Өнгөрсөн шөнө /2018.11.26/ Крымийн хойгийн усан нутаг дэвсгэрт ОХУ-ын эргийн хамгаалалтынхан Украйны тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц руу гал нээн, олзолж авсан байна.
НАТО болон Европын холбооны зүгээс ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны хилийн хамгаалагчид Украйны тэнгисийн цэргийн хоёр хөлгийг нь сүйтгэсэн, мөн дотор нь явсан багийн зургаан гишүүнийг гэмтээсэн хэргээр буруутгаж байгаа юм.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын зүгээс Украйны цэргийн хөлөг онгоцнуудыг олзолж авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэднийг ОХУ-ын усан хил рүү хууль бусаар нэвтэрсэн тул зэвсэг хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн хэмээн тайлбарлаж байна. Харин Украйны зүгээс хөлөг онгоцнууд нь хууль зөрчин, хил даваагүй гээд ОХУ-ын цэргийн түрэмгийн байдлыг буруушааж байгаа юм.
ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээс хойш тус бүсийн усан хил хоёр улсын хувьд маргаантай асуудал хэвээр үлдсэн юм. Украйны гурван хөлөг онгоц нь хар тэнгисийн Одесса боомтоос Украйны стратегийн гол цэг болох Мариупол боомт руу явж байжээ.
Хэрэг гарсан даруйд Украйны ерөнхийлөгч Петр Порошенко дайны зөвлөлийг яаралтай хуралдуулах шийдвэр гаргасан бол ОХУ-ын хүсэлтээр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийг өнөөдөр /2018.11.26/ хуралдуулж, энэ асуудлыг хэлэлцэхээр болсон хэмээн ОХУ-аас НҮБ-д суух элчин сайд Дмитрий Полянский мэдэгджээ.
Киев дэх ОХУ-ын ЭСЯ-ны гадаа 50-100 хүн цуглаж, эсэргүүцэл илэрхийлж байгаа аж.
Эх сурвалж: telegraph.co.uk
Холбоотой мэдээ