2022 онд нягтлан, нярав зэрэг мэргэжил хэрэгцээгүй болно

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

2022 онд нягтлан, нярав зэрэг мэргэжил хэрэгцээгүй болно

2022 онд нягтлан, нярав зэрэг мэргэжил хэрэгцээгүй болно

Хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж байгаа энэ үед дэлхий дахинд нягтлан, нярав зэрэг мэргэжил хэрэгцээгүй болж байгаа ч Монголд энэ мэргэжил эрэлттэй хэвээр байна. Харин бизнесийн удирдлага, эдийн засагч, хуульч, мэргэжилтэй ч ажилгүй олон хүн байгаа юм. Монгол Улсад 100 гаруй мянган иргэн ажилгүй байна. Тэдний ажилгүй багаа нь мэргэжлээ зөв сонгоогүйтэй холбоотой байж ч болох аж. Ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй байх талаар мэргэжилтнүүд өнөөдөр /2018.11.23/зөвлөлдлөө. Тодруулбал, “Ирээдүйн ажил, мэргэжил” сэдэв дор өсвөр үеийнхэн, оюутан залуус хөдөлмөр, халамжийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд  зөвлөлдсөн юм.

МЭРГЭЖЛЭЭ СОНГОХДОО БУСДЫН НӨЛӨӨНД АВТАЛГҮЙГЭЭР ЗӨВХӨН ӨӨРӨӨ ШИЙДВЭР ГАРГАХЫГ ЗӨВЛӨЕ

Тэдний төлөөлөл нийслэлийн 31 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч О.Цэлмэгийн ирээдүйн мэргэжлийг сонирхлоо.

-Мэргэжлээ сонгосон уу. Тийм бол мэргэжлээ сонгоход хэн тусалсан бэ?

-Сэтгэл зүйч мэргэжлийг сонгосон. Мэргэжлээ өөрөө сонгосон. Учир нь Монголд энэ мэргэжил төдийлөн сайн хөгжөөгүй ч, эрэлттэй болох мэргэжлийн нэг нь. Бас энэ мэргэжил надад таалагдаж байгаа. Миний сонголтыг манай гэрийнхэн дэмжиж, тусалдаг. Өсвөр насныханд ямар асуудал тулгамддагийг би сайн мэднэ. Тиймээс хүүхдийн сэтгэлзүйгээр дагнан ажиллана гэж бодож байна.

-Танай ангийнхны хэдэн хувь нь мэргэжлээ сонгосон бэ. Мэргэжлээ сонгоогүй байгаа бол шалтгаан нь юу байдаг юм бол?

-Манай ангийнхны 80 хувь нь мэргэжлээ сонгоогүй байгаа. Хэдийгээр 12 дугаар ангид сурч байгаа ч одоог болтол мэргэжлээ сонгоогүй шалтгааныг нь сонсохоор аав, ээж  нь тийм мэргэжилтэй бол гэж тулгадаг ч өөрсдөө түүнд нь дургүй байдагтай холбоотой юм билээ.  Бас өөрөө яг юу хүсч байгаагаа, юу чадахаа хараахан мэддэггүй юм шиг санагдсан.

-Үеийн найзууддаа мэргэжлээ зөв сонгоход нь юу гэж зөвлөх вэ?

-Цэвэрлэгч хийгээд сэтгэл хангалуун, жаргалтай амьдарч байгаа хүн бий. Хүн өөрийнхөө чаддаг бас хүсч байгаа мэргэжлээ сонгох нь зөв. Дургүйд хүчгүй гэж үг бий. Ирээдүйд хийх ажилдаа сэтгэл хангалуун байх эсэх нь л чухал. Тиймээс мэргэжлээ сонгохдоо бусдын нөлөөнд авталгүйгээр зөвхөн өөрөө шийдвэр гаргахыг зөвлөе.

АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ХОЁР ХҮН ТУТМЫН НЭГ НЬ АЖЛЫН БАЙР ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ Ч

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал М.Алтансүхээс ажилгүйдлийн нөхцөл байдал, ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй байх талаар тодрууллаа.

-Монголд ажилгүйдэл ямар төвшинд байна вэ. Ажилгүйдлийн шалтгаан нь юу вэ?

-Монгол Улсад 2018 оны III  улирлын байдлаар 100 гаруй мянган иргэн ажилгүй байна. Ажилгүй багаа иргэдийн хоёр хүн тутмын нэг нь ажлын байр олдохгүй байна гэдэг.

-Бодит байдал дээр үнэхээр ажлын байр хомс байна уу?

-Бодит байдал дээр ажлын байр зарлагдсаар байдаг. Монгол Улсад зарлагдаж байгаа ажлын байр нь энгийн шаардлагатай байгаа. Гэтэл ажил хайж байгаа хүмүүсийн олонх нь диплом өвөртөлсөн байдаг. Ажилгүй иргэдийн гурван хүн тутмын нэг нь дээд боловсролын дипломтой, нэг нь мэргэжлийн сургалтын байгууллагын диплом өвөртөлсөн байна. Тиймээс энгийн ажил хийх сонирхолгүй байдаг. Үүнээс шалтгаалаад ажилгүй байна.

-Техник, технологи, хиймэл оюун ухаан хөгжиж байгаатай холбоотойгоор дэлхий нийтэд нягтлан бодогчоос эхлээд нэлээд хэдэн мэргэжил эрэлтгүй болж, зарим мэргэжлийн эрэлт ихэснэ гэж үзэж байгаа. Манайд ямар мэргэжил эрэлттэй болж, харин ямар төрлийн мэргэжил хэрэгцээгүй болох вэ?

-Дэлхийд хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор робот хүний хөдөлмөрийг хөнгөвчлөөд эхэлсэн. Харин манайд энэ байдал төдийлөн ажиглагдахгүй байгаа ч бид үүнд бэлэн байх ёстой. Манайд онлайн байдал нэвтэрснээр ажил мэргэжлийн чиг хандлагыг өөрчилж байгаа.

Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд 2022 он гэхэд нягтлан, нярав зэрэг мэргэжлийн хэрэгцээ багасна. Эсрэгээрээ дата (мэдээлэл) боловсруулдаг шинжээч, сэтгэл зүйч мэргэжлийн хэрэгцээ өснө. Харин Монголд улсын онцлогоос шалтгаалаад өөр байгаа. Дээд боловсролын тухайд инженерүүд эрэлттэй байна. Энэ нь манай эдийн засаг, бүтээн байгуулалттай холбоотой. Мөн эмч эрэлттэй байна. Нөгөөтэйгүүр нягтлан бодох бүртгэл эрэлттэй байгаа. Дэлхийд нягтлангийн хэрэгцээ багасч байхад манайд эрэлттэй байгаа нь хөгжилтэй холбооттой. Түүнчлэн барилгын салбар идэвхжиж байгаатай холбоотойгоор мэргэжлийн сургалтын байгууллагын маш олон мэргэжил эрэлттэй байна. Шаварчин, засалчин зэрэг. Мөн сувилагч мэргэжил эрэлттэй байна. Өөрөөр хэлбэл, төгс буй оюутнууд дээрх  мэргэжлийн хөдөлмөрийн зах зээлийг нөхөж чадахгүй байна.

-Ажил хайж байгаа хүмүүсийн гурван хүн тутмын нэг нь дээд боловсролтой, нэг нь мэргэжлийн үнэмлэхтэй байна гэлээ. Тэдний олонх нь аль чиглэлийн мэргэжилтэй хүмүүс байна вэ?

-Дээд боловсролтой хүмүүсийг судлаад үзэхээр бизнесийн удирдлага, эдийн засагч, хуульч, мэргэжилтэй хүн ажилгүй байх нь их байна. Дээрх мэргэжлийн хөдөлмөрийн зах зээл манайд хангалттай биш байгаа.

-Ажилгүй 100 гаруй мянган хүн байдаг гэсэн. Гэтэл тэдний 24 мянга нь хөдөлмөр, халамжийн хэлтэст бүртгэлтэй байдаг. Энэ нь ажил хайж бүртгүүлэлгүйгээр танил тал, найз нөхдөөсөө ажил сурагладагтай холбоотой байж болох уу?

-Монголд ажил хайж байгаа гурван хүн тутмын нэг нь найз нөхөд, хамаатан саднаасаа ажил асуудаг. Гэтэл хөдөлмөрийн  хэлтсүүдэд бүртгүүлээд ажил хайх арга барилыг зарим нь мэддэггүй байж ч болох юм.

-Сургуулиа төгсөөд ажил хайж байгаа хүмүүст нэг том асуудал тулгардаг. Ажил олгогч тал туршлагатай ажилтан хайдаг. Гэтэл дөнгөж төгсөж байгаа хүн ажиллаж байж туршлагатай болдог. Энэ байдал өөрчлөгдөх хандлага байна уу?

-Энэ хандлагыг үгүйсгэх аргагүй. Ажил олгогч өндөр үнэтэй техник дээрээ туршлагагүй хүн ажиллуулахыг боддоггүй. Энэ шаардлага хэзээд байна. Гэхдээ бидний хувьд ажил олгогч талд залуу ажилчдаас туршлага шаарддагаа багасгахыг хүсдэг.

-Ажил олгогч талын шаардлага хэт өндөр байна уу. Ажил хайж байгаа хүний чадвар сул байна уу?

-Ажил олгогч тал юу хүсдэг, ажил хайж байгаа залуус юу хүсдэг вэ гэдэг дээр бид судалгаа явуулсан. Ажил олгогч “боловсорсон” хүн хүсдэг ч хамгийн түрүүнд зөв хандлагатай, зөв хүнийг ажилд авна гэдэг болоод байгаа. Өөрөөр хэлбэл, ажил олгогч тал өөрийгөө бусдад зөв ойлгуулчихдаг, бусдаас үг сонсдог, зөвлөгөө авдаг, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд уусах чадвартай хүн бидэнд хэрэгтэй гэдэг болоод байгаа.

-Ажилгүйчүүдийн эгнээг нэмэхгүй байхад мэргэжил сонголтыг сайн таниулах нь чухал. Энэ тал дээр танайх хэрхэн ажиллаж байна вэ?

-Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хөдөлмөрийн чиг хандлага руу чиглэсэн томоохон хөтөлбөр хэрэгждэг. Төслийн хүрээнд оюутан, сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс ахлах ангийн сурагчид, тэдний эцэг, эхэд зориулан мэргэжлийн баримжаа, ирээдүйн чиг хандлагыг сурталчлан ажиллах зөвлөгөө өгдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж