Хамгийн сонин содон, гайхалтай гүүрүүд

Хуучирсан мэдээ: 2018.11.24-нд нийтлэгдсэн

Хамгийн сонин содон, гайхалтай гүүрүүд

Хамгийн сонин содон, гайхалтай гүүрүүд

Хүний явах замыг хөнгөвчлөн, аливаа хоёр зайг холбох төдий зориулалтаар байгалийн мод, олс, чулуу зэргээр хийгдэж байсан гүүрүүд нь он цаг улиран өнгөрөхийн хэрээр янз бүрийн зориулалт,  төрөл бүрийн материалаар олон талын ашиг тустай, тухайн газар орчиндоо өнгө үзэмж нэмсэн, уран нарийн загвар хийцтэй болж үүн дээр архитекторууд ч ур ухаанаа уралдуулах болжээ. Зөвхөн холбогчийн үүргийг гүйцэтгээд зогсохгүй аялал жуулчлалын, эдийн засгийн гэх мэт маш олон янзын зориулалтаар гүүрийг барьж байгуулж байна. Ингээд дэлхий дээрх хамгийн сонирхолтой, айдас хүргэм, үзэсгэлэнтэй гүүрүүдтэй танилцана уу.

ВЬЕТНАМЫН “АЛТАН ГҮҮР”

Вьетнамын Да Нан хотын Ба На ууланд баригдсан Алтан гүүр нь далайн түвшнээс дээш 1402 метрт оршдог байна. Нийт хоёр тэрбум ам.долларын зардлаар бий болсон энэхүү гүүрийг аварга том чулуун гар дээш өргөсөн мэтээр зохиомжилсон нь жуулчид Вьетнам улсыг зорих шалтгааны нэг болжээ. Гүүр нь 152 метр урт бөгөөд гүүрийг тулж буй хоёр гар нь чулуу биш ган төмөр гэнэ.

 

МАЛАЙЗЫН “ТЭНГЭРИЙН ГҮҮР”

Гүүр гэдэг бол аливаа хоёр зүйлийг хооронд нь холбох зориулалтаар барьж байгуулагддаг ч энэ гүүр ямар нэгэн зайг холбодоггүй зүгээр л байгалын сайхныг тольдох, жуулчдыг татах зорилготойгоор баригдсан байна. 2005 онд Малайзын Лангкави арлын ойролцоо байх 652.5 метрийн өндөр хоёр уулын завсар баригдсан уг гүүр нь дэлхийн хамгийн өндөр нэг тулгуурт гүүрний тоонд багтдаг. Цаг агаарын байдал сайхан байх үед Лангкави арлын үзэсгэлэнт байгалийг тэр чигт нь харж, дурандаж болох юм. Түүний урт нь 125м, өргөн нь 1.8м бөгөөд ердөө ганцхан багана дээр тогтдог байна.

КАНАДЫН ОЙН ДУНДАХ “КАПИЛАНО” ДҮҮЖИН ГҮҮР

Канадын хойд Ванкуверт орших "Капилано" дүүжин гүүр нь 140 метрийн урттай 70 метрийн өндөртэй. Гүүрийг үзэхээр жилд 800 мянган жуулчин тус орны зорьдог байна. 96 зааныг даах хүчин чадалтай энэхүү гүүрийг “Squamish” хэмээх эртний омгийн ахлагчийн нэрээр нэрлэсэн гэнэ. Шинэ жилийн баяраар энэ гүүр хамгийн үзэсгэлэнтэй болдог. Битүү цасаар хучигдсан өвлийн ойд моддын орой дээр орших “Капилано” гүүр гэрлэн чимэглэлээ асаасан байхыг харах хамгийн сайхан мэдрэмж юм.

УЭЛСИЙН “ПОНТКИСИЛЛТЕ” УСАН ГҮҮР

 

 

Уэлст гүнзгий хавцлын дээгүүр баригдсан алдартай Понткисиллте усан гүүрийг үйлдвэрийн хувьсгалийн эрин үе 1805 онд ашиглалтад оруулсан. ЮНЕСКО-ын биет соёлын өвд багтдаг энэ гайхалтай усан гүүр нь 307 м урт, 3.4 м өргөнтэй. Лианголлен сувгийг тосгон суурингуудтай холбон Ривер Дий голын хөндий дээгүүр газраас хамгийн өндөр хэсэгтэй 38м-т  баригдсан аж. Гүүр 18 чулуун суурин дээр төмөр бүтэцтэй баригдсан ба усны гүн 1.6 м гэнэ. Мөн давхар явган хүний замтай.

 

 

Хятадын орон сууцны ДУНДУУР баригдсан гүүр

 

Хүн ам шигүү суурьшсан Хятадын Чунцин хот хотын удирдлагууд, архитекторуудыг илүү ухаалаг, илүү бүтээлч шийдлүүдийг санаачилхад хүргэжээ. Энэхүү өвөрмөц галт тэрэгний гүүр нь нэгэн орон сууцны барилгын дунд байрладаг. Тус орон сууцны оршин суугчдын хэлснээр галт тэрэг тэдний амар тайван байдлыг алдагдуулаад байдаггүй гэнэ. Учир нь энэ галт тэрэг угаалгын машины дуунаас бага чимээ гаргадаг гэнэ шүү.

 

 

Хятадын шилэн гүүр

Хятадын Жангжиажиэ мужид баригдсан дэлхийн хамгийн өндөрт орших, хамгийн урт шилэн гүүр юм. Тус гүүр нь 300 метрийн өндөрт 430 метр үргэлжлэх бөгөөд зургаан метр өргөн шилэн шалтай бөгөөд гүүрийг барьсан бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт газар нь “Аватар” киноны зураг авалт хийгдсэн гэдгээрээ алдартай. Явган хүн явах зориулалттай уг шилэн гүүр нь 24мм-ийн зузаантай хоёр давхар шилэн шалтай. Энэ нь жирийн цонхны шилнээс 25 дахин бат бөх ажээ.

МАГДЕБУРГИЙН УСАН ГҮҮР 

 

Гол дээгүүр байрлах усан гүүр гэхээр үнэхээр сонирхолтой байгаа биз. Тийм ээ гүүрэн дээр ч гэсэн завиар аялах боломжтой. Магдебургийн усан гүүр гэх Германы энэ гүүр дэлхийн хамгийн урт усан гүүр юм. Германы эдийн засагт ч  өндөр ач холбогдолтой Эльба болон Хавел голуудын хоёр усан сувгийг холбодог. 2003 онд ашиглалтад орсон 918 метр урт  гүүрийг барихад 500 сая еврог зарцуулжээ.

 

ЯПОНЫ “ЭШИМА ОХАШИ” ГҮҮР

 

Галзуу хулганыг санагдуулам энэ гүүр 44 метрийн өндөртэй, 1,7 километрийн урттай жолооч нарын чадварыг сорьдог гүүр билээ. Мацүэ, Сакайминато хотуудын дунд байрладаг Накаүми нуурын дээгүүр 1997-2004 оны хооронд баригджээ. “Охаши” гэдэг нь Япон хэлний “Том гүүр” гэсэн үг юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж