Дэлхийн рингэнд Монголоо таниулсан М.Нандинцэцэг

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн рингэнд Монголоо таниулсан М.Нандинцэцэг

Дэлхийн рингэнд Монголоо таниулсан М.Нандинцэцэг

Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Олимп, дэлхийн медальтнуудыг эгнээндээ нэгтэж, монгол эрчүүдийн хүчийг дэлхийд таниулсан боксынхонд түүхт ой дээрээ томоохон бэлэгтэй сууна. Энэ бэлгийг эдгээр өдрүүдэд Энэтхэгийн Шинэ  Дели хотод болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалиар Мягмардуламын Нандинцэцэг барилаа. Тэрбээр өчигдөр/2018.11.22/ медалийн өнгөө хувиргах шийдвэрлэх тулаанд Болгарын С.Петроватай тулалдсан ч 5:0-оор ялагдсан юм. Гэхдээ М.Нандинцэцэг энэ медалийг авахын тулд Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питес, Мараккогийн З.Захроу нарыг дараалан ялж, медалийн болзол хангасан.

Энэ жингийн аваргын алтан медалийн төлөөх тулаан маргааш болж, М.Нандинцэцэг хүрэл медалиа гардан авна.

Монголын эмэгтэй боксчдыг түүхийг тод томруунаар дэлхийн дэвжээн бичиж өгсөн М.Нандинцэцэг өдгөө 30 настай. Тэрбээр Эрдэнэт хотод төрж өссөн бөгөөд 2003 оноос эхлэн боксын спортоор хичээллэж эхэлжээ. Эмэгтэй хүний хийх ажил биш гэх зэмлэлийг олонтоо сонссон ч М.Нандинцэцэг зорилгынхоо төлөө тууштай явсны эцэст 15 жилийн дараа дэлхийн медальтан боллоо. Энэ бол Монголын боксын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон.

М.Нандинцэцэгийн анхны багш Л.Энхбаатар энэ олон жил шантралгүй тэмцэх их зоригийг өгчээ. Багштайгаа олон жил бэлтгэл хийсэн тэрбээр сүүлийн жилүүдэд шигшээ багийн дасгалжуулагч нарын удирдлага дор бэлтгэлээ ханган Энэтхэгийг зорьсон юм.

2018 оны ДАШТ-д 73 орны боксчид өрсөлдсөнөөс 21 орны тамирчид медалийн болзол хангасан. Тэгвэл тэдний дунд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал нараар урирдуулсан Монголын багаас М.Нандинцэцэг багтсан юм. Дэлхийн медальтан болсон М.Нандинцэцэг энэ спортыг сонгон хичээллэж байгаа Монголын охидуудад томоохон итгэл найдварыг өгч чадлаа. Түүний ялалтаар дамжуулан ирээдүйд их спортыг сонгон эх орныхоо нэр алдрыг дэлхий дахинд мандуулахыг хүссэн олонд хүч тэнхээ бэлэглэж байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу “Инчён 2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн М.Нандинцэцэг дэлхийн медальтан болох хүсэл зорилгоо хаяж чадаагүй байна. Их спортод зориглож орсон хүн багагүй хувийн зүйлсийг золиосонд гаргадаг. Гэхдээ тэр бүгдийг тэсвэр, тэвчээртэйгээр даван туулсны эцэст Монгол түмнээ баярлуулж чадлаа. Бас монгол эмэгтэйчүүдийн хүч чадал байгаа шүү гэдгийг боксын рингэнд харуулж өгсөн юм.

М.Нандинцэцэгээр олон түмэн бахархаж, М.Нандинцэцэгийн ялалтаас олон залуус урам авлаа.

БИЧЛЭГ: М.Нандинцэцэг – С.Петрова /Болгар/ 0-5

БИЧЛЭГ: М.Нандинцэцэг -З.Захроу / Маракко/ Хүрэл медалийн төлөөх тоглолт 5:0

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж