Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 2018 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийв.
Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Гэгээрлийн сайд Ю.Ю.Васильева, ОХУ-ын Спортын сайд П.А.Колобков, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын орлогч сайд М.А.Боровская, ОХУ-ын Соёлын орлогч сайд О.С.Ярилова, ОХУ-ын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, хилийн чанадад амьдарч буй эх орон нэгтнүүд болон олон улсын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн агентлаг (Россотрудничество)-ийн орлогч дарга П.А.Швецов нартай тус тус уулзаж, хоёр улсын бүх шатны боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв, түүнчлэн “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.
Оросын тал Монгол Улстай тогтоосон уламжлалт сайн харилцаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө байдаг бөгөөд хариуцсан салбарынхаа хүрээнд туршлага хуваалцах, монголын боловсон хүчнийг бэлдэх, ялангуяа мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтанд хамруулахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Айлчлалын үеэр хоёр орны “Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2018-2020 онуудад хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын хөтөлбөр”, “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ОХУ-ын Соёлын яам хоорондын 2018-2020 оны Хамтын ажиллагааны хөтөлбөр”, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ОХУ-ын Спортын яам хоорондын Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн ОХУ-д хийсэн ажлын айлчлал нь хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны хөгжилд чухал хувь нэмэр орууллаа.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ