Францын эрх баригчид ирэх оны нэгдүгээр сараас эхлэн шатахууны үнийг дахин өсгөх шийдвэр гаргасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, Францын ард иргэд орон даяар жагсаал цуглааныг эхлүүлсэн билээ. Тус жагсаал нь арван нэгдүгээр сарын 17-нд эхэлсэн юм.
Ерөнхийлөгч Макроны зүгээс шатахууны үнийг өсгөх шийдвэр гаргасан явдлыг дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байгаа, мөн сэргээгдэх эрчим хүчний салбарыг илүү дэмжих шаардлагатай хэмээн тайлбарлаж байгаа юм. Франц улсад сүүлийн нэг жилийн хугацаанд шатахууны үнэ нийт 23 хувиар буюу литр тутамд 1,51 еврогоор өссөн байна.
Уржигдар /2018.11.24/ болсон жагсаалын хувьд жагсагчид арван нэгдүгээр сарын 17-ны жагсаалтай адил шар, ногоон өнгөтэй хантаазыг өмссөн бөгөөд зул сарын уур амьсгал ид ороод байгаа, томоохон худалдааны төв, дэлгүүрүүд байрладаг Елисейн өргөн чөлөөнд гол жагсаалаа хийсэн байна. Парис хотын болоод Францын бусад газруудад жагсаал их, бага хэмжээгээр өрнөсөн юм. Анх эхэлж байснаа бодвол жагсагчдын тэмцэл харьцангуй ширүүн болсон бөгөөд зарим жагсагчид гэрлэн дохио, замын тэмдгийг эвдэлж, эд зүйлсээ авчирч шатаах, түүнээс болоод Елисейн өргөн чөлөөний нэгэн кофены газарт түймэр гарсан ажээ.
Франц улс даяар өргөн хүрээнд өрнөж буй тус жагсаалаас өчигдрийн хувьд нийт 130 хүн, үүний дотор Парисаас 69 хүнийг баривчилсан байна. Жагсаалын үеэр 24 хүн хүнд болон хөнгөн бэртэл авснаас тав нь цагдаагийн албан хаагч байжээ.
Шатахууны үнийг эсэргүүцсэн жагсагчид машин заамыг хааж зогсон, хөдөлгөөнд саад учруулах замаар тэмцлээ үргэлжлүүлж байгаа юм.
Ерөнхийлөгч Макрон, “жагсагчид ийм бусармаг, ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаадаа ичих хэрэгтэй. Франц улсын нутаг дэвсгэрийн хаана ч ийм эмх замбараагүй байдал гарах ёсгүй” хэмээн Твиттер хуудсандаа жиргэжээ.
Хагас сайн өдөр ийн жагссан жагсагчид хуулиар олгогдсон зөвшөөрлийн дагуу тухайн өдөртөө жагсаалаа өндөрлүүлж, орой нь Елисейн өргөн чөлөөний машины замыг чөлөөлсөн байна. Бямба гаригт /2018.11.24/ Франц улс даяар нийт 106,000 хүн жагссанаас 8000 нь Парист, түүнээс 5000 нь Елисейн өргөн чөлөөнд жагссан нь өмнөхөө бодвол жагсагчдын тоо харьцангуй цөөрсөн байгаа юм.
Харин түүний өмнөх долоо хоногийн Бямба гаригт /2018.11.17/ болсон жагсаалд орон даяар нийт 282,000 хүн оролцсоноос хоёр хүн нас барж, 750 хүн гэмтсэний дотор 136 цагдаагийн албан хаагч байжээ.
Эх сурвалж: france24.com
Холбоотой мэдээ