Монголын төрийг МАН гацаасан 7 хоног

Хуучирсан мэдээ: 2018.11.25-нд нийтлэгдсэн

Монголын төрийг МАН гацаасан 7 хоног

Монголын төрийг МАН гацаасан  7 хоног

Жижиг дунд үйлдвэрийг тойрсон дуулиан улам бүр эрчээ авсаар Засгийн газар, УИХ-ын дээр түймэр асч эхлэв. У.Хүрэлсүх ба М.Энхболд гэсэн МАН-ын хуваагдал намын хэрүүлээ төрийн ордонд чирж ирснээс Монголын төрийг гацаахад хүргэж, нэр бүхий 32 гишүүн ажил хаялт зарласнаараа тэд Үндсэн хуулийг зөрчиж, тойргийнхоо сонгогчдоос төрд төлөөлөх эрхэнд нь халдсан үйлдэл боллоо. Өнгөрч байгаа долоо хоног өдөр болгон үйл явдлаар дүүрэн , Монголын төр бараг “эзэнгүйдэх” шахсан гэхэд буруудахгүй юм. Монголын улс төрийн нөхцөл байдал үнэндээ өнгөрсөн долоо хоногт цаг хором бүрт өөрчлөгдөж байна.


ДАВАА

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн албан бланк дээр нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурсан Засгийн газрыг огцруулах шаардлагаа УИХ-д өргөн барьсан юм. Тэд Үндсэн хуулийн 25.1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан дараах үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж байна гэдгийг онцоллоо. Засгийн газрыг огцруулахаар болсны нэг үндэслэл нь алдарт ЖДҮ-ийн зээл. ЖДҮ-ийг хөжгүүлэх сангаас зээл авсан Ардын засгийн сайдуудын баримтууд дэлгэгдсээр байна. Мөн хүн хулгайлах дуулиан энэ Засгийн үед гарсан тул хариуцлага хүлээх ёстой гсэн шаардлага тавьсан билээ.

МЯГМАР

Ардчилсан нам болон УИХ дахь бүлэг хуралдаж, Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаагаа зарлав. Тэд өнгөрсөн хугацаанд Засгийн газар шатахууны үнийг бууруулах, долларын өсөлтийг зогсоох талаар ямар ч арга хэмжээ аваагүй гэсэн үндэслэлээр У.Хүрэлсүхийн засгийг огцруулах кноп дарна гэдгээ бүлгээс нь мэдээлэл хийсэн юм.

ЛХАГВА

“Хөх монгол” бүлгэмээс гэнэт мэдээлэл хийж Засгийг огцруулбал, УИХ-ыг тараахаар тэмцэнэ гэдгээ зарласан нь олон нийтэд айдас түгшүүр төрүүлсэн юм. Эрх зүйт засагтай оронд тэдгээр эх орончдын нэрийг баригсад аль хэдийнэ хуулийн хариуцлага хүлээх ёстой гэдгийг ч шүүмжлэх хүмүүс олон нийтийн сүлжээнд олон байлаа. Мөн энэ өдөр шатахууны үнэ нэмэгдсэн учраас ажил хаяна гэдгээ нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөгчид мэдээлэл хийсэн билээ.

ПҮРЭВ

УИХ-ын 32 гишүүн Монгол Улсын төрийн дээд байгууллага болох парламентын үйл ажиллагаанд халдав. Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэж мэдээлэл хийснээрээ Монголын төрийг гацааж, парламентын үйл ажиллагааг парламентын гишүүд гацаасан анхны үйл явдлын оролцогчид боллоо. Тэд жирийн сонгогчдынхоо Үндсэн хуулийн дагуу олгосон эрхэнд халдсанаараа УИХ-ын гишүүн байх эрхгүй гэдгийг харуулсан тохиолдол болсон юм.

БААСАН

Ерөнхийлөгчийн хориг, ХХААХҮС гээд төсөв мөнгөний асуудал хэлэлцэх үед таг алга болсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэнэт хэвлэлийнхнийг цуглуулж мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулна, Монгол төрийг цэвэрлэнэ гэдгээ хэлж, “Үхэхээс айхгүй ард түмнийхээ итгэлийг алдахаас айж байгаагаа” хоёронтаа учирлав. Жагсаал цуглаанд түүнийг уриалж байна гэсэн хардлагад ард түмнийхээ өмнөөс турхирахгүй гэдгээ хэлсэн юм. Гэхдээ түүнтэй цэрэг, цагдаагийн хүмүүс ирж жагсая гэж уулзсаныг онцолсон билээ.

-Энэ өдөр нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцсэн бөгөөд ирэх долоо хоногийн Мягмар гариг хүртэл хойшлуулсан билээ. Түүнчлэн Засгийг огцруулах асуудлыг хэлэлцэх Төрийн байгуулалтын Байнгын хорооны хурал мөн ирэх долоо хоногийн Мягмар гариг хүртэл хойшилсон юм.

-2019 оны нэгдсэн төсөвт бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваагүй юм.  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд, Сангийн сайд нар болон засгийн сайдууд "ажил хаялт" зарлан оролцоогүй юм.

-“Очир” тѳвийн зочид буудлын ѳрѳѳнд амиа алдсан 13 настай охины хэрэгт холбогдох шүүх хурал болж,  шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ.

БЯМБА

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ямар ч хэвлэлд нэг ч үг дуугараагүй УИХ-ын дарга М.Энхболд Монголын олон нийтийн үндэсний телевизэд ярилцлага өгсөн билээ. Тэрбээр болж байгаа үйл явдлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд “ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хотын дарга байхдаа газар олгож байсан. Мөн Хүрэлсүх тэр газраа байшин бариад зарсан, түүнчлэн Эрдэнэт, Оюутолгой, Төмөр замын 700 тэрбум АСЕМ, ЖДҮ-г шалгах ёстой ч хийхгүй байгаа учраас УИХ ажлын хэсэг гаргасан” зэрэг тайлбарыг өгсөн юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж