Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.11.24/ боллоо. Хуульзүй, дотоодын хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газраас өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн төрийн дээд одон медаль гардуулав. Эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж буй Хуульзүй дотоод хэргийн яамны 103 албан хаагч, Цагдаагийн ерөнхий газрын 207 ажилтан, цэргийн 37 алба хаагчийг шагнасан юм. Мөн дөрвөн албан хаагч офицерын бүрэлдэхүүнд шинээр багтлаа.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав үг хэлэв. Тэрбээр “Энд хүрэлцэн ирсэн та бүгдийн амрыг эрье. Монголчууд бид 1924 оны арван нэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхны Үндсэн хуулийг баталж Бүгд найрамдах Монгол Ард Улс гэж зарласнаас хойш эдүгээ 94 дэх жилтэйгээ золгож байна. Энэ өдрийг монголчууд хотол олноороо амарч баярлан тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан цэрэг цагдаагийн ажилтнуудад цол гардуулдаг түүхэн уламжлал тогтсон. Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдад амжилт хүсэж, тэдний гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Холбоотой мэдээ