-Ямар ч асуудлыг яриа хэлэлцээний аргаар, хэрэгтэй үед буулт хийх замаар асуудлыг шийдэж сурах соёлд бид суралцах цаг болсон. Заавал үймээн, талцал, хагарал бий болгох гарцгүй замыг сонгох нь тулган шаардаж байгаагаас өөрцгүй-
Төрийн ордны баруун талд Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаад хоёр долоо хоносон иргэдийг урд шөнө /2015 оны хоёрдугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө/ албадан эмчилгээнд хамруулах шийд гарч эмнэлэгт хүргэжээ. Нийтдээ найман иргэн өлсгөлөн зарласнаас нэг иргэн гурав хоногийн өмнө бие нь муудан эмнэлэгт хүргэгдсэн бол нэг иргэн өлсгөлөн зарласан байран дээрээ байгаагүй аж. Ингээд үлдсэн зургаан иргэнийг цагдаагийн хүчээр эмнэлэгт хүргэжээ. Өлсгөлөн зарлаж байгаа иргэдийг албандан эмчилгээнд хамруулах шийдвэр гэдэг нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж юм.
Монголчууд Билгийн тооллын шинэ жил буюу Цагаан сарыг хэнээс ч айж ичилгүйгээр тэмдэглэдэг болсон 1990 оноос хойш нийслэлийнхээ төв талбайн ойролцоо ийнхүү өлсч цангасан тэмцэгчидтэй шинэ оноо угтсан тохиолдлыг санахгүй юм. “Сентерра гоулд” компанийн эзэмшдэг Гачууртыг ордыг стратегийн ордод хамруулах тухай шийдвэрийг битүүний өдөр хаалтаа хийсэн УИХ-ын намрын чуулган хэлэлцэх ёстой байсан ч хаврын чуулган болтол хойшлуулсан. Хэрвээ энэ шийд гарвал “Сентерра гоулд” компани Ноён уулын хавьцаах алтны үндсэн ордод олборлолт хийх юм. Ноён уул монголчуудын өвөг хүннүгийн үеийн түүхэн эд өлгийн зүйлс агуулж байгаа Монголын түүхийн хосгүй ховор газар. Гэвч Гачууртын ордод олборлолт явуулснаар эдгээр эд өлгийн зүйлс хөндөгдөнө, хөндөгдөхгүй гэсэн хоёр байр суурь бие биеэ цохисоор өнөөг хүрлээ. Урд шөнө эмнэлэгт хүргэгдсэн иргэд Гачууртад олборлолт явуулахыг эсэргүүцсэн хэсгийн төлөөлөл юм.
Эдгээр иргэнийг Монголын урлаг, спортын олон танигдсан эрхмүүд очиж, дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, үндсэрхэг үзлийг дэмжигч “Босоо хөх Монгол” зэрэг бүлгэм мөн тууштай дэмжиж байгаагаа илэрхийлж байсан.
1990 оноос хойш монголчуудын сонгосон ардчилсан нийгэмд иргэн хэн ч бай өөрийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлж, тэмцлийн ямар ч хэлбэрийг сонгож болно. Гэвч сүүлийн хэдэн жилийн аливаа тэмцлийн түүхийг харахад өлсгөлөн зарлах гэсэн ганц хэлбэрийг уухайлан сонгодог болоод байгаа нь “хүүхэд уйлахаараа, хөгшид үхэхээрээ айлгана” гэдгийг санагдуулна. Ямар ч асуудлын яриа хэлэлцээний аргаар, хэрэгтэй үед буулт хийх замаар асуудлыг шийдэж сурах соёлд бид суралцах цаг болсон. Заавал үймээн, талцал, хагарал бий болгох гарцгүй замыг сонгох нь тулган шаардаж байгаагаас өөрцгүй. Бидэнд одоо үймээн шуугиан хэрэгтэй юм уу, хэл амаа ололцон хамтдаа сайхан амьдрах тайван хөгжлийн замыг сонгох хэрэгтэй юм уу. Ямар ч асуудлын гол утгыг мартагнуулж, хэдэн хүнийг хөөргөн дэвэргэснээр бид өөрсдөө л хохирохоос өөр ашиг үгүй. Хэдэн иргэний амиа аварч байгаа Монгол төрийн буруу юм гэж үү.
А.ТУЛГА