Томуу, томуу төст өвчний асуудлаар дүүргийн эмнэлгүүдэд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Томуу, томуу төст өвчний асуудлаар дүүргийн эмнэлгүүдэд ажиллалаа

Томуу, томуу төст өвчний асуудлаар дүүргийн эмнэлгүүдэд ажиллалаа

Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа болон холбогдох мэргэжилтнүүд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, “Энэр-Ази” өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцлаа.

Чингэлтэй дүүрэгт нийт амбулаторийн үзлэгийн 3.6 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нийт батлагдсан 75 ортой бөгөөд нэмэлтээр 100 ор гаргах нөөц бололтой аж. Өнөөдрийн байдлаар, тус эмнэлэгт 100 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас нэмэлтээр 15 ор дэлгэн хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Сүхбаатар дүүрэгт нийт амбулаторийн үзлэгийн 3.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвд ачаалал хэвийн, томуугийн дэгдэлтийн үед хүүхдийн түргэн тусламжийн дуудлагаар өдөрт 25-30 хүнд үйлчлэх боломжтой ажээ.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нийт батлагдсан 125 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар, 105 хүүхэд хэвтэн эмчлүүлж орны хүлээгдэл, чирэгдэлгүй ажиллаж байна. Тус эмнэлгийн статистик мэдээгээр, арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байсан боловч энэ сарын 15-наас буурах хандлагатай байна.

“Энэр-Ази” хүүхдийн эрүүл мэндийн төв нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 2300 өрхийн 9.300 гаруй хүн ам, түүний дотор 0-5 хүртэлх насны 744 хүүхдэд ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ажээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт хорооны нийт хүн амын 2264 буюу 59 хувийг хамруулсан байна.

Томуу, томуу төст өвчлөлийн бэлэн байдлыг ханган ажилласнаар тус дүүргүүдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хүлээгдэл, чирэгдэлгүй хэвийн ажиллаж байна. Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь нэн чухал арга юм. Эцэг эхчүүд олон нийтийн газарт хүүхдээ дагуулж явахгүй, дааруулахгүй байх, дархлааг нь дэмжиж аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гадуур гарахдаа амны хаалт зүүх зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ялангуяа гэрийн асаргаа, сувилгаа хүүхдэд маш чухал.

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 3.7 хувийг эзэлж байгаа нь өвчлөлийн байдал харьцангуй тогтвортой байгааг харуулж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна. Улсын хэмжээнд нийт хэвтүүлэн эмчлэх 22 мянган ор байдгаас 2500 нь хүүхдийн ор. Тэдгээрээс нийслэлийн хэмжээнд 977 хүүхдийн ор байгаа ч томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үед энэ нь хүрэлцдэггүй. Тиймээс энэ жил 850 орыг нэмэлтээр гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Тухайлбал насанд хүрэгсдийн 400 гаруй орыг хүүхдийн ор луу шилжүүлж, үлдсэнийг нь нэмэлтээр гаргахаар төлөвлөсөн. Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, тушаалын хүрээнд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг тодорхой хувиас дээш гарсан нөхцөлд үе шаттай арга хэмжээ авч, эмнэлгүүд төлөвлөгөөний дагуу ажиллана. ЭМЯ, БСШУЯ-тай хамтран ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг 2018 оны арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 01-нд болгохоор зохицуулалт хийсэн. Хэдийгээр амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхэд илүүтэй өвддөг ч ЕБС-ийн сурагчид уг өвчний халдварыг зөөвөрлөх бас нэгэн хүчин зүйл болж байгаа учраас олон нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах гэсэн зорилготой юм” хэмээн ярилаа гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж