EPA/ROMAN PILIPEY
Евроинтеграци болоод түүний эсрэг талынхны хооронд хэдэн сар үргэлжилсэн сөргөлдөөнөөр ерөнхийлөгч Виктор Януковичийг хүчээр засгаас зайлуулсан тэр өдрөөс хойш яг нэг жил боллоо.
Энэ нэг жилийн дотор Украинд маш эрчимтэй үйл явдал өрнөж, тус орны 50 сая иргэн тухайн асуудлыг бүрэн дүүрэн ухаарч амжилгүй өнгөрлөө.
Энэ нэг жилийн дотор хөрөнгө оруулалт гадагшилж, үндэсний валют нь бараг гурав дахин суларч, Крым Орост нэгдэж, Зүүн Украинд зэвсэгт сөргөлдөөн дүрэлзэж, Донбассын аж үйлдвэрийн бүсийг сүйрүүлсэн хэрэг явдал дагалдсан эдийн засаг, нийгмийн гүнзгий хямралд Украин нэрвэгдлээ.
Хэрэг явдал хэрхэн эхлэв?
Вильнюс хотноо болсон “Зүүн түншлэл” саммит дээр Украины Европын холбоотой эвсэлдэх гэрээнд гарын үсэг зурахаас нэг долоо хоногийн өмнө 2013 оны арваннэгдүгээр сарын 21-нд Украины засгийн газрын мэдэгдэл гарч эвсэх гэрээ байгуулах “бэлтгэл ажиллагааг зогсоосон тухай” зарлажээ.
Үүний хариуд Дээд радын сөрөг хүчин парламентын ажиллагааг тасалдуулж, засгийн газрын эсрэг жагсаал, цуглаан Тусгаар тогтнолын талбайд (майдан Незалежности) эхлэв. “Евромайдан” нэр авсан гурван сарын ширүүн сөргөлдөөн эхэллээ. Эсэргүүцлийн явцад ихээхэн догшин ширүүн эсэргүүцэгчид Киев хотын төвд засаг захиргааны хэд хэдэн байрыг эзлэн талбайд эсэргүүцэгчдийн майхант лагерийг босгон өөрийгөө хамгаалах хүч хэмээх зэвсэгт жигүүр байгуулан хууль хяналтынхантай ил сөргөлдөөнд орлоо.
Киев хотын төвд хүчирхийлэлээр зуу гаруй хүн амь үрэгдэж, Николай Азаровын засгийн газар огцров. Тэр үеийн ерөнхийлөгч Виктор Янукович улс орноо орхин гарлаа. Засгийг Дээд радын сөрөг хүчний жигүүрийнхэн авав. Үүнээс өмнө хоёрдугаар сарын 21-нд сөрөг хүчний лидерүүд Януковичтай хямралыг зохицуулах гэрээнд гарын үсгээ зурсан байв.
Хоёрдугаар сарын 22-нд эсэргүүцэгсэд ерөнхийлөгчийн захиргааны ордонг эзлэн албан тушаалтнуудад Янукович хаана байгааг олох даалгавар өгсөн юм. Ерөнхийлөгч хайх болсон шалтгаан нь түүнгүйгээр 2004 оны Үндсэн хуулийг буцаан сэргээсэн хуулийг хүчин төгөлдөр болгох боломжгүй байсан юм. Тэрхүү хуулиар төрийн тэргүүний эрх мэдэл багасч, парламент нь Засгийн газраа байгуулах, хүчний байгууллагыг хянах эрхтэй болох байв. Ингээд Дээд рад нь ерөнхийлөгчөөс Виктор Янукович өөрөө өөрийнхөө суудлаас татгалзсан гэж үзээд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг тавдугаар сарын 25-нд зарласан юм. Мөн парламентын даргаар Александр Турчиновыг сонгон түүнийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгосон билээ.
Янукович UBR сувгаар богино хэмжээний ярилцлага өгөхдөө, болж буй хэрэг явдлыг “вандализм, дээрэм, төрийн эргэлт” гэж нэрлээд огцрохоос татгалзсан юм. Дараа нь тэрээр Крымаар дамжин Орост гарч орогносон юм.
"Евромайданыг" хэн удирдав?
Тэр үеийн сөрөг хүчин төрийн эргэлтийг хийж чадах байсан уу гэдэг асуудал өнөөдөр ч тавигдсаар байгаа юм. Хэдийгээр хэт барууны “Баруун сектор” хөдөлгөөн 60 мянган хүнийг нэгтгэсэн гэж байсан ч үндсэрхэг үзэлтнүүд Барууны орнуудын санхүү, сэтгэл санааны дэмжлэггүйгээр засаг авч чадахгүй байсан гэдэг.
Майданы эсэргүүцлийн үеэр Баруун Украиныг Югослав болгон хувиргаж, сөрөг хүчний лидерүүд Януковичтай хэлэлцээрт орохоос татгалзан барууны тусгай албадын заавараар иргэний дайн руу түлхэж байна гэж Дээд радын депутат Вадим Колесниченко мэдэгдэж байлаа. Тэрээр майданыг барууны тусгай албаныхан удирдаж байна гэсэн юм. Түүнд байгаа мэдээллээр, арванхоёрдугаар сард нь гадаадын шинжээчид гэх 300 хүнийг Украинаас гаргасан ч сэтгүүлч нэрийн дор зуугаад нь Киевт үлдсэн байжээ. Мөн өдөөн хатгалаг хийхээр 1700 дайчид бэлтгэгдэж байгааг тэр хэлсэн юм.
Иргэний дайн өдөөх зорилгоор АНУ-ын шууд оролцлоготойгоор "Техкемп" төслийг хэрэгжүүлэн мэдээллийн дайны мэргэжилтнүүдийг бэлтгэж байна хэмээн тэр үеийн депутат Олег Царев мэдэгдсэн. Түүнийг АНУ-ын Элчин сайд Жефри Пайетта зохицуулж ирсэн гэж тэр хэлсэн байлаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Виктория Нуланд Украинд хэд хэдэн удаа ирэн сөрөг хүчний лидерүүдтэй уулзан хоол хүнс майданд тарааж байв. Америкийн өндөр тушаалын тагнуулчид ч цөөнгүй ирж байсан юм. Европын том гүрний Гадаад хэргийн сайд нар Янукович ба сөрөг хүчний лидерүүдийн гэрээний баталгаа болж байсан юм.
Жилийн дотор юу өөрчлөгдөв?
Жилийн Украин огт өөр болов. Маш их асуудал гарсан нь түүний оршин тогтнох, өнөөгийн удирдлагын тэсэх эсэхийн асуудал болоод байна. Хувьсгалын гол хүч нь нацист эсвэл үндсэрхэг радикал хүчин байсан юм. Тэд эхэндээ засагт гарч чадсан бол одоо тэднийг Порошенко шахсаар байгаа юм. Тиймээс ч тэдний түшиг тулгуур болсон сайн дурын сумангуудыг зүүн Украины иргэний дайнд “машиндуулах” сонирхол байгааг үгүйсгэх аргагүй юм. Дайны бурууг Орост тохон Барууны тусламж авах сонирхол эрх баригчдад бий. Ер нь иргэний дайн нь “майданы мэргэн буучид” Одесса, Мариполь зэргийн аллагуудын эзэнг олоогүй, Малайзийн онгоцны сүйрлийг тодруулаагүй үед ганц аврах цагираг юм. Гэхдээ хэт радикалууд хүчний байгууллагуудыг өөрийн хяналтад авсан байна.
Украин “нүүрээ угаасан” ч нэгэн байрандаа зогссон хэвээрээ. Эдийн засгаа Оросын нөлөөнөөс гаргахаар хичээн барууны нөлөөнд өөрсдийгөө оруулж байна. Хэрэв энэ нэг жилийн эдийн засаг, инфляци, мөнгөний ханшны уналтыг харьцуулах юм бол Украин одоо 1990-ээд оны төвшиндөө эргэн оржээ. Энэ нь ард түмний амжиргаанд маш хүндээр тусч байгаа нь өнөөгийн эрх баригчдын ирээдүйтэй холбоотой. Хувьсгалаар жил өнгөрсөн ч Украин хамгийн их авлигатай хэвээр ол байгаа юм. Эрх баригчид ирж л байдаг, явж л байдаг, ард түмэн нь үлддэг юм. Украины хямралаар барууны орнууд Оросын хил дээр гарч ирсэнээр тэдний үүрэг ерөнхийдөө биелээд байгаа юм.
Украины хямрал жилийн дараа оргилдоо хүрээгүй байна. Ойрын үед олон үйлдвэр завод хаагдсан учраас сая саяар ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдэнэ. Мөн тэд энэ жил заавал төлөх ёстой гадаад өрийн 15 тэрбум долларын өртэй. Алт,валютын нөөц нь найман тэрбум орчим доллар байгааг тооцвол ямар хүнд байдалд Украин байна вэ? Ард түмний дургүйцэл гурав дахь Майданыг гаргах үед тулаад байна.
ТАСС/EPA/ALEXEY FURMAN
Бэлтгэсэн Ш.МЯГМАР