Шинэ Зеландын Стюарт арал дээрх Масоны наран шарлагын газарт олон тооны халим эрэг дээр шидэгдсэн байсныг нь Бямба гаригийн /2018.11.24/ шөнө хоёр хүн олж хараад, холбогдох газар нь мэдэгджээ. Мэргэжилтнүүдийг очиход эрэг дээр шидэгдсэн нийт халимуудын тал нь буюу 145 нь үхсэн байсан бөгөөд үлдсэнийг нь далайд буцаан тавьсан ч амьдрах эсэх нь тун бүрхэг байгаа юм.
Хэдэн зуун халим ийн эрэг дээр шидэгдсэнийг өвчин туссан, орон зайн баримжаагаа алдсан, далайн түрлэгт цохиулсан эсвэл махчин загасанд хөөгдсөн зэргээр тайлбарлах боловч нарийн шалтгааныг нь хараахан тогтоогоогүй байгаа юм.
Халимууд эрэг дээр шидэгдэн гарах нь Шинэ Зеландын хувьд харьцангуй түгээмэл буюу жилд ойролцоогоор 85 халим олддог байна. Ялангуяа 19 км урт үргэлжлэх Масоны наран шарлагын газар нь халимуудын хувьд орон зайгаа баримжаалахад ихээхэн хүндрэл учруулахуйц газар зүйн байршилтай тул энд эрэг дээр халим шидэгдэх явдал үе үе гардаг байна. Гэхдээ халимууд ихэвчлэн ганц нэгээрээ л эрэг дээр шидэгдсэн байдаг.
Дэлхийн түүхэнд хамгийн олон халим эрэг дээр шидэгдсэн байсан нь мөн л Шинэ Зеланд улсад болжээ. Тухайлбал, 1918 онд Шинэ Зеландын өмнөд эргээс 1000 гаруй халим олдож байсан юм.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ