АНУ-д өчигдөр талархлын баярыг орон даяар, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр хилийн цэргүүд болон хилийн чанадад алба хааж байгаа цэргүүдээ уг баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд нь АНУ-ын Пентагоноос анхаарчээ. Тухайлбал өнгөрсөн Мягмар гаригт /2018.11.20/ цэргүүдэд 130 тонн хүнсийг илгээсэн байна.
Талархлын баярын гол утга учир нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байх бөгөөд баярын ширээний гол идээ нь цангис жимсний шүүсээр амталж шарсан цацагт хяруулын мах болон хулууны бялуу байдаг билээ. Пентагоны зүгээс Ойрх дорнод, Европ, Африк болон өмнөд хилийн боомтуудад үүрэг гүйцэтгэж яваа цэргүүддээ 9738 цацагт хяруул, 30 тонн сам хорхой, 33 тонн үхрийн мах, 10 тонн хиам зэргийг илгээжээ. Цэргүүдэд талархлын баярын хүнс хүргэх логистикийн ажлыг өнгөрсөн хавраас эхлээд төлөвлөсөн аж.
АНУ-ын хилийн цэргүүдийн хувьд өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төв Америкаас гарсан цагаачдын цуваа АНУ-ын хил рүү ойртож байгаагаас үүдэн 6000 цэргийг Мексикийн хил рүү нэмж илгээгээд байгаа билээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ