14.15 цагт
Шадар сайдын өрөөнд Улсын онцгой комиссын хуралдаан эхлээд байна. Хуралдааныг удирдаж буй Шадар сайд Ө.Энхтүвшин "Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл болсон. Говь-Алтайд салхины хурд 40 м секундээс давсан. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 212 айлын гэр нурсан, 52 сумын цахилгаан тасарсан. Сураггүй алга болсон есөн иргэн эсэн мэнд олдсон. Сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгын дээвэр хийссэн. Хохирол их өндөр байна. Ийм учраас Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдуулж байна" гэлээ.
Цаг уур орчны шинжилгээний газраас мөн цаг агаарын талаар мэдээлэл хийлээ. Ирэх гурван өдөр цаг агаар гайгүй, харин 30-аас хүйтний эрч чангарна. Одоогийн байдлаар Хөвсгөлийн Хатгал, Улаан уул, Увсын Малчин, Завханы Улиастайд 13-15 см зузаан цас тогтсон болохыг онцоллоо.
Улсын онцгой комиссын хуралдаанд Засгийн газрын сайд нар оролцож байна.
Маргааш эрчим хүчний сааталгүй болно
14.30 цагт
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:
Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас ОХУ-аас эрчим хүчээр хангадаг 220 квТ- ын гурван тулгуур гэмтсэн. Хоёрыг нь аваачсан холбож байна. ОХУ-аас эрчим хүч авдаг 220 квТ-ын шугамыг бүрэн сэргээсний дараа баруун бүсийн эрчим хүч хэвийн байдалд орно. Маргаашдаа багтаан дуусгана. Улаанбаатар хотоос ачсан тулгуур Завханд явж байна.
Улаангомоос Өмнөговь сум хүртэлх 9 тулгуур унасан, 8-ыг шөнөдөө босгосон. Ингэснээр Баян- Өлгий, Ховд аймгуудыг хөлдөх аюулаас сэргийлсэн. Увс хөлдөх аюултай байсныг дизель станц болон хуучин станцыг ажиллуулснаар сэргийлж чадлаа. Увсад нэг тулгуур босгоод дуусгаж байна. Цагийн дараа залгана, Увсын гол хэрэглэгч нар болох эмнэлэг зэрэг газрууд эрчим хүчээ авна. Увсын эрчим хүчний эх үүсвэрийг Дөргөний усан цахилгаан станцаар хангаж байна. Ингэснээр дулааны хангамж жигдэрнэ. Сумдыг сэлгэн залгалт байдлаар дэс дарааллаар өгнө. Үндсэндээ Улаангом сумын “Дулааны 1, 2 станц”-ыг зөөврийн эх үүсвэрээс, Ховд аймгийн Алтай, Булган, Ховд, Үенч сум болон Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Увс аймгийн Өмнөговь сумын Дулааны станцуудыг Дөргөний Усан цахилгаан станцаас цахилгаанаар хангаж байна.
Эрчим хүчний салбарт 390 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Цаашдаа ийм онц аюултай үзэгдэл болж болзошгүй. Бүх суманд нөөцийн дизель станцтай болохоос аргагүй. Аймгийн төвүүд дээр мөн дизель станцтай болох. Баруун аймгуудын хувьд ОХУ-аас хангадаг учраас хөлдөх аюул үүсэж болзошгүй. 220, 110 квт-ын алслагдсан шугамуудыг сүүлийн жилүүдэд шинэчлээгүй. Ирэх жил ч тодорхой хөрөнгө тавигдаагүй байгаа. Байгаль цаг уурын ноцтой аваарын үед хүндрэл учруулахаар байна. Цаашдаа ч ийм нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас 1950 иод онд босгосон эрчим хүчний шугамуудаа шинэчлэх шаардлага байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
331 сумаас 52 суманд цаг агаарын аюултай үзэгдэл болсон. 52 суманд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн.
Баян-Өлгийд хоёр хүн осгосон, нэг нь дунд зэрэг, нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Ховд аймгийн Цэцэг суманд байшингийн дээвэр хийсэж, түүнд нь гурван хүн гэмтсэн. Нэг хүн чээжиндээ гэмтэл авсан учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар:
Цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр таван аймгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Өнөөдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Саатсан даваа гүвээ, авто зам байхгүй.
Цаг агаарын мэдээллийг олон нийтэд ойлгомжтой хүргэхийг сануулав
Цаг агаарын онц аюултай үзэгдэл болох мэдээллийг холбогдох байгууллагууд ард иргэддээ хүргэж, сэрэмжлүүлж чадсан уу гэдэгт хотын дарга С.Батболд албаны хүмүүсээс тайлбар хүслээ. Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр нэг хоногийн өмнө буюу арванэгдүгээр сарын 24-нд энэ тухай мэдээллийг гар утсаар дамжуулан өгчээ. Гэхдээ хотын даргын зүгээс гар утсаар цаг агаарын мэдээллийг хүргэхдээ илүү боловсронгуй болгохгүй бол гацаад мэдээлэл авахад бэрх байдаг. Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн талаар олон нийтэд сайн ойлгуулахгүй бол салхины хурд хэдээс дээш нөхцөлд аюултай үзэгдэл гэж үздэг юм бэ гэдгээс эхлээд ойлгохгүй, мэдэхгүй зүйл гарч байна гэдгийг санууллаа.
Эцэст нь Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах чиглэлэ өглөө. Үүнд: эрчим хүч тасарсан сумдын хүн эмнэлэг, сургууль цэцэрлэгийг хөлдөхөөс урьдчилан сэргийлж, нөөц эх үүсгүүрээс хангах бүхий л боломжийг дайчилж ажлиллахыг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. Эрчим хүчний тасалдлыг арилгахад шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулах саналаа ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд бэлтгэн танилцуулж шийдвэрлүүлэхийг Шадар сайд салбарын сайдад үүрэг болгов.
Дээр нэр дурдсан дөрвөн аймгийн Засаг дарга нарт эмнэлгүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, шуурганы улмаас гэр нь хийсч, улсын нөөцөөс дэмжлэг авах шаардлагатай айлын тоог гаргах, шаардлагатай бараа материалын жагсаалтыг танилцуулах.
ЦУОШГ цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээг иргэдэд улам шуурхай өргөн хүрээг хамран хүргэх аргачлалаа боловсронгуй болгохыг холбогдох албан тушаалтнуудад Онцгой комиссоос тус тус чиглэл болгов
Улсын Онцгой комиссын хуралдаан зарлалаа
Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн нутагт өчигдөр цаг агаарын гамшигт үзэгдэл болж, 50 гаруй суманд эрчим хүч тасарчээ.
Эрчим хүчний гэмтлийг засварлахаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Мөн нийт нутгаар цаг агаар таагүй, өнөө шөнө Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.
Иймээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 14.00 цагт Шадар сайдын өрөөнд Онцгой комиссын хуралдаан хийж, мэдээлэл сонсон, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг даалгавар өгөхөөр болжээ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар шөнөдөө секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан бана.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө хүйтэрч 9-11 градус хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв:
2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх
Арваннэгдүгээр сарын 27, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 27, 29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ