсэн хуульд гэхэд түүхийн хугацаанд гэрчлэгдсэн сөрөг тал байсан гэдэг юм билээ. Б.Чимэд гуай нарын судлаачид бусдын эзэгнэлээс дөнгөж гарсан буурай хөгжилтэй орнуудын өмнө дэлхийн нийгмийн жишиг ардчилал, зах зээлийн гэх жам ёсны хөгжлийн эсхүл нийгэм журмын зам гэсэн хоёр сонголт байсан. Тэгвэл 1924 оны Үндсэн хуулиар хоёр дахь замыг сонгосон нь төөрөгдөл байлаа гэсэн байдгийг уншсан юм байна. Энэ талаар таны үгийг сонсье гэж бодлоо?
-Анхны Үндсэн хууль нь Ардын засаг гэсэн сайн томьёоллыг гаргаж ирсэн боловч ангийн ялгаа гэдэг ухагдахууныг бий болгосон. Феодлууд бас хөрөнгө чинээтэй хүмүүс гэж ялгаварлаад эхлэхээр улс орны хөгжилд өөрчлөлт орсон гэж үздэг. Тэр өөрчлөлт дарангуйлалыг бий болгож төрийн эрх мэдэл нэг байгууллагад төвлөрөх байдлыг даамжруулсан юм. Мөн олон ургальч үзлийг хааж байлаа. Энэ нь улс орны хөгжилд саадтай байсан. Харин 1940, 1960 оны Үндсэн хууль бол улс орны бүтээн байгуулалтад асар их түлхэц өгсөн. 1990 он гэхэд Монгол Улс хөнгөн, хүнсний үйлдвэр нь хөл дээрээ босчихсон байсан шүү дээ. Мал аж ахуйгаас авах түүхий эдээ бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийж байлаа. Гутал гээд жишээлэхэд гоё сайхныг нь Чехээс авдаг байсан болохоос биш ард олныхоо хэрэглээг хангаж чадаж байсан л даа. Үүний илрэл нь Монгол орныг үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болох хэмжээнд аваачсан гэж болно.
Гэвч эцэст нь хувийн өмчийг бий болгох тэр шилжилтэд зөвхөн бодит өмчийн сэтгэлгээгээр хандаж өмч хувьчиллыг явуулсан нь том алдаа болсон. Хүн бүр нэг том байшин авбал л болно гэж эндүүрсэн. Тэнд нь ажиллаж байсан мэргэжлийн хүмүүсийг гудамжинд гаргасан. Тэр гутал хийдэг хүмүүс, савхи шевро үйлдвэрлэгчид бол капитал юм шүү гэдгийг ойлгоогүй. Тиймээс ажилгүйдэл, ядуурал эндээс эхэлсэн гэж үздэг. Нөгөө том байшин авсан нөхөд тэнд дэлгүүр, гуанз, ломбард л олныг бий болгосон. Ийм алдаа хийгээгүй бол өнгөрсөн 28 жилд тодорхой хөгжилд хүрэх байлаа. Гэтэл бидэнд сэтгэлгээ дутаж хөгжилд хүрэх тэр цаг маань хойшилсоор байна. Харамсалтай л байгаа юм.
ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ…
–Үндсэн хуульд нийгмийн хөгжлийн явцыг дагаад өөрчлөлт заавал байдаг юм шиг байна л даа. 1940, 1960 оны мөчлөгүүдэд хэд хэдэн удаа өөрчлөлт хийсэн гэдэг юм билээ. Тийм үү?
-1940 онд Үндсэн хуульд хийсэн нэмэлтийн гол зүйл нь сонгуулийн системд хийсэн өөрчлөлт байв. Тэгвэл 1960 оны өөрчлөлтөд нэг намын удирдан чиглүүлэх үүргийг баталгаажуулсан асуудал байсан ч гэлээ БНМАУ-ын гол зорилго бол социализмыг төгс байгуулж цаашдаа коммунизм байгуулах явдал мөн гэж тусгасан нь хөтөлбөрийн чанартай заалт байсан юм. Гэхдээ энэ хөтөлбөрийг нэг намын үзэл сурталжсан заалтаар хэрэгжүүлэхийг оролдсон явдал эцэстээ нийгмийн хөгжлийн хувьд буруу сонголт байсныг ухааруулсан гэж болно. 1992 оны шинэ Үндсэн хуулийг бид хоёр удаа өөрчилсөн юм. Энд сайн зүйл ч бий муу үр дагавартай зүйл ч бий. Эхнийх нь 1999 онд хийсэн нэмэлт. Үүнийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Гэтэл 2000 оны сонгуулиар улс төрд гарч ирсэн шинэ бүрэлдэхүүн өмнөх өөрчлөлтөд ямар ч үг үсэг, утгын засваргүйгээр УИХ-д оруулаад баталчихсан.
–Үүнийг чинь Үндсэн хуульд хийсэн дордохын долоон өөрчлөлт гэж нэрлээд байдаг биз дээ?
-Энэ өөрчлөлт дунд ганцхан л асуудал байдаг. Тэр нь юу вэ гэхээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байх сонирхол. Түүнийг баталгаажуулж авсан нь дордохын долоон өөрчлөлтийн эхлэл болсон. Энэ үед би Үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан учир түүхийн гэрч л дээ.
–Та түрүүнд өмнөхөн нь Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон өөрчлөлтийг ямар ч засваргүйгээр батлуулчихсан гэж хэллээ. Ингэж болдог юмуу?
-Болохгүй ээ гэж хэлэхийн завдалгүй болсон юм. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль, мөн УИХ-ын дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болох заалтыг оруулсан байлаа. Үүнийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон байсан юм.
–Одоо төр, засгийнхан энэ улс төрчид юм л бол Үндсэн хууль болохгүй байна. Өөрчилнө гэж ярих болсон. Ярихаар ч барахгүй төслөө бүх ард түмнээрээ хэлэлцүүлчихсэн гээд хэзээ язаагүй УИХ-аар хэлэлцэнэ гэж байгаа. Энэ талаар таны бодол…?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн нэг хэсэг байдаг. Нэг хэсэг нь нэмэлт өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй гэцгээдэг. Миний хувьд нэмэлт, өөрчлөлт хэрэгтэй гэдэг байр сууринд зогсдог хүн. Өөрчлөлт хийхээс өөрцгүй заалтууд ч бий. Гэхдээ өөрчлөлтийг хийхдээ судалгаанд тулгуурласан үзэл баримтлалыг гаргаж түүндээ уялдуулсан өөрчлөлтийг хийх учиртай. Гэтэл одоог хүртэл тийм концепци байхгүй байна. Үзэл баримтлалгүй бол аль заалтыг яаж өөрчлөх шаардлага байгаа нь харагдахгүй л дээ. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийнхний ажлыг сайн үр дүнд хүрнэ гэдэгт эргэлздэг. Ялангуяа аль нэг нам, бүлэглэлийн ашиг сонирхол өөрчлөлтөд нөлөөлөх юм бол түүнийг дагасан асуудлууд буруу явахад хүрнэ. Иймээс улс төр судлаач залуучууд маш сайн судалгаа хийж байна. Түүнийг анхаармаар байгаа юм. Үндсэн хууль судлаачид, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсмоор санагддаг. Гэтэл эдийн засагч, багш, малын эмчийн үндсэн мэргэжилтэй нөхөд Үндсэн хуулийг өөрчилье гэж хашгираад байгаатай би санал нийлдэггүй. Үндсэн хууль гэдэг хувь хүний ашиг сонирхолтой уялддаг зүйл огт биш. Суурь зарчим нь нийгмийн ашиг сонирхол, үйл хэргийн төлөө байх ёстой л доо.
–Одоо Үндсэн хуулийн шинэчлэх ажлын хэсгийнхэн өмнөх дордуулсан долоон заалтынхаа гурвыг сэргээсэн гэж ярих юм билээ. Та энэ талаар юу хэлэх вэ?
-1999, 2000 оны өөрчлөлтөөр бид ардчилллын зарчмаа шууд унагаасан. Учир нь УИХ-ын дарга, дэд даргатай холбоотой санал хураалтыг далд явуулдаг байсныг ил болгосон. Энэ нь өөрөө ардчилллын зарчим биш болж байгаа юм. Яагаад гэхээр ардчилалын зарчим бол санал хураалт дандаа далд байх учиртай. Одоогийн өөрчлөлт хийх гэж байгаад эргэж буцсан юм их харагдаж байх шиг. Тухайлбал УИХ-ын чуулганы хугацааг 50 хоног болгосон байсан бол шинэчилж 75 болгоно гэж байх юм. Энэ өөрчлөлтүүд амьдралд нийцтэй биш нь харагдаж байна. Тиймээс дахиад ингэж будилахгүйн тулд үзэл баримтлалаа гаргаад судлаад өөрчлөлт оруулахыг хүсч байгаа юм. Уг нь өмнө нь эдгээр асуудлууд байсан юм.
–За тэгвэл нэмэлт, өөрчлөлтийг үзэл баримталаа гаргаад зөв шийдэж хийх нь чухал юм байна гэж таны ярианаас ойлголоо. Харин уг өөрчлөлт төрийн тогтолцооны суурь зарчмыг хадгалж чадаж байна уу. Үгүй юу гэдэг гол нь байх нээ дээ.?
-Нэммээр байна, өөрчилмөөр байна гээд л өмнө өөрчилсөн шүү дээ. Үүнийхээ зөв бурууг олж харахын оронд төр, засгийнхан дураараа аашлах нь их байна. Засгийн газар огцор гэх юм. Юунаас болов гэхээр элдэв алдаа дутагдал ярих юм. Гэхдээ Үндсэн хуулийн гол зарчмаа мартах юм. Санаа нь УИХ-ынхан бүгд сайд болж үзэх нь л дээ. Энэ сонгуулийн хугацаанд нэг Засгийн газар огцорсон. Шинэ засгийн газар байгуулж нэг хэсэг УИХ-ын гишүүн сайд төрсөн. Одоо огцорвол үлдсэн нь бас сайдын суудалд очих нь. Ийм тоглоомын юм байж болохгүй л дээ. Сайд нар нь бүгд УИХ-ын гишүүн байхаар Засгийн газарт УИХ хяналт тавих боломж муудаж байгаа юм. Хяналтын тэнцэл гэж алга. Ер нь нэг танхимтай парламенттай байгаа нөхцөлд Засгийн газар нь УИХ-ынхаа гадна байгуулагдсан байх нь зохимжтой байдаг. Харин зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байж болно. Энэ зөв хувилбар гэж боддог.
ШИНЭЭР ГАРГАЖ БАЙГАА ХУУЛИУД НЬ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ ЗАМЫГ НЬ ХААГААД БАЙНА
–Сүүлийн үед засаглалын талаар их ярих боллоо. Бид засаглалаа өөрчилснөөр улс төр нийгмийн энэ олон асуудал шийдэгдэнэ гэж байх болов уу?
-Улстөрчид парламент гэдгийг юу гэж ойлгож байна гэхээр буруу хэрэг хийчихээд тэнд ороод суувал намайг хөдөлгөж чадахгүй юм байна. Хоёрдугаарт төсөв гэж баахан мөнгө баталдаг юм байна. Тэрнээс нь би хувааж авахад оролцож болох юм байна гэж хардаг. Ийм сэтгэхүйгээр хандаад байх юм бол энэ улс орон нураад унана шүү дээ. Одоо нүдэн дээр нураад эхэллээ. Би парламентын засаглалыг дэмждэг хүн. Монгол хүний сэтгэлгээнд сайн удирдагч чухал гэдэг ойлголт байдаг. Гэхдээ Үндсэн хууль баталж байхад ажиллаж, гал тогоог нь барилцаж байсан хүний хувьд парламентын засаглал ямар чухал болох, яагаад өнөөдөр ардчилсан орнууд үүнийг хүсэмжилж үүний төлөө явдаг юм бэ гэдгийг ойлгосон. Нэг хүний гаргаж байгаа шийдвэр 76 хүний гаргаж байгаа шийдвэр яаж ч бодсон ухаантай хандвал 76 хүн асуудалд арай өөр байна даа. Харамсалтай нь Намуудын тухай хууль, УИХ-ын тухай хууль зэрэг шинээр гаргасан хуулиуд нь парламентыг дэмжих нь битгий хэл түүнийхээ замыг хаагаад байна. Ингэж цаашаа явбал Монгол Улсын парламент түүхийн тавцангаас арчигдана л гэсэн үг. Тэгэхээр парламентын засаглалтай байх нь хамгийн чухал юм. Энэ засаглалыг өнөөдөр ийм дампуу байдалд оруулчихаар хүмүүс ер нь Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зүгээр юм уу гэж хараад байна. Цаашдаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулбал парламентын засаглалаа бэхжүүлэх л хэрэгтэй.
–Гэхдээ нам бүхнийг шийдэж байгаа нь зарим талаар алдааны эхлэлийг тавьж байгаа юм биш үү?
-Өнөөдөр манай улстөрчид өөрийгөө хянах чадваргүй болчихлоо. Энэ асуудлыг хуульд хийж өгөх шаардлагатай байлаа. Улс төрийн нам сонгуульд бид ялах учиртай, ялахын тулд мөнгө цуглуулах ёстой гэж яриад байдаг. Энэ буруу жишиг. Улс төрд мөнгөгүй бол чи цаашаа гэдэг. Улс орныхоо төлөө өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ зориулах гээд ирэхээр мөнгөгүй гэсэн хаалтыг улс төрийн намууд бий болгоод байна. Ер нь буруу аргаар мөнгө цуглуулна гэдэг парламентын засаглалтай оронд парламентаа унагааж байгаа хэрэг. Мөн одоо ямар ч намд дотоод ардчилал гэж алга. “Энэ буруу яваад байна” гэж хэлсэн хүнийг шахдаг хавчдаг, хөөдөг ийм л байдалтай байна. Дотоод ардчиллыг хөгжүүлээд буруу зүйл хэлсэн хүнээ дээш нь дэмждэг тийм л орчныг бий болгох юм бол энэ нь эргээд парламентыг засаглалын гол зарчим болно. Намуудын өөрчлөлтийг хийхгүйгээр юу ч сайхан болохгүй гэдгийг өнөөдөр бид харж байна. Нам гэдэг мөнгөтэй хүмүүсийн бөөгнөрөл бүлэглэл болж хувирлаа. Хэн сайн зодолдож чадаж байгаа нь хэн мөнгөтэй нь гарч ирдэг ийм л болсон.
–Улс төрийн намын санхүүжилт буруу яваад байна гэдэг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Улс төрийн намуудын санхүүжилт өнөөдөр маш буруу байна. Төрөөс 65 суудал авсан намд мөнгө өгөөд байна гэж ярьж байна. Энэ мөнгө хаашаа юу руу орж байгаа юм. Ямар ч намын гишүүн энэ мөнгөний зарлуулалтыг ярихгүй байна. Гишүүд тойрогтоо мөнгө хуваарилуулж байна. Жирийн улс төрийн намын гишүүн тэр найман тэрбум төгрөгтэй гишүүнтэй өрсөлдөх нь л дээ. Хүний ухаанд багтаж байна уу. Өрсөлдөх боломжгүй шүү дээ. Энэ нөхцөл байдлыг таслаад тэгш эрхийнх нь зарчмаар явмаар байгаа юм. Намын санхүүгийн баримтыг хянадаг механизм байх хэрэгтэй. 150 тэрбумыг сонгуульд зарсан гэдэг асуудал яригдаад түүнийг нь шалгадаггүй. Сонгуулийн санхүүгийн тайланг ТББ-ууд шалгахаар зүгээр л тулгасан тоонууд гардаг. Мөн намууд дуртай үедээ өөрсдөдөө тааруулж Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Өнгөрсөн сонгуулиар гэхэд сонгууль болохоос бараг хоёр сарын өмнө өөрчлөлт оруулсан. Дэлхийн бусад оронд хэзээ ч ийм жишиг байдаггүй. Хүмүүсийн өмнөөс ичнэ гэдэг үнэндээ л хэцүү юм байна. Ийм бусармаг аргаар төрийн эрхийг барихгүй л дээ.
–УИХ-д Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлдэггүй гишүүд олон байна. Тэднийг эгүүлэн татах үндэслэл ч алга юм даа?
-Эгүүлэн татах бололцоогүй эрх зүйн орчинд амьдарч байна. Гэмт хэрэг үйлдэж байвал үйлдэл дээр барих юм бол тэр хүнийг түдгэлзүүлэн шалгана гэсэн ганцхан заалт бий. Түүнээс бусад тохиолдолд эгүүлэн татах заалт байхгүй байна. Уг нь АН-ын үед гурван гишүүнийг шууд шоронд аваачаад хорьж болж байсан. Түүнээс хойш ингэчихдэг юм байна гээд хуульд байсан зүйлүүдийг өөрсдөдөө зориулж хассан. Ийм л асуудал үүссэн байгаа.
БҮХНИЙ ДЭЭР БАЙХ ГЭСЭН СИСТЕМИЙГ БИД 1990 ОНЫ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР ХАЛСАН
–Үндсэн хуулийн цэц гэж байгуулагдахаас өмнө Үндсэн хуулийн эрх ашгийг яаж хамгаалж байсан бэ?
-1940,1960 оны Үндсэн хуулийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг прокурор, шүүхийн байгууллага нь хянадаг байлаа. 1992 оны Үндсэн хуулийн бас нэг баталгаа нь юу байсан гэхээр суурь зарчмуудыг тогтоосон. Үндсэн хуулийг зөрчвөл яах вэ? гэдэгт хариулах дээд хяналтыг бий болгосон. Бусад орнуудад бол Дээд шүүх нь хянаад явчихдаг нь ч, тусгайлсан шүүх байгуулаад манай Үндсэн хуулийн цэц шиг үйл ажиллагаа явуулж байгаа нь ч байна. Зөвлөлийн журмаар хянадаг асуудал ч байгаа. Манайх Үндсэн хуулийнхаа баталгааг бий болгох гэж Үндсэн хуулийн цэцийг байгуулсан. Үндсэн хуулийг зөрчиж байгаа тохиолдолд авч үздэг. Цаашдаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн цэцийн хэсэгт өөрчлөлт оруулмаар байгаа юм. Одоо бол Үндсэн хуулийн цэц нь УИХ-ын гишүүдийн баталсан хууль, Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг, Засгийн газрын гаргасан шийдвэр гээд төрийн эрх мэдлийн байгууллагуудын Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг авч үзээд түүнийг нь хүчингүй болгоод явж байна. Хоёрдугаарт сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр, олон улсын гэрээ конвенц гэж байна. Гуравдахь нь эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудыг удирдаж байгаа хүмүүс буюу УИХын дарга, гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн хийж байгаа үйлдэл нь Үндсэн хуулийг зөрчиж байвал Үндсэн хуулийн цэц нэг удаа дунд суудлынхаа хуралдаанаар шийдвэр гаргана. Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг мөн хэлэлцэнэ. Олон улсад бол бас нэг эрх хэмжээ байдаг нь жирийн иргэн хүн миний Үндсэн хуульд заасан эрх ингээд зөрчигдөж байна гэвэл түүнийг авч үздэг. Манайд бол тэр механизм байхгүй байна. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Цэцэд жирийн иргэн эрхийнхээ талаар гомдол хүргүүлдэг байх тэр зарчмыг нэмж өгөх хэрэгтэй.
–Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж үг бий. Одоогийн цэцийн үйл ажиллагаа тэр зарчмаар явж байна уу?
-УИХ-аас томилогддог хараат бусаар ажиллах ёстой. Гэтэл сүүлийн үеийн томилгоонууд бус, манай намд тэдэн жил, тийм ажил хийж байсан гэсэн үндэслэлээр нэр дэвшүүлж байх шиг. Энэ буруу л даа. Би Үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан учраас цэц муу ажиллаж байна гэж хэлэх эрх надад байхгүй. Гэхдээ цэц болон УИХ-аас байгуулж байгаа байгууллагуудад юу ажиглагдаж байна гэхээр “Би чамайг томилсон шүү дээ. Чи наад асуудлаа тэгж шийд” гэх мэтээр хандах хандлага бий болоо юу даа гэсэн бодол төрдөг. Саяхан Монгол Улсын Ерөнхий аудиторыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад УИХ-аас Аудитын газрын даргыг томилсон. Тэгэхээр сонгуулийн дараа өөрийнх нь санхүүгийн асуудлыг хянах хүнийг томилно гэдэг ашиг сонирхол юм шүү дээ.
–Үндсэн хуульд дээд гэсэн ойлголтууд байдаг л даа. Төрийн эрхийг барих дээд байгууллага гэж хэлдэг, бичдэг. Агуулгаараа энэ нь ямар хэмжээнд байх ёстой юм бэ?
– Яг энэ үгээр өнөөдөр УИХ томроод байна. Яагаад гэхээр “Би дээд байгууллагын гишүүн” гэдэг. Яг үнэндээ тийм биш шүү дээ. Зүгээр л төлөөллийн байгууллагын гишүүн юм. Бүхний дээр байх тэр системийг бид 1990 оны нэмэлт өөрчлөлтөөр халсан. Тэгэхээр ямар алдаа гараад байна гэхээр энд бичсэн үгээр далимдуулаад хүмүүс өөрийгөө андуураад байна. Гүйцэтгэх дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага гэж байна. Дээд шүүх гэж бий. УИХ-ын гишүүн бол тойргийнхоо иргэдийн сайн сайхан амьдралын төлөө энд сууж байгаа гэдгээ ухамсарлах ёстой. Хэрэв тэр хэмжээндээ байхгүй бол гаргасан хүнийг эгүүлээд татчихдаг баймаар байна. Тэр чинь л хамгийн гол хариуцлага юм.
УИХ ЗАСГИЙН ГАЗАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ ЮУ ГЭВЭЛ ТИЙМ. ГЭХДЭЭ ӨШӨӨ АВАХ БАЙДЛААР ХИЙХ ЁСГҮЙ
–УИХ-ын нэр хүнд унаад байна. Бүрэн эрх халдашгүй байдал гэсэн зүйл яриад элдэв хэрэг явдалд холбогдсон гишүүнээ хамгаалдаг. Тэгвэл бүрэн эрх халдашгүй байдал гэдэгт хязгаар байна уу?
-Төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэхдээ алдаа гаргавал буцаагаад татчихдаг байх ёстой юм. Прокурор УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх санал хэлээд байхад тэгэх боломж олгох хуулийн зохицуулалт байхгүй байна шүү дээ. Тийм л цэвэр юм бол шалгуулаад буцаад ороод ир л дээ. Тэгж байсан тохиолдол зөндөө бий. Тэгэхээр халдашгүй байдлын дээд хязгаарыг бид хуульдаа суулгах ёстой. Гэтэл байсан заалтыг нь засаад байвал бид хэзээ ч эргүүлэн татаж чадахгүй. Ямар тохиолдолд, ямар зүйлийг буруу хийчихвэл эргүүлэн татах, тойргийнхоо хүмүүсийн амьдралыг нь сайжруулж чадахгүй, оногдсон зүйлийг нь аваад өөрөө баяжаад байвал яах вэ гээд ёс зүй, үйлдлийн, үйл ажиллагааны маш олон зүйлийг энд хийгээд хязгаарыг нь маш хурдан гаргах ёстой. Түүнээс биш хулгай хийсэн нь энд суух эрхтэй юм байна гэсэн ойлголт бий болгож болохгүй.
–УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах санал дахин гаргаад ирлээ. Энэ юу хэлээд байгаа хэрэг вэ?
-УИХ-ын гишүүд тодорхой хувиар асуудлыг шийдээд Засгийн газрын огцруулах ёстой юу гэвэл ёстой. Тийм механизм хуульд байгаа. Ер нь УИХ өөрөө Засгийн газарт хариуцлага тооцох ёстой тийм л байгууллага. Гэхдээ үүнийг өшөө авах байдлаар хийх ёстой юу гэвэл үгүй л дээ. Одоогийн энэ процесс өшөө авч байгаа юм шиг л харагдаж байна. Бид бол юм уншдаггүй, ухаан нь урагдсан хүмүүс боллоо. Харин гаднаас ирээд харж байгаа хүмүүст бол инээдтэйгээс инээдтэй байгаа байхгүй юу. Эдний төр нь бие биенээсээ өшөө авдаг хэрэгсэл болчихсон юм байна даа гэж хараад инээж суух жишээтэй.
–Нөгөө талаас Ерөнхий сайд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярьж байна. Ийм эрх зүйн үндэс бий юү?
-Ер нь парламентын засаглалтай оронд Засгийн газрыг тэргүүлж байгаа хүний эрх хэмжээг тэнцлийг хангах хэмжээнд хийж өгдөг. Тэр Засгийн газрын тэргүүн парламенттайгаа тэнцүү эрхтэй байдаг улс орон бий. Санал гаргаад хэлэлцүүлээд огцруулах тийм эрх зүйн заалт байж болно. Одоо бол парламентын гишүүдийн 1/4-аар хэлэлцээд огцруулж болно. Тэр саналыг Ерөнхийлөгч буюу УИХ-ын тодорхой тооны гишүүд гаргана гэсэн ийм л заалт байгаа юм. Үүнийг бид боловсронгуй болгох учиртай. Парламентын засаглалтай орон учраас буруу байвал огцруулдаг тийм механизмд шилжих учиртай. Нэгэнт сонгочихсон юм чинь одоо яахав дээ гээд суугаад байж болохгүй л дээ.
–Сүүлийн үеийн улс төрийн процессыг харахад бүхий л асуудлыг Үндсэн хууль руу чихдэг болчихлоо. Манай эцэг хууль тийм олон түвэгтэй асуудал байна уу?
– Яг үнэндээ Үндсэн хуулиа уншиж үзээгүй хүмүүс л эцэг хууль руугаа дайрдаг байхгүй юу. Энэ хэдэн улстөрчдийн дунд Үндсэн хуулиа бүтэн уншиж үзсэн хүн байхгүй байх шиг. Хууль буруутай гэх мулгуу хар ухаанаар цааш явж болохгүй. Түүнээс биш уншиж үзсэн, хэрэгжүүлэхийн төлөө яваа хүн бол өнөөдөр тэгж хэлж чадахгүй. Хамгийн инээдтэй нь юу гэхээр өнгөрсөн жил Үндсэн хуулийг өөрчлөх гээд оруулж ирж байгаа асуудлууд нь энэ жил дахиад өөрчлөгдчихсөн явж байгаа байхгүй юу. Энэ чинь тоглоом юм уу. Ард түмний санал асуулгаар ингэж шийдэхээр боллоо гэж байна. Бид ард түмнийг зангидаж удирдах ёстой. Хууль тогтоогчид уншихгүй байхад ард түмэн хууль унших уу. Юу байгааг нь мэдэхгүй юм чинь яаж өөрчлөх юм бэ.
–Үндсэн хуульд хүн эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх ашгийг хохироож болохгүй гэж заасан байдаг. Нийгмийн гажуудуулж болохгүй гэж бас бий. Гэтэл өнөөдөр улстөрчдийн маргаан юу хэлээд байна вэ?
-Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийг манай бүх иргэд мэдэж байх ёстой. УИХ-ын гишүүд, Төрийн албан хаагчид тэр хэсгийн хайчилж аваад компьютер дээрээ наах ёстой. 19 дүгээр зүйлийн нэгдүгээрт иргэдийн эдийн засаг, нийгэм, хуульзүйн баталгааг төр бүрдүүлнэ гэсэн байдаг. Төр бүрдүүлнэ гэдэг нь эрх мэдэлд гарсан хүмүүс хуулиа гаргаад үүнийг иргэдэд нээлттэй байдлаар хэрэгжүүлэх боломжийг хангана гэсэн үг. Мөн 19 дүгээр зүйлийн гуравдугаарт хүн эрх эрх чөлөөгөө эдлэхдээ Үндэсний аюулгүй байдлыг, нийгмийн дэг журмыг зөрчиж болохгүй, мөн хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болохгүй гэсэн байна. Энэ гурван зүйл дээр таны эрх чөлөө хязгаарлагдана шүү гэдгийг Үндсэн хууль маань хэлж өгч байна. Үзээгүй хараагүй юм чинь үүнийгээ мэдэхгүйгээр асуудалд хандаад явах нь аргагүй шүү дээ.
ЖИРИЙН ИРГЭН ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДДАГ БАЙХ ТЭР ЗАРЧМЫГ СУУЛГАЖ ӨГӨХ ЁСТОЙ
–Сонгуулийн үеийн үр дүнгээс болоод сонгуулийн дараа баахан халаа сэлгээ хийдэг. Ах дүү, хамаатан садан, танил талаа албан тушаалд дэвшүүлдэг. Энэ байдлыг яаж халах вэ?
-Бид үүнийг хуулиар зохицуулах ёстой. Уг нь өмнө Төрийн албаны тухай хуульд энэ төрлийн зохицуулалт байсан. Үндсэн хуульд Төрийн жинхэнэ албан хаагч бол Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн, төрийн ашиг сонирхолд захирдан ажиллана гэсэн байдаг. Харин одоо Төрийн ашиг сонирхолд захирагддаг хүн байна уу. 2006 онд батлагдаж байсан төрийн албаны хуульд энэ төрлийн зохицуулалтыг тодорхой зааж өгсөн байлаа. Би тэр үед ажлын хэсэгт ажиллаж байсан. Гэтэл түүнээс хойш тухайн хуулийг засч янзалсаар байгаад сонгуулиар гарч ирсэн хүн өөрсдийнхөө ах дүү амраг садангаа төрийн албанд томилж болдог ийм л байдалтай болгосон. Сая шинэчлэн найруулсан Төрийн албаны хуульд энэ боломжийг хааж байгаа асуудал бий. Гэхдээ гажуудлыг сайн хааж чадаагүй. Манай нэг шавь “Монгол Улс маш их мөнгөтэй байна” гэж ярьж байна. Яагаад гэхээр ажиллаж байгаа хүнээ солиод өөр нэгэнд өндөр цалин өгч байна. Ажлаас халагдсан хүмүүстээ тэтгэмж олгож байна гэж ярьж байна. Үүнийг дагаад төрийн албаны нэр хүнд, төрийн төлөө, хүний төлөө байх ёс зүй алдагдаад байна.
–Хөдөө орон нутагт улстөржилт хэтэрлээ гэдэг. Үүнийг хэт намчирхлын уршиг гэж хэлж болох уу?
-Орон нутагт улс төр гэдэг зүйл айл гэр лүү орчихлоо. Өнгөрсөн нэгдүгээр сард Өвөрхангай, Архангайд сургалт хийлээ. Гэтэл нэг хүн “Манай хажуу айлын хөшигний нэг тал нь цэнхэр нөгөө тал нь улаан” гэж ярьж байсан. Иргэд маань ингэж улс төржиж байна. Өнөөдөр практик дээр сонгуулийн дараа ажилтай болчих гэсэн, сонгуулийн үеэр мөнгө олчих гэсэн сэтгэлгээ байгаад байна. Энэ нь өөрчлөх ёстой зүйлийн нэг болчихоод байна. Засаг даргын асуудлыг ард түмнээсээ хамаатай болгочихъё л доо. Одоо бол намаас төлөөлөлтэй ИТХ-аас санал болгон дээрээс томилоод байна. Үүнийг шинэчлэх шаардлагатай гэж ярьж байна. Үндсэн хуулийн өөрөө өөрийгөө удирдах зарчим энэ асуудал дээр чухал юм. Орон нутагт өөрийгөө удирдах байгууллага нь бас л мөнгөтэй хүмүүсийн хийдэг ажил болсон. Хатуухан хэлэхэд сургууль завсардаад наймаа хийж байсан хүмүүс л тэнд байгаа. Би ямар газар юу хийх гээд ирсэн бэ гэдгээ ойлгодоггүй хүн хүнийг төлөөлж чадах уу. Нөгөө талаар маш сайн бэлтгэгдсэн Төрийн албан хаагчийг нэг улс төрчийн дүү, цүнх барьсан нөхөр очоод зайлуулчихаад байна. Энэ тогтолцоог засах хэрэгтэй.
–Үндсэн хуульд иргэн хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Улаанбаатарын утаа, орчны бохирдлыг арилгаж чадахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг болох уу?
-Иргэн хүн Үндсэн хуулийн цэцэд миний энэ эрхийг зөрчиж байна гэж шууд хандаж болохгүй байна. Хүн өөрийнхөө үндсэн эрхийнхээ төлөө явах тэр хуулийн механизм байхгүй байгаад бүх асуудал байгаа юм. Өнөөдөр энэ агаарын бохирдол, энэ утаа арай л хэтэрч байна. Одоогоос найман жилийн өмнө Өмнөговь аймагт намайг ажлаар явж байхад Цогцэций сумын малчин айлын хүүхдийн нус нь гоожсон гадна талаар нь хар хүрээ татсан байсан. Энд бид утаа агаарын бохирдол гэж ярьдаг ч хөдөө орон нутагт байдал бүр дор байна. Би тэр хүүхдийг муухай гэж байгаа юм биш. Агуулгаараа хар хүрээ тогтоно гэдэг маань тэр хүүхдийн амьсгалаар юу орж байгаа хэрэг вэ. Энэ асуудал дээр бид эрхийнхээ төлөө явдаг тэр нь үр дүнд хүрдэг тийм хуулийн орчинг л бий болгох хэрэгтэй.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
Холбоотой мэдээ