Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.11.23/ цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газар байгуулагдаад жил болж байна. Би Ерөнхий сайдад томилогдохдоо индэр дээрээс хэлсэн үгээ биелүүлэхээр ажиллаж байгаа. Гадуур нийгэм бухимдалтай байна. Би иргэдийнхээ ахуй амьдралтай нь танилцлаа. Ард түмэн надаас хоёр зүйлийг хүсч байна. Төрийн албанд дэг журам тогтоож, цалин мөнгө эдийн засгийн уналтыг зогсоож өгөх хоёр хүсэлтийг тавьж байгаа. Сүүлийн үеийн судалгаанаас харахад ард түмэн шударга ёс сахилга хариуцлагыг хүсч байна. Надад хоёр зам байна. Шударга ёс бэхжүүлэхийн төлөө амь насаа хайрлахгүйгээр тэмцэх эсвэл сандал суудлаа хамгаалах гэсэн. Би бол нэг дэх замыг сонгож байна. МАНАН бүлэглэлийг зайлуулах цаг болсныг би өөрийн яс биеэр мэдэрлээ. Ийм бүлэглэл байдаг юм байна. Үүнтэй Ерөнхий сайд нь тэмцэж байна. Би М.Энхболдыг үүрэгт ажлаа өг, огцор гэсэн. Тэр "60 тэрбум"-ын бичлэг үнэн, М.Энхболд ярьсан нь үнэн. Тэр бичлэг бол эвлүүлэг биш. Монголын төрийг хууль бусаар зарж мөнгөжих гэсэн нь үнэн. М.Энхболдыг газрын наймаачин гэдэг, газрын наймаа хийсэн нь үнэн. Д.Хаянхярваа, Су.Батболдыг би ажлаа өг гэдэг шаардлага тавьсан. Үүний төлөө Засгийн газрыг огцруулах үндэслэл гаргаж тавьсан. М.Энхболд бид хоёр хар багаасаа найзалсан. Гэхдээ өнөөдөр би улсаа бодоод М.Энхболдыг огцруулах үндэслэл тавьсан. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Цаашид би намаа цэвэрлэх ёстой. Надад хүч тэнхээ эрх зүйн орчин дутагдаж байгаа ч олон түмэнтэйгээ хийж чадна гэж итгэж байгаа. Засгийн газрыг огцруулахаар зогсож байгаа 27 хүнийг сайн хараарай. Нөгөө яриад байдаг 30 гэр бүл чинь тэнд байгаа. Төрийн мөнгөөр баяжсан, газрын доорх баялгаар баяжсан хүмүүс амь тэмцэн зүтгэж байна. Тиймээс миний тэмцэл улам хатуурах болно.
Улс орны эдийн засгийн нөхцөл сайжирсан. Миний хийх ёстой хоёр ажлын нэг нь гайгүй явж байгаа гэж би бодож байна. Гадаад дотоодоор олон удаа явлаа. Монгол Улсын нэр хүнд гайгүй болсон байна. Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах ажил шийдэгдсэн. Тавантолгой улстөрийн гацаанаас гарсан. Автозамаа барьж байна, удахгүй сайхан замууд баригдана. Ирэх жил усан цахилгаан станцууд баригдана.
Би шударга ёс бий болгохоор тэмцэнэ. Дэвшилтэд үзэлтэй хүн бүр нэгдээсэй гэж хүсч байна. Би гудамж талбайд үймээн самуун, долоодугаар сарын 1 шиг үйл явдал болоосой гэж огт хүсэхгүй байна. Бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон байна. ЖДҮХС-гаас авсан зээлийн мөнгө төлөгдөөд дуусч байгаа. Засгийн газрын сангуудад шалгалт оруулаад эхэлсэн. Сангуудад ужгирсан, түгжирсэн зүйлүүд олон байна. Би намын даргын хувьд МАНАН бүлэглэлтэй ч хатуу тэмцэнэ. Намуудад ард түмнээ гэсэн сэтгэлтэй олон мянган хүн байгаа бол шударга бус зүйлийн тэмцэлд нэгдээсэй. Шударга бусын хонгил гэж яриад байдаг нь үнэн юм байна. Тиймээс энэ хонгилыг эвдэх хэрэгтэй. Ард түмэн бухимдалтай байгаа. Гудамжинд гарч тэмцэхээс ч буцахгүй байгаа. Гэхдээ би битгий тэгээсэй гэж хүсч байна. УИХ-ын даргыг өөрчлөх ёстой. Ингэж байж цааш ажил явна. Би өнөөдөр ийм зүйл яриад сууж байх биш, аж ахуйгаа хийгээд явж байх ёстой. Гэтэл надад улстөр ярихаас өөр арга алга. Засгийн газрын зорилтод тусгасан бүтээн байгуулалтууд хийгдээд явж байна. Нэг жилийн дотор тодорхой ажил хийсэн. Энэ их ажлын хажуугаар сахилга бат, шударга ёсыг бий болгох хэрэгтэй юм байна” гэв.
-Та 300 офицер цуглуулаад бослогод уриалсан гэх юм. Үнэн үү?
-Ням гаригийн орой 17.00 цагийн үед надтай 400 орчим хүн уулзсан. Тэр дунд цэрэг, цагдаагийнхан ч байсан. Надтай уулзаад, гудамж талбайд гарч тэмцэхээ илэрхийлсэн. Тухайн үед би тэгж болохгүй тайван байх ёстой. Та бүхэн гудамж талбайд битгий гараарай. үймээн самуун хийж болохгүй. Та бүхэн сэтгэл амар бай. УИХ-ын даргыг огцруулахын төлөө явна. УИХ, намын бүлэгтэй ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэрнээс биш бослого тэмцэл хийх гээд байгаа юм байхгүй. Л.Энх-Амгалан хариуцлагагүй зүйл ярьж байна лээ. Ард түмэн тайван замаар явах ёстой. Энэ ард түмнийг тайван байлгана гэж бодож байвал УИХ-ын дарга, хотын дарга ажлаа өг.
-Засгийн газрыг огцруулах кноп дарсан гишүүдэд ЖДҮХС-гаас шагнал болгож мөнгө өгсөн гэдэг нь үнэн үү?
-ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн асуудлыг би огт мэдэхгүй.
-Танай Засгийн газрын сайд Я.Содбаатар ЖДҮХС-гаас зээл авсан. Энэ хүнд хариуцлага тооцохгүй юм уу?
-Нөхөр Я.Содбаатар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Буруутай бол ажлаас нь чөлөөлнө гэж хэлсэн.
Холбоотой мэдээ