“Талын хөх чононууд” хочит Монголын Улсын шигшээ баг 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн эрхийн төлөөх тэмцээний эхний шатанд Зүүн Тиморын шигшээ багтай таараад байгаа билээ. Эхний тоглолт гуравдугаар сарын 12-нд Зүүн Тиморт, хариу тулаан тав хоногийн дараа Улаанбаатарт болох юм. Шигшээ багийнхан бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж буй энэ үед ахлах дасгалжуулагч Санжмятавын Пүрэвсүхтэй ярилцлаа. “Жийгээ” нэрээрээ алдаршсан, Монголын хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг довтлогч юм.
–Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдон ажиллаж байгаад баяр хүргэе. Та шигшээ багийг маш хариуцлагатай үед авлаа. Хэзээнээс бэлтгэлдээ гарсан бэ?
-Баярлалаа. Би Монголын Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2015 оны нэгдүгээр сарын 16-наас томилогдон ажиллаж байна. Маш хариуцлагатай үед шигшээ багийг авсан. Тамирчид маань нэгдүгээр сарын 20-ноос бэлтгэлдээ гарсан. Биеийн хүчний ерөнхий бэлтгэл ерөнхийдөө хангагдаад дуусч байна. Өнөөдрөөс техникийн болон тактикийн бэлтгэлдээ орлоо.
-Манай шигшээ баг Зүүн Тиморыг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр буулгаж авахгүй бол 2022 оны ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээн эхэлтэл тоглолт хийхгүй. Харин хожвол биднийг цааш ямар тоглолтууд хүлээж байна вэ?
-Хэрвээ бид хожвол хоёр дахь шатанд шалгарна. Энэ шатанд АХБХ-ны шилдэг 40 улсын шигшээ баг тав таваараа найман хэсэгт хуваагдан тоглоно. Би нийт найман тоглолт, үүнийхээ дөрвийг нь Улаанбаатарт хийх боломжтой болно. Манай улсад Азийн шилдэг хөлбөмбөгчид ирж тоглоно гэсэн үг. Ингэснээр Монголын хөлбөмбөгт маш том дэвшил гарч, хөгжил нэг шатаар ахих боломжтой. Тиймээс бидэнд маш том хариуцлага оногдож байна.
–Зүүн Тиморын шигшээ багийг хэр судалсан бэ?
-Маш сайн судалж байгаа. Хоёр ч тоглолтынх нь бичлэгийг үзэж, тамирчдын тоглолт арга техникийг нь судалж байна. Тоглогчид нь дунджаар 185 см өндөртэй, хурдтай юм билээ.
–Зүүн Тимор халуун уур амьсгалтай орон. Цаг агаарын байдал таны санааг хэр зовоож байна вэ?
-Мэдээж бид цаг агаарын хүнд нөхцөлд тоглоно. Гэхдээ бидэнд эх орныхоо, Монгол Улсынхаа төлөө тоглоно. Бидэнд мянга мянган хөлбөмбөгч, дэмжигч итгэл хүлээлгэсэн болохоор ялагдах эрхгүй.
-Та багийнхаа бүрэлдэхүүнийг саяхан зарласан. Тамирчдаа ямар шалгуураар сонгосон бэ?
-Би Монголынхоо шилдэг клубүүдийн 35 тоглогчийг шигшээ багт дуудаж, бэлтгэл хийлгэсэн. Үүнээс хамгийн шилдэг 23+1 тамирчдыг сонгосон. Тоглогчдын бэлтгэл сургуулилт, техник ур чадварыг нь голчлон харж сонголоо.
-Эдгээр тоглогч өөр өөр дасгалжуулагчийн арга барилаар тоглоод сурчихсан. Тэднийг хэрхэн нэгтгэж байна?
-Хэдий тийм ч бид хөлбөмбөгийг нэг л дүрмээр тоглодог. Хүн бүр өөр өөрсдийн үүргээ мэдэж байгаа болохоор тамирчдаа нэгтгэж зангидахад асуудал гарахгүй. Бид одоо зөвхөн баг дотроо л ямар тактикаар тоглох вэ гэдэг дээр ярилцаад явж байна.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Монголынхоо нийт хөлбөмбөгч, хөгжөөн дэмжигчдэдээ хандаж, Монголын хөлбөмбөгийг нэг шатаар ахиулах эрхэм хүндтэй үүрэг та бидний өмнө ирчихсэн байна. Иймээс шалтаг тоочоод суух биш хамтдаа зүтгэе. Тамирчин хүний хамгийн бахархмаар зүйл бол Монгол Улсынхаа шигшээ багийн өмсгөлийг өмсч, төрийн дууллаа сонсоод, эх орноо гэсэн сэтгэлээ зүрхэндээ тээгээд тоглох тэр мөч байдаг.
Ч.Солонго
Эх сурвалж: http://the-mff.mn