М.Уранцэцэг япончуудтай зэрэгцэн медалийн тавцанд зогсов

Хуучирсан мэдээ: 2018.11.24-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг япончуудтай зэрэгцэн медалийн тавцанд зогсов

М.Уранцэцэг япончуудтай зэрэгцэн медалийн тавцанд зогсов

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Японы Осака хотод болж байна. Энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээн 71 орны 421 жүдоч өрсөлдөж байгаагаас Монголоос 13 жүдоч багтсан.

Өчигдөр/2018.11.23/ хөнгөн жингийн барилдаанууд болж медальтнууд тодроход Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэн бол Ё.Басхүү хүрэл медалийн эзэн боллоо.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 18 жүдоч барилдсанаас М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, Япон Ёошида Сана, БНСУ-ын Юү Жон Каныг ялж, аваргын төлөө шалгаран үлдсэн. Тэрбээр Японы Фүна Тонакитай барилдаж, 49 секундэд ялагдан мөнгөн медаль хүртлээ. Сонирхолтой нь энэ жинд дөрвөн япон бөх барилдсанаас гурав нь медальд хүрсэн бол БНСУ-ын хоёр бөх шагналт тав, долдугаар байрт оржээ.

М.Уранцэцэг гурван япон бөхтэй зэрэгцэн медалийн тавцанд зогсож чадлаа.

“Их дуулга” тэмцээний ээлжит мөнгөн медалиа хүртсэн М.Уранцэцэг нэгэн түүхэн амжилтыг Осакагийн дэвжээнд бичив. Тэрбээр “Их дуулга” тэмцээнээс таван алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж нийт медалийнхаа тоогоор бүх жүдочдыг тэргүүлж эхэллээ.

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртэж, Японы хоёр, ОХУ-ын бөхийн хамт медалийн тавцанд зогсож чадлаа.

Ё.Басхүү АНУ, Кыргизстан болон Казахстаны хоёр бөхийг ялж, хагас шигшээд үлдсэн ч дэлхийн хошой аварга Японы Абе Хифүмид ялагдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө ОХУ-ын Хаметов Исламыг ялснаар “Их дуулга” тэмцээний анхны медалиа хүртлээ. Энэ жинд нийт 37 бөх барилджээ.

Манай бусад бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам шагналт долдугаар байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан М.Тогтохбаяр, Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн нар гуравдугаар тойргоос тэмцээнээ дуусгасан юм.

Тэмцээний эхний өдөр дөрвөн жингийн бүгдэд нь япончууд түрүүлсэн бөгөөд нийт 16 медалийн 10-ыг авчээ. Харин ОХУ, Монгол хоёр, БНСУ нэг медаль хүртлээ.

Тэмцээний хоёрдахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 57 кг-д Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нар өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж