Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Үнээ-кола бий болжээ

Энэтхэг улсын Канпур хот. 2010.07.09. Жинхэнэ сайн энэтхэг хүн барууны “ач тусгүй” кока-кола ундааг орлуулах өөрийн гэсэн үнээ-колатай болжээ. Үнээ-колаг үхрийн шээсний үндсэн дээр гарган авсан бөгөөд зохион бүтээгчдийн ярьснаар бол хүний ой санамж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг сайн талтай гэнэ.
Энэхүү ундааг үйлдвэрлэж, сурталчлан таниулж буй ажлыг хариуцсан Пурушхотам Тошнивал EFE агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагандаа “Кока-кола болон бусад ундаанууд ер нь энэтхэгчүүдийн хувьд ашиггүй зүйл юм. Кока-кола ундаа хүний эрүүл мэндэд ихээхэн хор хөнөөл учруулдаг бөгөөд манай үйлдвэрлэж буй go-cola/үнээ-кола/  гурав, дөрвөн төрлийн эмийн ургамал, үхрийн шээсний үндсэн дээр хийдэг ба одоо олон түмний өргөн хэрэглээний ундаа болж хувираад байна” гэж тайлбарлажээ.
Өглөө болгон  Энэтхэгийн хойт хэсэгт байдаг Канпур хотын “Канпурын Гошала нийгэмлэг”-ийн олон арван ажилчид нэгэн үхрийн аж ахуйн гадаа урт дараалал үүсгэж, амтад ундаа бэлтгэдэг түүхий эд болох энэхүү ариун амьтадын шээс, баасыг хураан авдаг байна.
Ундаа үйлдвэрлэгчдийн ярьж байгаагаар үхрийн шээсийг сайтар нэрж, дахин дахин шүүлтүүрт оруулж, гар аргаар орцын бүтээгдэхүүнийг хольж хутгадаг аж. Ийм байдлаар эмчилгээний ундаа, тансаг үнэртэн, саахрын өвчнөөс сэргийлэх нунтаг болон саван хийдэг байна.
Тэд нарын шинэхэн бүтээл болох “goloca”  /санскритаар үхрийн хашаа, хороо гэсэн утгатай/ -гийн үндсэн орц болох үхрийн шээс, эмийн ургамлын найрлагатай бөгөөд энэтхэгчүүдийн дуртай барууны ундаатай бүрэн өрсөлдөх найдвартай байгаа юм байна.
Үйлдвэрийн лабораторийн захирал, доктор В.Д.Чандел “Манай ундаанууд лимон, жүрж зэрэг жимсний амттайгаас гадна сарнай цэцэг болон өөр төрлийн тансаг сайхан үнэртэй. Ер нь шээс бол эмчилгээний арга увьдсыг биедээ агуулж байдаг бөгөөд өвчин намдаах, элдэв төрлийн халдварт өвчнийг анагаах чадвартай юм” гэж нотлон ярьжээ.
Энэтхэгийн ардын эмчилгээнд шээс эмийн чухал орц болдог ба ерөнхий сайд асан Morarji Desai өглөө болгон өөрийн шээснээс нэг аяга уудаг байжээ. Ер нь энэтхэгийн олон мянган гуручууд улс орны хэмжээнд одоо хүртэл үхрийн шээсийг хорт хавдар, саахрын өвчин, цусны өндөр даралтыг бууруулахад эм болгон ашиглаж байгаа ажээ.
Канпурийн Гошала нийгэмлэгийн нарийн бичгийн дарга “Энэтхэгчүүд бид үхрийг маш чухал амьтан гэж үздэг. Бид нарыг хамгаалдаг манай бурхан байгаа юм. Энэ утгаар тэдгээрийн шээс, баас бол бидэнд бурхнаас заяасан ариун бэлэг байгаа юм” гэжээ.
Гэвч “Goshala”/хашаа/ -гийн зорилт ундаа хийх төдийхнөөр хязгаарлагдаагүй бөгөөд үхрийн шээсийг жижиг оврын зай цэнэглэгч болгон хэрэглэж эхэлжээ. Үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хөдөө тосгодын олон мянган тариачид 24 цагийн турш гэрэл цахилгаантай болох боломж бүрдэж байгаа юм байна. Үхрийн бааснаас хий ялгаруулан авч, тээврийн хэрэгсэлд шатахууны оронд хэрэглэж байгаа юм байна.
Үхрийн баасыг түүхий эдийн эх үүсвэр болгон ашиглаж, шалны ялтас, бордоо, цаас, шумуул үргээгч, шампунь гээд л 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд энэтхэгийн хатуу шугамын консерватор намынхан үхрийг тахин шүтэхийг өөрийн туг далбаа болгон кампанит ажлууд өрнүүлж байгаа бөгөөд үхэр хороохыг бүрэнмөсөн хориглох зорилтод хүрэхээр ажиллаж байна. Тэд нарын сэжиглэж байгаагаар доод түвшний кастууд болон мусулман шашинтнуудын дунд үхэр хороох тохиолдол гарч байна гэж үзэж байгаа юм байна.
Энэтхэгийн Rashtriya Swayamsevak Sangh зэрэг радикал хөдөлгөөнийхөн барууныхны хэв заншил болох христийн шүтлэг, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал болон тив дамжсан компаниудын үйл ажиллагааны эсрэг илтээр дургүйцлээ илэрхийлж байгаагаас гадна хүч хэрэглэхийг ч уриалдаг тохиолдол гардаг байна.
Үндэсэрхэх үзэл болон шашин шүтлэгийн нийлбэрээс үүсэн гарсан үр жимс болох  Канпурын үхрийн аж ахуйн санаачлага нь барууны үхрүүдтэй харьцуулахад тэд нарын үхэр ариун дагшин бөгөөд “энэтхэг үхрийн судас шууд нартай холбогдож байдаг” тул сүү нь тусгай чанар чансаатай байдаг гэж ярихад ч хүргэжээ.
Канпурын үхрийн аж ахуй энэтхэгийн Үхэр сүрэг хамгаалах департаменттай хамтран үхэр сүргийн ач тусын талаар цуврал семинарууд зохион явуулж, дугуй тээрэм эргүүлж буй хоёр шар хэрхэн нэг өрөөг гэрэлтүүлэх хэмжээний цахилгаан эрчим хүч гаргаж буйг амьдрал дээр харуулдаг байна.

Эх сурвалж: EFE

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж