Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас түдгэлзүүлэв

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас түдгэлзүүлэв

МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших (2018.11.22) нэгдсэн хуралдаан 16 цаг 24 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоолуудад бүхэлд нь тавьсан хоригийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ дахь АН-ын бүлэг үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр завсарлага авсан бөгөөд “Улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралд хамааралтай нөхцөл байдлыг талууд ойлголцож, асуудлыг зөв шийдэх ёстой хэмээн үзэж завсарлага авсан. Ойлголцолд хүрнэ хэмээн найдаж байна” хэмээгээд завсарлагын хугацаа дууссан талаар УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Үргэлжлүүлэн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар танилцуулсан.

Монгол Улсын 2019 оны төсвийн талаар УИХ-ын дарга байр сууриа илэрхийлэхдээ Тамгын газрынхаа төсвийн зардлыг 10 хувиар бууруулахаа мэдэгдэж, төсвийн зардлаа 10 хувиар бууруулахыг төрийн бүх шатны байгууллагад уриалсан гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулгынхаа эхэнд дурдлаа. УИХ-ын даргын энэхүү уриалгыг Ерөнхийлөгч дэмжиж, хэмнэлтийг 15 хувьд хүргэх, хэмнэсэн хөрөнгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх, зураг төсөлгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн зардлуудыг танах, чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалуудыг цомхотгох зэрэг тодорхой санал, санаачилгууд гаргасан гэв.

Батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан бөгөөд улс орны нийтлэг эрх ашиг, хувь заяатай холбоотой төрийн бодлогыг засаж, алдаа завхралыг арилгах асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан боловч үр дүнд хүрсэнгүй гэжээ. Иймд хэд хэдэн асуудлыг засах зайлшгүй шаардлага байгааг УИХ-д дахин сануулж, хориг тавьсан болохыг танилцуулгад дурдсан. Тухайлбал, асар их алдагдалтай төсөв баталж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн. Зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар хуульд тусгасан. Уул уурхайн салбарын орлогыг хийсвэрээр төлөвлөсөн, гадаад өр, зээлүүдийн үндсэн төлбөрийн асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй орхисон зэргийг хоригт дурдсан талаар З.Энхболд танилцуулсан юм. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоолуудад бүхэлд нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ-ын Хууль зүй, Төсвийн байнгын хороод хэлэлцэн дэмжээгүй гэдгийг дурдав. Байнгын хороодын хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч дахин авч үзээд дээрх хоригийн тодотгол болгож 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгиг УИХ-ын даргад хүргүүлсэн аж. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга үргэлжлүүлэн “Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, тогтоомжуудад бүхэлд нь хориг тавьсан. Уг хоригийг УИХ-ын холбогдох Байнгын хороодоор хэлэлцэх явцад УИХ-ын зарим гишүүний гаргасан санал болон улс орны тусгаар тогтнол, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой байдал, нийгмийн зүгээс хүлээлт үүсч байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан үзсний үндсэн дээр хориг тавьсан асуудлуудыг уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус бие даасан хөгжлийг бэхжүүлэхэд уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх асуудал нэн чухал байна. Малчин өрх бүрийн жил бүр үйлдвэрлэдэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох үйлдвэрүүдийг аймаг бүрт барьж байгуулснаар улс орны эдийн засгийн тогтвортой байдал тогтвортой хөгжиж бодит хувь нэмэр оруулах, тогтвортой, байнгын урт хугацааны ажлын байрыг олноор нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой тул Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд уул уурхайн бус экспортын үйлдвэр, түүний дотор мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийг тусгах шаардлагатай” гэснийг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Иймд УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, холбогдох хуулийн зохицуулалтад үндэслэн төсвийн тухай хуульд тодорхой асуудлуудыг нэмж тусгах боломжтой талаар албан бичигт дурдсан болохыг З.Энхболд дарга хэлэв.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд болон Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн нар танилцуулагдсан хоригийг УИХ-ын нэр дурдагдсан Байнгын хороод хэлэлцэн санал, дүгнэлтүүдээ гаргасан бөгөөд хоригийг тодотгон өөрчилж буй талаарх асуудал шинээр өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулагдаж байгаа тул Байнгын хороод дахин хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тодотгосон албан бичгийн талаар болон уг асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийн талаар, мөн энэ хэлэлцүүлгүүдэд Засгийн газрын гишүүд оролцохгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буй талаараа тус тусын санал, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Тогтохсүрэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Уг хоригт өнөөдөр тодотгол хийснээ танилцууллаа. Иймд уг асуудлыг бүлэг хэлэлцэх шаардлагатай тул завсарлага хүсч байна” гэв. Дээрх хоригийг хэлэлцэх хуулийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болох бөгөөд энэ хугацаанд Баасан гарагийн чуулган л хуралдана гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд онцлоод уг хүсэлтийн дагуу тус бүлэгт нэг өдрийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ.

Д.ХҮРЭЛБААТАРЫГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН АЛБАН ТУШААЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай байлаа. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулга хийв. Тэрбээр “Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнаж байдаг Монгол Улсын Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар холбогдсон. Энэ талаар би  2018 оны 11 дүгээр сарын 14-нд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай уулзаж, төрийн өндөр албан тушаал хаших ёс зүйн эрхгүй талаар өөрт нь хэлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавьсан. Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь заасны дагуу 11 дүгээр сарын 19-ний өдөр үүрэгт ажлаасаа түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлсэн. Энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас холбогдох мэдээллийг авсан. Ингээд Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Монгол Улсын Ерөнхий аудитор гэмт хэрэгт сэжиглэгдсэн болон шүүхийн шийдвэр гарах хүртэл Улсын Их Хурал албан тушаалаас нь түдгэлзүүлэх ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албан тушаалаас нь огцруулна” гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас  түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавьсан” гэж байлаа. Уг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэн санал, дүгнэлтээ гаргасан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас  түдгэлзүүлэхийг дэмжсэн болохыг Н.Тогтохсүрэн гишүүн танилцуулав.

УИХ-ын даргын танилцуулга болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан, М.Билэгт, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын даргын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Д.Тэрбишдагва гишүүн хэлж байлаа. Тэрбээр ажлын хэсэг ойрын хугацаанд УИХ-д санал, дүгнэлтээ танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ хүрээнд Үндэсний аудитын газраас холбогдох баримт бичгүүдийг яаралтай ирүүлэх талаар сануулсан юм.

Үргэлжлүүлэн санал хураалт явуулав. Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлэхийг дэмжсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.1 хувь нь дэмжлээ. Иймд “Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжснээр дээрх УИХ-ын тогтоол батлагдлаа.

Ийнхүү Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн бөгөөд төгсгөлд нь УИХ-ын дарга М.Энхболд “Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанд ирцийн асуудлаар маргаан үүссэн. Надад УИХ-ын 32 гишүүний гарын үсэг бүхий бичиг ирсэн. Тэр бичигт “УИХ-ын дарга Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан учраас ашиг сонирхолын зөрчил үүсч байна. Тиймээс энэ асуудлыг шийдтэл нэр бүхий 32 гишүүн нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд оролцохгүй” гэжээ. УИХ-ын дарга ч гэлээ УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр бий. Тиймээс хууль болон тогтоолын төсөл санаачлах эрх надад бий. Маргаашаас чуулганы нэгдсэн хуралдаан хэвийн журмаар үргэлжилнэ. Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр бол санаачилсан учраас ашиг сонирхлын зөрчил байна гэж үзвэл УИХ-ын дэд дарга нарын нэг хуралдааныг удирдаад үргэлжлүүлж болно. Чуулганы нэгдсэн хуралдаан маргаашаас хэвийн журмаар үргэлжилнэ гэдгийг албан ёсоор нийт гишүүдэд дуулгая” хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж