Хоригийг хүлээж авсангүй
Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, гишүүдийн 82,6 хувь нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Энэ асуудлыг хэлэлцэх үед гишүүд өчигдөр үүссэн шинэ нөхцөл байдлын талаар нэлээд асуув. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч өчигдрийн чуулганы хуралдаан дээр хоригт тодотгол хийсэн гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. Иймд өнөөдөр Төсвийн байнгын хороо дахин хуралдаад хоригийг хүлээж авахгүй, гэхдээ Засгийн газраас төсвийн тодотгол оруулж ирвэл Ерөнхийлөгчийн саналыг тусгая гэж шийджээ. Мөн гишүүдийн ирц муу байгааг танхимд сууж буй гишүүд онцлоод Засгийн газрын сайд нар ч орж ирэхгүй байгааг шүүмжилсэн юм.
Үүний дараа Ерөнхий сайдад АН-ын бүлэг асуулга тавих ёстой байсан ч хойшлуулсан юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд валютын ханш, шатахууны үнийн өсөлт, Засгийн газрын өртэй холбоотой асуудлаар өнгөрсөн сарын эхээр асуулга тавьсан юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт энэ асуудал хойшилсон бол энэ долоо хоногт дахин хойшиллоо.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Өмнөх долоо хоногт хэлэлцээгүй хойшилсон шалтгаан нь Засгийн газрын гишүүд байгаагүй. Гэтэл өнөөдөр чуулганы танхимд дахиад л нэг ч сайд алга. Ийм байдалтай валютын ханшийн өсөлтийн асуудлыг хэлэлцэж болохгүй. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд л энэ их улс төржилтөөс бол валютын ханш огцом өссөн. Өнөөдөр валютын ханш 2600 төгрөг боллоо. Бензин шатахуун, эд бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. Ийм чухал үед парламент, Засгийн газар нь бүгд улс төржөөд, төрийн ажлыг гацаагаад, энд тэнд очиж, худлаа үнэн шударга ёс ярьж, мэдэгдэл хийсэн хүмүүс байна.Ингэж ард түмнийг зовоож болохгүй.
Засгийн газрын гишүүдээ хуралдаанд оруулж чадахгүй юм бол энэ парламент өөрсдөө асуудлаа ярих цаг нь болсон байна. Ийм байдалтай хэдий удах юм бэ. Тэгээд өрөө, өрөөндөө очоод, гоё, гоё юм яриад суугаад байх юм.
Гадаа ард түмний амьдрал ямар байгааг бодож үзээд бүгдээрээ ард түмний төлөө нэг хөдлөхгүй юм уу. Ийм байдалтай байх юм бол би өөрөө энэ асуулгад оролцохгүй. Хэдий болтол хуралдсан дүр эсгэж явах юм.
Угаасаа бүтэхгүй юм байна. Нэг тийшээ болъё. У.Хүрэлсүх гоё юм яриад огцрохгүй байгаа бол М.Энхболд дарга хамт өргөдлөө өг. Хоёулаа өргөдлөө өгсөн нь дээр. Үнэндээ парламентын нэр хүнд шалан дээр уначихлаа гэдгийг би жилийн өмнө хэлсэн шүү дээ. УИХ-ын дарга валютын ханшийн талаар асуулгыг дахиад хойшлуул. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Би асуулгад Ардчилсан намын бүлгийн гишүүдтэйгээ оролцохгүй.” гэв.
Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.
Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы хуралдаан үдээс өмнө 11.30 цагт эхэлсэн ч МАН-ын бүлэг хурал зарласан тул түр завсарласан. Ингээд үдээс хойш 15.40 цагийн үед эхэллээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороогоор авч хэлэлцсэн ч дэмжээгүй юм.
Ингээд Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд, Н.Амарзаяа нар уншиж танилцуулав. сануулахад, өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хориг дээр шинэ нөхцөл байдал үүссэн гэж асуудал тавьснаар бүлэг хуралдах шаардлагатай болсон. Иймд энэ асуудлыг хойшлуулаад байсан юм.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
М.Энхболд: Би УИХ-ын гишүүний эрхээ эдэлсэн
УИХ-ын чуулганы хуралдааныг 11.30 цагийн үед эхлүүлэнгүүтээ түр завсарлууллаа. Энэ үед УИХ-ын дарга М.Энхболд товчхон мэдэгдэл хийсэн юм.
Тэрбээр “УИХ-аар Засгийн газрыг огцруулах эсэх асуудал хэлэлцэх үед намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх юм бол дэд дарга нарын нэгээр чуулганыг удирдуулж болно. Тэрнээс бусад үед УИХ-ын даргын эрх үүргийнхээ хүрээнд чуулганыг удирдаж, УИХ-ын гишүүний эрхээ эдэлж байх ёстой. Ингээд өнөөдөр /2018.11.23/ өглөө 13114 тоо албан бичгийг гишүүдэд хүргүүлсэн. Үүнд Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл, УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйл, Дэгийн тухай хуулийн 4.9, 4.10 дугаар заалтыг үндэслэж би УИХ-ын гишүүний эрхээ эдэлсэн. Хоёрдугаарт, УИХ-ын даргын хувьд ашиг сонирхлыг зөрчил байхгүй тул өмнө нь болж байсан жишээнүүдийг дурдсан албан бичиг хүргүүлсэн. Иймд нэр бүхий 32 гишүүн хуралдаа суух хэрэгтэй” гэв.
Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ерөнхийлөгч хоригтоо өөрчлөлт оруулсан тул бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлага үүссэн. Иймээс чуулганы хуралдаанаас түр хугацаагаар завсарлага хүсэж байна гэв. Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэх хугацаа өнөөдөр дуусч байгаа тул бүлгээр хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүртэл чуулганы хуралдааныг түр завсарлуулав.
Холбоотой мэдээ