Монголын тусгаар тогтнол, Монгол бахархлын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэл, XVII-XX зуун” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдлээ. Өчигдрөөс /2018.11.23/ үүдээ нээсэн тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгт онцгой байр эзэлдэг Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөргүүдийг олны хүртээл болгож буй юм. Нийт 90 гаруй бүтээлийг дэлгэсэн эл үзэсгэлэнд Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар, II Богд Лувсандамбийдонмэ, III Богд Ишдамбийням, IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц нарын дүр дүрслэлийг зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр хосгүй үзмэрийг сонирхох боломжтой.