Таримал гүзээлзгэнэд зүү нуусан хэрэг анх Австрали улсад есдүгээр сарын дундуур гарч олон нийтийг цочролд оруулан, гүзээлзгэнийн тариалалтаараа тэргүүлдэг тус улсын тариаланчдыг хямралд оруулаад байсан билээ. Тэгвэл бямба гаригт /2018.11.24/ Шинэ Зеландын өмнөд арлын нэгэн хотын дэлгүүрийн гүзээлгэнээс дахин зүү гарсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. “Зүүтэй гүзээлзгэнэ худалдаж авсан хүн ямар нэг байдлаар гэмтэж, бэртээгүй. Бид урьдчилан сэргийлэх үүднээс дэлгүүрийн лангуун дээрх гүзээлзгэнийг бүгдийг нь хураасан” хэмээн тус улсын Хөнгөн үйлдвэрийн сайд улсын төв мэдээллийн хэрэгсэл болох “Newshub” сувагт ярилцлага өгөхдөө дурдсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд дээрх зүүтэй гүзээлзгэнэ нь Шинэ Зеландад тарьж ургуулсан эсвэл Австралиас импортлосон эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Энэ удаагийн хэрэг нь энэ сард тус улсад гарч буй хоёр дахь тохиолдол ажээ. Түүнээс өмнө есдүгээр сард Австрали улсаас импортлосон савлагаатай гүзээлзгэнэ дотроос зүү гарсан хэрэг мөн гарсан билээ.
Арваннэгдүгээр эхээр гэхэд Австралийн гүзээлзгэнээс зүү гарсан 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байсан ба тус хэргийг хийсэн 50 орчим насны эмэгтэйг олж баривчилсан. Гүзээлзгэнэд зүү нуусан хэрэг гарсны дараагаар алим, гадил, манго гэх мэт жимснээс мөн зүү гарсан хэргүүд ар араасаа гарсан. Энэ бол нэг нэгнийгээ даган дуурайсан хэрэг гэж эрх баригчид үзсэн. Энэ бүх хэргийн улмаас Австрали улсын хөдөө аж ахуйн салбар хямралд орж, хэдэн сая тонн гүзээлзгэнийг устгалд оруулсан байна. Хэргийг анх үйлдсэн гэх эмэгтэй өс хонзонгийн сэдэлтэйгээр ийм хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба зөвхөн хэдхэн хайрцаг гүзээлзгэнэд зүү хийсэн гэнэ. Харин бусад хэргийг даган дуурайгчид үйлдсэн гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ