Сагсан бөмбөгийн талбайд тоглож байсан хоёр баг хоёул булхайцан өрсөлдөн тэмцэлдэнэ. Ур чадвар, сэтгэл зүрхээрээ өрсөлдөж, үзэгчиддээ жинхэнэ гал гарсан тоглолтыг үзүүлэхийн оронд ямарч дүрэмгүй зодолдоно. Харин жинхэнэ фанатууд өөр өөрсдийнхөө нь талд орж хэрэлдэнэ. Та шударга үзэгчийн хувьд, сагсан бөмбөгт хайртай үзэгчийн хувьд, тоглолтоос тоглолтонд сэтгэл ханамж авах гэсэн үзэгчийн хувьд дүрэмгүй зодооныг үзэх гэж ирсэн гэж үү? Та энэхүү хэрүүл тэмцэлд оролцлоо гээд байдал өөрчлөгдөх үү?
Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал дээрх үйл явдалтай адил зарчмаар явагдаж байна. Бие биерүүгээ шударга ёс ярьж, хариуцлага ярьж, луйварчин наймаачнаар дуудан тэмцэлдэнэ. Хоёр тал хоёулаа шударга ёс яриад, түүний фанатууд яг л адилхан шударга ёс яриад эхлэхээр нь ингэхэд шударга ёс гэж юу билээ гэж гайхширахад хүрнэ. Яг ижилхэн зүйлсийг яриад бие биедээ хариуцлага тооцохыг шаардана.
Яг л сагсан бөмбөгийн талбайг ямарч дүрэмгүй UFC болгосонтой адил. Энэ үйл явц эхлээд хэдийн өнгөрөөд 22 жил өнгөрчээ. 1996 оноос 2000 оны үед Ардчилсан нам засгийн эрхийг авч өөр хоорондоо тэмцэлдэн даруй 4 ч засгийн газрыг огцруулсан тэр л өдрөөс хойш 22 жил өнгөрч. Энэ дүрэмгүй, зарчимгүй байдлаар бид 22 жилийг өнгөрүүлэхдээ жирийн иргэд бид хожсон уу? Бид хөгжлийн түүчээг залсан уу? Эсхүл эрх мэдлийн хойноос тэмцэлдэхдээ иргэд биднийгээ ашиглаад байгаа хүмүүст, тэдгээрт ашиглуулж байгаа бид ч гэсэн өөрсдийгөө хуураад байна уу? Энэ л асуултанд бодит тоо баримт, үндэслэлтэйгээр эргэцүүлэн бодохыг хичээлээ.
Өнгөрсөн 22 жилийн хугацааг дүгнэхдээ статистик тоо баримтаар үйл явдлыг олж харах гэж хичээлээ.
УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛ БА ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ
Дээрх асуултанд хариулт авахаас өмнө уншигч та бүхнээс асуух асуулт байна. Таны бодлоор хамгийн улс төрийн дотоод тэмцэлтэй байсан цаг хугацаа аль цаг хугацаа вэ? Энэ асуултанд 4 жилийн циклээр нь бодож хариулахыг хүсч байна.
Харин миний хувьд 1996-2000, 2004-2008, 2012-2016 онуудыг нэрлэмээр байна. Харин улс төрийн хувьд хамгийн тогтвортой байсан цаг хугацаа хэзээ вэ? Мөн л дээрх асуултанд хариулахыг хүсье. Миний хувьд 2000-2004, 2008-2012 онууд байсан гэж бодож байна.
Дээрх хүснэгтээс харвал улс төрийн тогтворгүй байдалтай байсан 1996-2000, 2004-2008, 2012-2016 онуудад эдийн засаг уналтанд оржээ. Харин улс төрийн тогтвортой байдалтай байсан жилүүдийг харвал эдийн засаг өссөн дүнтэй харагдаж байна.
ЭРХ ЗҮЙТ ТӨР БА ХУДАЛДАГДСАН ШҮҮХ ЗАСАГЛАЛ
Эрх зүйт төр бол үндсэн зарчим бол хуулийн өмнө бүгд эрх тэгш байх зарчим, нөгөө талаар гэмт хэрэг үйлдсэн үү? Эс үйлдсэн гэдгийг зөвхөн шүүхээр тогтоох бөгөөд хараат бус шүүх засаглал нь аливаа хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэх хамгийн эцсийн шийдвэрийг гаргана. Гэвч бид энэ их хэрүүл зодооны эцэст дараах асуултыг асуух зайлшгүй шаардлагатай болсон байна. Үүнд:
- Та хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байгаа гэдэгтэй санал нэгдэж байна уу?
- Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан нь хэрэгжиж байгаа гэдэгтэй та санал нэгдэж байна уу?
- Шударга бус шүүхээр шүүлгэх эрх чинь хэрэгжиж байгаа гэж үзэж байгаа юу?
Гэдэг асуултыг та өөрөөсөө асууж хариулаад үзээрэй. Үүний дараа Монголд өрнөж буй энэ улс төрчдийн дайн нь эцэстээ улс төрч бүхэн шүүгч болоод бие биенээ гүтгэдэг, цоллодог энэ чиглэл рүү явчихлаа гэж та боддог уу? Бидэнд эрх зүйт төр байгаа гэж та бодож байна уу?
Хэрэв та дээрх асуултанд үгүй ээ байхгүй гэж бодож байгаа бол ямар тохиолдолд эрх зүйт төр бий болно гэж төсөөлж байна вэ?
ЗАСАГ УНАВАЛ ТАНЫ АМЬДРАЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?
Засгийн газар огцорвол таны амьдралд хэрхэн нөлөөлөх талаар та бодож үзсэн үү? Бодож үзэхийн тулд та эхлээд дараах асуултанд хариулаарай. Засгийн газар огцорлоо гэхэд эрх зүйт төр бий болох уу? Засгийн газар огцорлоо гэхэд таны амьдралд эерэг өөрчлөлт авчрах юу байгаа вэ? Засгийн газар огцорвол Валютын ханш буурах болов уу? Засгийн газар огцорвол бензиний үнэ буурах уу?
Манай нэг найзын нэгэн жишээ надад их сонирхолтой санагдсан юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч шинэ засгийн газар бүрэлдтэл нилээд удсан юм. Ингээд У.Хүрэлсүхийн засгийн газар бий болж Засгийн газар шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ баталсан. Агентлагууд нэгдэж, шинэ чиг үүргүүд бий болсоор замд нь зарим чиг үүрэг нь хаашаа болох нь мэдэгдэхгүй байсаар л байсан. Энэ хугацаанд манай найз гадаад ажиллах хүчнийг авчрах зөвшөөрлөө авах гэж нилээд удаж, хуулиараа өдрийн 10 мянган төгрөгөөр торгуулж байв. Яагаад юунаас болоод вэ? Ямар буруутай зүйл хийсэн гэж торгуулж байгаа вэ? Танай засгийн газар чинь л бие биерүүгээ шидэлцэж танайх шийднэ, үгүй манайх шийднэ гэсээр удсан шүү дээ гэж хэлнэ. Бодит амьдрал бас яг л тийм. Маш олон төсөл хөтөлбөрүүд гэдэг бол цаана нь нэг хөрөнгө оруулагч (Хүн), наана нь засгийн газрыг төлөөлж буй (хүн) этгээд хоёрын амьд харилцаа байдаг. Гэтэл хүмүүс хоорондоо ойлголцож байж л хамтын ажиллагаа цааш өрнөдөг билээ. Учир нь хүний үйлдэл бүр хүнээс шийдвэр гаргахыг шаарддаг учраас тэр. Арай гэж ойлголцож байтал огт өөр үзэл бодолтой, огт өөр харилцаа, зан төрхтэй хүнээр солигдвол яах вэ? Дахиал эхнээсээ бүх зүйл эхэлнэ гэсэн үг. Энэ үйл явц болоход танд ашигтай нэгхэн зүйлийг та надад хэлж өгч чадах уу? Эцсийн дүндээ энэ л Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зогсоож, цаашлаад валютын ханшид өөрчлөлт оруулаад байгаа хэрэг юм. Нөгөө талаар томоохон төслүүд бүгд л зогсож байгаа хэрэг.
22 жил засаг уналаа. 22 жил улс төрийн тогтворгүй байдал бий боллоо. Үүний үр дүнд бидний амьдрал сайжирсан уу? Та сагсан бөмбөгийн үзэгчийн хувьд аль нэг талд ороод маргалдлаа гэхэд зодоон дуусч, яг сагсаа дүрмийнхээ дагуу тоглож эхлэх болов уу? Эсхүл та дүрэмгүй зодоон бий болгоод байгаа шударга бус шүүгчид, дүрэмгүй зодооныг бий болгож буй учир шалтгаан болсон тодорхойгүй дүрмийг нь тодорхой болгох уу? Засаг огцорвол тодорхой дүрэм нь тодорхой болж, сагсан бөмбөгийн талбай ур чадвартай, чин сэтгэлийн тоглолт болно гэж та итгэж байна уу? Эцэст нь та зодоонд оролцож хэн нэгний талд гарч болох ч энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх талаар та бодож үзсэн үү? Засаг огцорвол таны амьдралд бий болох нэг ч гэсэн эерэг өөрчлөлт, эерэг үр дүнг та надад хэлж өгөөч?
Ц.БАТМӨНХ