Иргэний андгай өргөх ёслолд 850 сурагч оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.11.26-нд нийтлэгдсэн

Иргэний андгай өргөх ёслолд 850 сурагч оролцлоо

Иргэний андгай өргөх ёслолд 850 сурагч оролцлоо

Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2018.11.26/нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 850 сурагч Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд боллоо. Энэхүү үйл ажиллагааг Монголын залуучуудын холбооноос Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 2004 оноос хойш Ерөнхий сайдын ивээл дор 16 дахь жилдээ зохион байгуулав.

Хүрэлцэн ирсэн сурагчдаас 33 нь Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авлаа. Иргэний андгай өргөх ёслолд анх удаа дауны синдромтой буюу Оюуны ялгаатай хөгжилтэй залуус оролцов.

Монгол улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан нь оюун санаа, улс төр, нийгмийн үсрэнгүй том хөгжил болсон гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын үеэр онцлов.

Тэрбээр, “Манай улс залуучуудын орон. Нийт хүн амын 33.7 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа юм. Тиймээс төрөөс хүүхэд, залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг оновчтой байлгах нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүн зорилтын нэг юм. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. 21 аймаг, 9 дүүрэгт Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр төвүүд нь залууст сэтгэл зүй, гэр бүлийн зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, хууль эрхзүйн үйлчилгээ үзүүлж байна. Монголын хүүхэд, залуучуудын ирээдүйд үнэт хувь нэмрээ оруулах үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүх талаар дэмжин ажиллах болно. Энд хүрэлцэн ирсэн залуус та бүхэн Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч юм. Манай улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил, дэвшлийн үндэс суурь нь эрдэм боловсролтой, чадварлаг, бүтээлч, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй залууст тулгуурлаж байна. Тиймээс шинийг мэдэж, сурах үйлстэй анхаарч, бие дайчлан ажиллахыг дүү нараасаа хүсч байна” гэлээ.

Андгай өргөх ёслолд оролцсон сурагчид өнөөдрөөс эхлэн “залуус” гэсэн нэр томъёонд шилжиж, амьдрал хэмээх их далайд сэлүүрээ дэлгэж буй загас боллоо хэмээн онцолж байв. Цаашдаа Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай иргэн байх болно. Мөн эцэг эхийнхээ эрх, бяцхан хүүхэд бус шийдвэр гаргах чадвартай хувь хүн болж байгаа тул зорилготой, мөрөөдөлтэй, хариуцлагатай Монгол хүн байхын төлөө хичээх болно гэх мэт сэтгэгдлүүдийг хэлж байв.

Иргэний андгай өргөх ёслолд оролцсон Оюуны ялгаатай хөгжилтэй залуусыг төлөөлөн Ерөнхий сайдаас иргэний үнэмлэхээ гардан авсан нийслэлийн 130 дугаар сургуулийн сурагч Г.Орхоны эмээ Б.Өлзийбаяр, “Өнөөдөр ач хүүг минь 16 нас хүрч байгааг батламжилж, Монгол Улсын Ерөнхий сайд иргэний үнэмлэхийг нь гардуулсанд туйлын баяртай байна. Миний хүү бусад хүүхдүүдтэй ижил сурч, хүмүүжиж, хөгжиж байгаа. Өнөөдөр энэхүү ёслолд урьж оролцуулсан нь ч миний хүүг бусдаас дутахгүй ижил тэгш хөгжиж чадна гэдгийг нотолсон үйл явдал боллоо. Мөн өнөөдөр “залуу” гэсэн томъёололд нэгдэж байгаа бүх 16 настнуудад амжилт хүсье. Ирээдүйд тэгш, хүртээмжтэй нийгмийг улам бүр хөгжүүлэх, эх орныхоо хөгжил, дэвшлийн түүчээ болсон чадварлаг иргэн болж хүмүүжээсэй гэж хүсч байна.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж