НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас АН-ын бүлэг завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас АН-ын бүлэг завсарлага авлаа

НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөө өглөө хуралдахаар тов зарлагдсан ч МАН-ын бүлгийн хурал хойшилсноор 16 цагт эхэллээ. Тус хуралдаанаар НИТХ-д Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг чиг үүргээ биелүүлээгүй учраас  үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэлэлцэнэ. Үдээс хойш эхэлсэн хуралдаанд оролцох ёстой 45 төлөөлөгчөөс 43 нь ирснээр ирц бүрдэж, хуралдаан эхэлсэн билээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асуух, горимын санал гаргах хүсэлтээ   НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү гаргалаа. Тэрээр хэлэхдээ АН бүлгээс НИТХ-ыг товлосон цагтаа эхэлж байхыг хүсээд, Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг ээлжит бус хуралдаанд хэн танилцуулахыг мэдээлэхийг хүслээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлын танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн танилцуулна гэдгийг танилцуулсан.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор НИТХ дахь АН-ын бүлгийн горимын саналыг төлөөлөгч Э.Бат-Үүл танилцуулна гэдгийг бүлгийн дарга Ц.Баатархүү хэлснээр МУ-ын хөдөлмөрийн баатар, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл намынхаа бүлгийн нэгтгэсэн горимын саналыг хэлсэн юм. Тэрбээр “Ерөнхий сайдаас хотын даргыг огцруулах тодорхой хуулийн үндэслэл бүхий саналыг НИТХ-д оруулсан. Ерөнхий сайд хотын даргыг огцруулах тухай саналыг тавьж байгаа асуудал нь нийслэлийн засаг захиргааны түүхэнд анх удаа болж байна. Ийм улс төрийн үйл явц урд нь болж байсан түүх байхгүй. Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга хоёр өөр өөр намын харьяалалтай байхад ч ийм зүйл болж байгаагүй. Энэ бол Улаанбаатар хотын түүхэнд анх удаа болж байгаа зүйл. Энэ нь хуулийн дагуу зөв явахгүй бол маш ноцтой зүйл болно. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үндсэн хуулийн институтийн эрх хэмжээг дордуулсан хэрэг болно. Ингэж болохгүй. НИТХ-ын дарга С.Амарсайхан та ийм явдлыг хэрхэвч гаргуулж болохгүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга ирээд байхдаа яадаг юм. Юу гэсэн үг вэ. Юу ярьж байгаа юм. Засгийн газрын тэргүүнийг эзгүйд нь орлох албан тушаалтан бол Шадар сайд  байдаг. Өөрөө байгаа үед эрх мэдлээ хэнд ч шилжүүлдэггүй. Нийслэлийн өөрөө удирдах байгууллагад асуудлыг ийм дорд үзсэн байдлаар оруулж ирж болохгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг ч бид зөрчихгүй. Нөгөө талаар ийм санал оруулж ирсэн Монгол Улсыг Ерөнхий сайдаас НИТХ төлөөлөгч бид  асуулт асууж, хариулт авах эрхтэй. НИТХ-ын төлөөлөгч бол иргэдээсээ сонгогдсон хүмүүс. Иймд ээлжит бус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцох хүртэл АН бүлэг завсарлага авч байна” гэдгийг хэллээ.

Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ч мөн бүлгийн нэгтгэсэн шийдвэрээ танилцуулсан. Ирэх оны төсөв хэлэлцэх гэж байгаа тул 14 хоногийн завсарлага авах санал тавьсан. НИТХ-ын  дарга С.Амарсайхан  хурлын даргын бүрэн эрхийн дагуу АН түрүүлж санал тавьсан учраас нэг цагийн завсарлага өгсөн гэдгээ мэдэгдсэнээр НИТХ-ын ээлжит бус хуралдаанд завсарлалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж