Байгаль орчны иргэний зөвлөлийн 6 дугаар чуулган өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд болж байна. Байгаль орчны 700 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн тус зөвлөлийн 10 жилийн ой мөн энэ өдрүүдэд тохиож байгаа аж. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг энэхүү чуулганаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, цаашид хийх ажлаа тодорхойлон ярилцдаг юм. Энэхүү чуулганаар салбарын шилдгүүдээ тодруулж урамшуулсан байна. Нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн хоёр жилд хийж хэрэгжүүлсэн ажлыг иргэний зөвлөлөөс үнэлж шилдгээр тодруулжээ.
Нийслэлийн Байгаль орчны газраас 2017, 2018 онуудад хэрэгжүүлсэн шинэлэг ажлуудаас дурдвал:
Амьтан хамгааллын чиглэлээр
- Зэрлэг амьтан хамгаалах, асрах төвийг байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монголд анх удаа барьж ашиглалтад оруулснаар гэмтэж бэртсэн зэрлэг амьтдын дуудлагаар тусламжийн үйлчилгээ үзүүлдэг болсон.
- Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлсэн.
- Ногоон бүсэд анх удаа туруутан амьтдад зориулсан идэш тэжээл тавих биотехникийн арга хэмжээ, “Хавхгүй нийслэл” аяныг хэрэгжүүлсэн.
Нөхөн сэргээлтийн чиглэлээр
- Туул голын хориглосон бүсэд хайрга олборлосон, хууль зөрчсөн 95 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсан.
- Налайхын уурхайн нөхөн сэргээлтийг эхлүүлсэн.
- Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эвдэрсэн газрын иж бүрэн тооллого судалгаа явуулж, буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлгэх ажлыг эхлүүлсэн.
Ногоон хөгжлийн чиглэлээр
- Бүрэн цахилгаан тээврийн хэрэгслүүдийг нийслэл хотын авто зам ашигласны төлбөр, дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, нийтийн эзэмшлийн авто зогсоолуудад цэнэглэгч станц суурилуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн.
- Барилгын хэмнэлтийн хурдасгуур олон улсын санаачилгад нэгдэж, угсармал орон сууцны дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний аудит хийх төслийг хэрэгжүүлсэн.
- Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээнд Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр” бодлогын баримт бичиг, хөрөнгө оруулалтын төслүүдийг боловсруулж УБ хот Парисын хэлэлцээрээс хойш уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үндэсний зорилтот төвшинд оруулах хувь нэмрээ тодорхойлсон анхны хотуудын нэг болсон.
Байгаль хамгааллын чиглэлээр
- Байгаль хамгаалагчид интернет хяналтын систем, сансрын холбоо, дрон зэрэг дэвшилтэт техник, технологи, өндөр хүчин чадалтай автомашин, техник хэрэгслийг ашигладаг болсон.
- Орон нутгийн хамгаалалттай газрууд бие даасан байдлаар хөгжих, идэвхтэн байгаль хамгаалагчийн эрхийг орон нутгийн иргэдэд олгох боломжийг нээлттэй болгосон.
- Хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах, ахуйн үнсийг дахин ашиглах, хөл газрын ургамлаар хөрсний чанарыг сайжруулах, бохирдол шингээх өндөр чанартай ургамлын зүйлийг ногоон бүсийн ойжуулалт, тохижилтод ашиглах зэрэг технологийн судалгаануудыг хийж, хөрсний бохирдлыг байгалийн аргаар бууруулах алхмуудыг хийж эхэлсэн.
Усны нөөц хамгаалах чиглэлээр
- Усны хамгаалалтын бүс дэх иргэн, аж ахуйн нэгжүүд стандартын бус нүхэн жорлон ашиглахыг хязгаарласан.
- Туул гол, түүний цутгал голуудын онцгой хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, Газрын албатай хамтран эдгээр бүсэд газар олгох, зөвшөөрлийн хугацаа сунгах явдлыг хориглосон.
- Нийслэлийн ногоон бүсийн гол горхи, булаг шандны усны чанарт хяналт шинжилгээ хийж, тогтмол ундаргатай булгуудын эхийг дахин боловсруулсан материал ашиглан тохижуулсан.
Зуслангийн хөгжлийн чиглэлээр
- Зуны улиралд Зуслангийн мэдээллийн төв, иргэдийн оролцоотой Зуслангийн зөвлөл ажиллуулдаг болсон.
- Ногоон бүсийн ойн модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж үлдээсэн шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэх, зэрлэгшсэн нохой устгах ажлыг тогтмолжуулсан.
- Зуслангийн бүсээс мал гаргасантай холбогдуулан ургамлын бүрхэвчийг нэмэгдүүлэх зорилгоор ногоон бүсэд зөгий үржүүлэх төслийг эхлүүлсэн.
Ой хамгааллын чиглэлээр
- Модны хожуул болон үндэсний системийг ашиглан үрээр, тарьцаар ойжуулах, амьдралтын хувийг дээшлүүлэх аргыг хотын доройтсон ойд нэвтрүүлсэн.
- Нийслэлд ой, хээрийн түймэр гарах явдлыг зогсоож, түймрийн хяналт, шалгалт, хариуцлагыг сайжруулсан.
- Иргэн, аж ахуйн нэгжийн ургуулсан таримал ойг улсын ойн санд худалдан авах нөхцөлийг анх удаа нийслэлд бүрдүүлж, гэрээ байгуулж эхэлсэн байна гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.