Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өндөрлөхөд хоёр өдрийн барилдаан үлдлээ.
Кюүшюү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон Кисэносато нар өнжсөн нь озэки /арслан/, комүсүби цолтнуудад түрүүлэх том боломж гарч ирсэн. Гэхдээ энэ боломж комүсүби Такакэйшёод бий. Тэрбээр өчигдрийн барилдаанд Аоймагаар 12 дахь даваагаа авсан. Түүний араас хамгийн ойр даваатай бөх бол озэки Такаясү юм. Өнөөдрийн барилдаанд хоёр бөх оноолт таарсан. Кюүшюү башёгийн түрүү бөхөөр тодроход тун ойрхон ирсэн комүсүби Такакэйшёо озэки Такаясүг давбал шууд түрүүлэх болзлоо хангах юм. Хэрвээ Такаясү ялбал хоёр бөхийн даваа тэнцэж, түрүү бөх маргааш /2018.11.25/ тодорно.
Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил найман даваа авч тавин хувийн амжилтаа үзүүлж чадсан бол Таканоива А.Баасандорж, Чиёошома Г.Мөнхсайхан зургаа, Ичиножёо А.Ичинноров тав даваатай башёг үргэлжлүүлж байна. Ичиножёогийн хувьд тавин хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болсон.
Кюүшюү башё өнөөдөр 14 дэх өдрөө үргэлжлэн явагдана.
комүсүби Такакэйшёо
Холбоотой мэдээ