“Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-2018”-д Монголын компаниуд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

“Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-2018”-д Монголын компаниуд оролцож байна

“Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-2018”-д Монголын компаниуд оролцож байна

Монгол улсын Аялал, жуулчлалын хөгжлийн төв, МИАТ ХХК, “Жуулчин” ХХК, “Нью жуулчин турс” ХК, “Тэнгэр травел” ХХК, “Let’s Travel” ХХК, “Ger to Ger” ХХК зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулагч аж ахуйн нэгжүүд энэ сарын 23-наас 26-ны өдрийн хооронд “Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-2018”-д оролцож, Монгол орны аялал жуулчлалын онцлог, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчилна.

Монгол улсын Аялал, жуулчлалын хөгжлийн төвийн Захирал Б.Пүрэвжав хэлсэн үгэндээ “Бид байгаль орчинд ээлтэй, экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллах төдийгүй хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах үзэл санааг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэхийг зорьж байгаа төдийгүй тогтвортой хөгжлийн зорилтоо болгон ажиллах болно” хэмээв.

Монгол Улсаас Тайваньд суугаа төлөөлөгч П.Халиун хэлсэн үгэндээ “Аялал жуулчлал бол Монгол орны үйлдвэрлэлийн хамгийн чухал гурван салбарын нэг  бөгөөд бид 2020 он гэхэд авах жуулчдын тоогоо нэг саяд хүргэх хүсэлтэй байна. Жил бүр дунджаар 10 сая гаруй тайвань жуулчин гаднын улс оронд аялдаг тул бид энэхүү шинэ зах зээлийг нээх бүрэн боломж бий” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ноён Хуан Гуо Рун хэлсэн үгэндээ “Дэлхийд хамгийн томоохонд тооцоогддог аяллын мэдээлэл түгээгч Fodor’s-оос гаргасан дэлхийн өнцөг булан бүрийн аялахад таатай 52 газрыг сонгон зарласан бөгөөд Ази тив дэх аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудын жагсаалтын 1-р байрт Монгол орон бичигдсэн бол Тайпэй хот уг жагсаалтын 2-р байрт бичигджээ. Монгол орны цэлмэг хөх тэнгэр, Тайванийн номин ногоон далай тэнгис дэлхийн улс орон бүрийн аялагч жуулчлагч нарын анхаарлыг татдаг гэдгийг үүнээс харж болох юм” гэж онцлов.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр нээн ажиллаж буй Монголын аялал жуулчлалын павильоны зохион байгуулалтын ажлыг Монголын Аялал, жуулчлалын хөгжлийн төв хариуцан ажиллаж байгаа бөгөөд Монголын павильон монгол үндэсний уламжлалт амттанаар зочдоо дайлахаар төлөвлөж байгаа аж. Мөн үзэсгэлэнгийн үеэр Монгол орноо төлөөлөн оролцож буй уран бүтээлч Д.Даваасүрэн морин хуур, хөөмийн үзүүлбэрээр үзэгч олны сонорыг мялаах юм.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж