Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан (НИТХ)-аар өнөөдөр /2018.11.27/ Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулах эсэх тухай хэлэлцэн, шийдвэрлэнэ.
НИТХ нь нийт 45 гишүүнтэй. Тэдний 11 нь Ардчилсан намаас, 34 нь МАН-аас сонгогдсон төлөөлөгчид юм. НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ дахь МАН-ын бүлгийн нэгэн адил мөн хоёр хуваагдсан тул хотын даргыг огцруулах эсэх асуудал Ардчилсан намын гарт байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний 11 гишүүн Ерөнхий сайдын санаачилсан хотын даргыг огцруулах саналыг үндэслэл муутай, дэмжихгүй хэмээн үзэж, кноп дарвал огцруулах боломжгүй болно.
Нөгөө талаас хотын даргыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд тавьсан нь анхны тохиолдол болж байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улаанбаатар хотын захирагчийг огцруулах эсэх тухай НИТХ хэлэлцэх байсан ч Ардчилсан нам, МАН-ын бүлгээс тус бүр завсарлага авах санал гаргасан тул хүсэлтийг нь хүлээн авч, хойшлуулсан. Харин өнөөдрийн хуралдаанаас эцэслэн шийдэхгүй бол хот төсвөө хэлэлцэх цаг хугацаагүй болно.
НИТХ -ын өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх болоход Ардчилсан намын бүлэг өмнө тавьсан Ерөнхий сайдыг өөрийн биеэр оролцож, огцруулах асуудлаа танилцуулахгүй бол бойкот зарлах эрсдэлтэй. Учир нь, НИТХ-аас хотын даргын ажлыг сайн гэж үнэлэн, 80 гаруй хувийн үнэлгээ өгсөн атал огцруулах асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Иймээс сөрөг хүчин огцруулах асуудлыг санаачилсан хүн нь НИТХ-д өөрийн биеэр оролцох ёстой. Хот бол бие даасан статустай нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Хүн амынх нь 40 гаруй хувь буюу 1.4 сая гаруй иргэн амьдардаг улсынхаа ганц нийслэлийн удирдлагыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд нь тавьсан атлаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаа өмнөөсөө явуулсан нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг үл тоомсорлосон хэрэг болж байна гэж Э.Бат-Үүл нарын төлөөлөгчид үзсэн. Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг огцруулах асуудлаа өөрийн биеэр танилцуулж, "байцаагдах" шаардлага үүсээд байгаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ