Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол” төрийн ордонд болж, 16 настнуудын төлөөлөл 850 гаруй залуус оролцож, 43 нь ерөнхий сайд болон шинжлэх ухаан, боловсрол, урлаг, спортын манлайлагчдаас Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авлаа. Монголын Залуучуудын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 16 дахь удаагийн ёслолыг амжилттай зохион байгуулав. Иргэний андгай өргөх ёслол Улаанбаатар хот, 21 аймагт нэгэн зэрэг явагдаж, анх удаа дауны синдромтой буюу Оюуны ялгаатай хөгжилтэй залуусын төлөөлөл биечлэн оролцсон юм.
Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой Иргэний андгай өргөх ёслолд ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Манай улсын ирээдүй болсон залуусаа !
Эрхэм багш нар, Хүндэт зочид оо !
Та бүгддээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах улс тунхагласны түүхэн ойн баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслолд оролцож байгаа “Монгол Улсын Иргэн” хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай алдрыг дуурсгаж явах эрхэм дүү нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Манай Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сарын 26-нд хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг нэг мөр халсан нь Монгол орны хувьд оюун санаа, улс төр, нийгмийн хөгжлийн үсрэнгүй том дэвшил, түүхэнд тодоор тэмдэглэгдэх чухал үйл явдал болсон билээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх цоо шинэ алхам болсон юм.
Манай улс бол залуучуудын орон. Нийт хүн амын 33,7 хувийг 15-34 насны ид сурч, хөдөлмөрлөх залуучууд эзэлж байна. Тиймээс төрөөс хүүхэд, залуучууд руу чиглэсэн бодлого, хөтөлбөрийг оновчтой, тогтвортой байлгах талаар анхааран ажиллах явдал нь Засгийн газрын үйл ажиллагааны нэг гол чиглэл юм.
Монгол Улсын хүн амын олонх болсон хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал төрийн бодлогын төвд байж, 2020 он хүртэлхэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт залуучууд руу хандсан олон төрлийн бодлого, арга хэмжээг тусгаж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэн, 21 аймаг, 9 дүүрэгт Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдан ажиллаж байна. Эдгээр төвүүд нь залуучуудад сэтгэлзүй, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, хууль эрхзүйн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж байна.
Энэ үйл ажиллагааг 2018 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 201,882 залууст хүргэж ажилласанбайна.
Хүүхэд, залуучууд Та бүгд өөрийн амьдарч буй аймаг, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төвүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, улс орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломж нээлттэй байгаа.
Монголын хүүхэд, залуусын ирээдүйд хувь нэмэр болох үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд, “Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний зөвлөл”-ийн тэргүүн Миний бие бүх талаар дэмжин ажиллах болно.
Хүн төрөлхтний түүхэнд алдар нэрээ мөнхөлсөн эрдэмтэн сэтгэгчид, алдартнуудын түүхээс харахад аль ч цаг үед чин сэтгэл, нөр их хөдөлмөр, хүчин чармайлтгүйгээр амжилтад хүрэх боломж байхгүй гэдэг нь тодорхой харагддаг.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн ганц түлхүүр нь өөрийн хариуцсан аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийх хандлага, соёлыг өөрт төлөвшүүлсэн, үүрэг хариуцлагаа ухамсарласан, өрсөлдөх чадвартай, мэдлэг боловсролтой, хөгжилд хөл нийлүүлэн алхах итгэл төгс залуучууд юм.
Энд хүрэлцэн ирсэн залуучууд Та нар бол Монгол Улсын хөгжлийн түлхүүр гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Манай Улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжилдэвшлийнүндэссуурьньэрдэмболовсролтой. чадварлаг, бүтээлч, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй иргэдбилээ.
Иймд нийгмийг хөдөлгөх хүч болсон залуус Та бүгд юу юунаас илүү шинийг мэдэж суралцах үйлдээ нэн тэргүүнд анхаарч, цаг алдалгүй, залхуурахгүй биеэ дайчлан шаргуу хөдөлмөрлөхийг Ерөнхий сайд миний бие эрхэм дүү нартаа онцгойлон захиж хэлье.
Өвөг дээдсийн ариун үйл хэрэг, тууштай тэмцлийн гэрч болсон 11-р сарын 26-ны өдөр буюу Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхт 94 жилийн ойн өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч, Бүрэн эрхт Монгол Улсын иргэн болсноо ёсолж байгаа залуус Та бүгддээ дахин баяр хүргэж амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Холбоотой мэдээ