ОХУ Украины хооронд илүү том зөрчилдөөн үүсч магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

ОХУ Украины хооронд илүү том зөрчилдөөн үүсч магадгүй

ОХУ Украины хооронд илүү том зөрчилдөөн үүсч магадгүй

ОХУ Крымийн хойгийн ойролцоо явж байсан Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц руу гал нээн, дотор нь байсан цэргүүдийг нь ч гэмтээсэн хэрэг ням гаригийн шөнө /2018.11.26/ гарсан билээ. Тус хэрэг нь хоёр улсын харилцаанд дахин хямрал дагуулах үйл явдлын эхлэл болж магадгүй байна.

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын зүгээс даваа гаригийн өглөө /2018.11.26/ Оросын эргийн хамгаалалтынхан Хар тэнгист явж байсан Украины цэргийн хөлөг онгоцнуудыг хураан авсан бөгөөд тэднийг зогсоохын тулд зэвсэг хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн гэдгээ мэдэгджээ.

Холбооны аюулгүй байдлын зүгээс ийм үйлдэл гаргах болсон шалтгаанаа Украины хоёр байлдааны болон нэг зүтгүүр хөлөг онгоц нь ОХУ-ын усан нутаг дэвсгэр рүү хууль бусаар нэвтрэх үед анхааруулга өгсөн ч, Украины зүгээс анхааруулгыг  тоогоогүй, үргэлжлүүлэн явсаар байсан гэв. Мөн дотор нь байсан цэргүүдээс гурав нь бэртэл авч, эмнэлгийн  тусламж авсан, амь насанд нь аюулгүй гэв.

Харин Украины хувьд хөлөг онгоц нь хууль зөрчин хил нэвтрээгүй гэсэн бөгөөд ОХУ-ын түрэмгий арга хэмжээг буруутгаж, олон улсын хамтын нийгэмлэгийг үүний эсрэг арга хэмжээ авахыг уриалж байна.

Крымийн хэрэг явдлын уур амьсгал намжаагүй энэ үед ОХУ, Украины хооронд дахин ийм зөрчилтэй асуудал гарсан нь олон улсын хувьд санаа зовоосон асуудал болоод байгаа юм.

КЕРЧЕНСКИЙН ГҮҮР

ОХУ нь 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснийхээ дараа нутаг дэсвгэрийнхээ өмнөд хэсгийг Крымийн хойгтой холбосон 19 км гүүрийг барьж, ашиглалтад оруулсан билээ. Тус гүүр нь Украины хамгийн чухал боомт байрладаг Хар тэнгис, Азовын тэнгисийг холбон Керчинскийн хоолойн дээгүүр тавигдсан байна. Оросын эх газрыг Крымтэй холбосон гүүрийг барьснаараа ОХУ нь гүүрний ойролцоох усан онгоцны хөдөлгөөнийг хянах эрхтэй болсон аж. Украины гурван хөлөг онгоц ч бас Одессо боомтоос Мариупол боомт орох гэж явсан бөгөөд үүний тулд заавал гүүрэн доогуур гарах шаардлагатай болсон байна.

Европын холбооны зүгээс ОХУ-ын гүүрний доогуур хоёр улсын усан онгоц аль аль нь чөлөөтэй зорчих эрхтэйг сануулан, үүсээд байгаа нөхцөл байдалд талуудыг тайван, энхийн замаар шийдэхийг уриалсан юм. НАТО-ын хэвлэлийн төлөөлөгч Оана Лунжеску, “НАТО Украин улсын бүрэн эрхт байдал болон газар нутгийн халдашгүй дархан байдлыг дэмждэг, тиймээс ч Азовын тэнгис дэх боомт руу чөлөөтэй зорчих эрхтэй” гэжээ.

Тус гүүр нь ОХУ-ыг Крымтэй холбож буй хамгийн дөт зам юм. Гүүр нь өнгөрсөн тавдугаар сард нээгдэн, автомашин, хүнд даацын машиныг явуулж байгаа бөгөөд ирэх жилээс төмөр замыг барихаар төлөвлөж байгаа аж.

ПОРОШЕНКО ЦЭРЭГ ДАЙНЫ ТУХАЙ ШИНЭ ХУУЛЬ БАТЛАХ САНААЧИЛГА ГАРГАВ

Хэрэг явдал гарсны дараа Украины Ерөнхийлөгч Петр Порошенко цэргийн өндөр албан тушаалтнуудтайгаа уулзсан байна. Тэрбээр удахгүй цэрэг дайны тухай шинэ хуулийг парламентаар хэлэлцүүлнэ хэмээн мэдээлжээ. Тус хууль батлагдвал иргэний эрх хязгаарлагдаж, төрийн институциуд бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлнэ гэв (deutsche welle). “Бид ийм түрэмгийллийг хүлээн зөвшөөрч чадахгүй” хэмээн Украины Ерөнхийлөгч мэдэгдсэн юм.

Оросуудын хувьд гурван цэргийг гэмтээсэн гэж байгаа ч Украины тэнгисийн цэргийнхний мэдээлснээр зургаан цэрэг шархадсан төдийгүй Оросуудыг анхааруулах дохио өгөх үед Мариупол боомт руу очих аргагүйгээ ойлгон, Одессо боомт руу буцахаар жолоогоо эргүүлээд, бараг 20 км явсны дараа Оросын цэргүүд халдсан гэв.

НҮБ-ИЙН АЮУЛГҮЙ ЗӨВЛӨЛИЙГ ЗАРЛАН ХУРАЛДУУЛНА

Уг асуудалтай холбоотойгоор НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийг өчигдөр /2018.11.26/ өглөөний 11.00 цагт яаралтай зарлан хуралдуулсан байна.

ОХУ-ын зүгээс үүссэн нөхцөл байдалд Украиныг буруутгаж байгаа бөгөөд үүнийг нотлох баттай нотолгоо ч байгаа хэмээн мэдэгдэж байсан юм. Түүнчлэн Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков ч бас өөрийн Твиттер хуудсандаа Украины зүтгүүр хөлөг онгоцны араас элдэн хөөж байгаа бичлэгийг тавьсан байна. Харин бичлэг тавигдсанаасаа хэдхэн цагийн дараа устсан.

КИЕВ ДЭХ ОХУ-ЫН ЭСЯ-НЫ ГАДАА ТЭМЦЭЛ ӨРНӨЖ БАЙНА

Ням гаригийн шөнө болсон хэрэг явдлын тухай сонссон Украины ард иргэд Киев дэх ОХУ-ын ЭСЯ-ны барилгын гадаа жагсаал хийжээ. Өчигдөр /2018.11.26/ болсон тус жагсаалд 150 орчим хүн оролцсон бөгөөд тэдний зарим нь галт бамбар асаан шидсэнээс ЭСЯ-ны нэг машин шатсан байна. “Манай улсын цэргийн хөлөг онгоц руу буудсантай адилхан хариуг барихаар бид энд ирсэн” хэмээн жагсагчид хэлжээ.

ИЛҮҮ ТОМ ЗӨРЧИЛДӨӨН ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ

ОХУ, Украины 2003 онд байгуулсан гэрээ дээр бол хар тэнгистэй Керчинскийн хоолойгоор холбогддог Азовын тэнгисийг аль аль нь ашиглах эрхтэй хэмээн заасан байдаг байна. Харин 2014 оны үйл явдлаас хойш хоёр тал Азовын тэнгисийн асуудалд ихээхэн зөрчилдөөнтэй байх болсон төдийгүй хэрэг дээрээ ОХУ илүү их хяналт тавих болсон юм.

Харин ОХУ-ын улстөрчид Украины Ерөнхийлөгчийг ирэх жил болох сонгуулиар нэр хүндээ өсгөхийн тулд олны анхаарлыг өөр дээрээ татах зорилгоор ийм зүйл хийсэн гэв. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг удахгүй Аргентин улсад болох Их-20-ын уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзуулахад саад хийх санаа агуулсан хэмээн Оросын хэвлэлээр мэдээлж байна.

Украины зүгээс ОХУ-ыг олон улсын эрх зүйг зөрчсөн гэж үзэн, олон улсын хамтын нийгэмлэгийг ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг шаардаж байгаа юм.

Эх сурвалж: Ройтерс, Deutsche Welle, BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж