С.Батболд: Миний ажлыг НИТХ дүгнэнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

LiveС.Батболд: Миний ажлыг НИТХ дүгнэнэ

18 : 06
2018-11-23

С.Батболд: Миний ажлыг НИТХ дүгнэнэ

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас хоёр намын бүлэгт завсарлага өгч, хуралдааныг өндөрлүүлсний дараа сэтгүүлчид хотын дарга С.Батболдоос Ерөнхий сайдаас өөрийг нь огцруулах хүсэлт гаргасанд ямар байр суурьтай байгаа талаар тодруулсан юм. Энэ асуултад хотын дарга С.Батболд “Хотод тулгамдаж байгаа  олон асуудлууд бий.  Удаан хугацааны туршид  хуримтлагдсан  санхүү эдийн засгийн  нөхцөл байдал болон  нийгмийн тулгамдсан асуудлыг би бүрэн эрхийнхээ хугацаанд шийдэх амаргүй. Тийм учраас Засгийн газрын зүгээс гаргасан саналд ямар нэгэн тайлбар хэлэхээс илүүтэйгээр намайг хэрхэн ажилласныг НИТХ  дүгнээд шийдвэр гаргах байх гэж бодож байна. Үүнээс гадна бидний өмнө төсвийн асуудал тулж ирээд байна. Энэ сарын 25-ны өдөр төсвөө НИТХ-д өргөн барих ёстой. Хугацаа нь тулж байна” гэлээ. 

17 : 14
2018-11-23

Ирэх мягмар гариг хүртэл завсарлага өгөв

НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр хуралдаж, хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байсан ч хойшиллоо.

Учир нь НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ дахь Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлэгтэй эл асуудлыг зөвшилцсөний эцэст энэ сарын 27-ний 14.00 цаг хүртэл завсарлага өглөө. Иймээс хотын даргыг огцруулах эсэх асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэх болж, хойшилж байна.

 

16 : 43
2018-11-23

Бүлэгт 1 цагийн завсарлага өгөв

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус V хуралдаан эхэллээ. Уг хуралд 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 43 нь оролцож байна. Хоёр төлөөлөгч хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй байна гэдгийг хурал даргалагч хэлэв.

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Баатархүү "Өнөөдөр 09.00 цагт зарласан хурал хойшилсоор одоо эхэлж байна. Энэ шалтгаанаа зааланд хэлмээр байна. Хоёрдугаарт, хотын даргыг огцруулах саналыг Ерөнхий сайд НИТХ-д  албан бичиг ирүүлсэн учраас өөрөө энэ хуралд оролцох ёстой. Хэн үндэслэлийг тайлбарлах юм

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Дэгийн дагуу цаг хугацаандаа хурлаа эхлүүлэх нь бидний үүрэг. Гэхдээ намын бүлэгт дотроо хэлэлцэх асуудал байсан учир хуралдааныг хойшлуулсан. Ерөнхий сайдаас ирүүлсэн албан бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн танилцуулна. Нэгэнт хурал эхэлсэн учир хэлэлцэх асуудлаа батлах ёстой. Эхлээд хэлэлцэх асуудлаа баталъя” гэхэд  29 хүн дэмжиж гурван хүн дэмжсэнгүй.

Дараа нь НИТХ-ын тэргүүлэгч Э.Бат-үүл "Ерөнхий сайд ирэх хүртэл Ардчилсан намын бүлэг завсарлага авч байна. 10 минутын дараа ирвэл бид эргээд ороод ирнэ” гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Эхний ээлжинд 1 цагийн завсарлага өгье гэв.

Мөн НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нийслэлийн Засаг дарга төсвөө өргөн барих ёстой. Гэтэл хуулийн хугацаа дөхөөд байна. Хуулийн хугацаа тулгамдуу байгаа үед нийслэл төсөвгүй болох магадлалтай. Тийм учраас 14 хоногийн завсарлага хүсэж байна” гэсэн юм.

 Завсарлагыг 1 цагийн хугацаатай өгөөд байна. 

16 : 19
2018-11-23

НИТХ-ын МАН-ын бүлгийн хуралдаан дуусав

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая дууслаа. Уг хуралдаанаар хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх тухай хэлэлцсэн юм. Бүлэг хотын даргыг авч үлдэхээр шийдсэн үү үгүй юу гэдэг тодорхойгүй байна. 

Гэхдээ Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид бүлгийн дарга С.Мөнхчулууныг огцруулж, өөр хүн томилохоор болсон гэх мэдээлэл байна.

Харин С.Мөнхчулуун өөрөө би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэх тайлбар хийлээ. Гэвч бидэнд олдсон мэдээллээр С.Мөнхчулууныг бүлгийн даргаас нь чөлөөлж, оронд нь Р.Дагвыг томилжээ. 

Одоо залгуулаад НИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжлэхээр болж байна. Нийт 45 төлөөлөгчтэйгээс 43 нь иржээ. 

15 : 45
2018-11-23

Хотын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

НИТХ-ын МАН-ын бүлгийн хуралдаан эхэлж, хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Уг хуралдаанд хотын дарга С.Батболд биечлэн оролцож байна.

Уг хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан ч төлөөлөгчид нь цуглахгүй байсаар товлосон цагаасаа 1 цаг гаруйгаар хоцорч эхлэв. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын дарга С.Батболдыг огцруулах шийдвэр гаргаж, энэ санал нийслэлийн ИТХ-нд ирсэн байсан ч МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцэж, саналаа нэгтгээгүй байсан тул хайнаагаа хагалахаар ийн хуралдаж байна. 

13 : 46
2018-11-23

С.Амарсайхан: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг хуулийнхан шалгаж байна

amarsaihan

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайханаас дараах тодруулгыг хийлээ.


Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас НИТХ-ын хоёр төлөөлөгч зээл авсан гэх асуудал яригдаад байна. Энэ тал дээр та тайлбар хэлнэ үү?

-Хувь хүн, эсвэл  аж ахуй нэгж  байгууллага хууль зөрчин  ЖДҮХС-аас зээл авсан бол хуулийнх нь хүрээнд хариуцлага тооцно.  НИТХ-ын хурлын даргын хувьд хэн нэгэн төлөөлөгчийг нэрлэмээргүй байна. Хуулийн хүрээнд асуудал шийдэгдээгүй байхад би тэдгээр хүмүүсийн өмнөөс нь байр суурь илэрхийлэх боломжгүй. Хууль журмын хүрээнд асуудал шийдэгдэнэ  гэж хэлмээр байна

-УИХ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байсан Б.Батзоригт хариуцлага хүлээлгэсэн. ЖДҮХС-аас  зээл авсан төлөөлөгчдөд НИТХ  ёс зүйн хариуцлага хүлээлгэх үү?

-Зээл  өөртөө авсан  юм уу өрөөлд авсан эсэхийг  би хэлж мэдэхгүй байна.  Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.

-Тэгвэл бүлгийн хуралдаан хойшилсон шалтгаан юу вэ?

-Бүлгийн гишүүд ирсэн байна. Бүлэг дотроо ярилцах , хэлэлцэх  шаардлагатай  асуудлууд байгаа учраас  бүлгийн хуралдааныг 14.00 цаг хүртэл хойшлуулж байна.

-Тухайлбал ямар асуудлууд шийдвэрлэх  шаардлагатай байгаа  юм бол?

-Доторх бүлгийн зохион байгуулалтын асуудал  тэр дундаа бүлгийн даргын асуудал яригдаж байгаа.

– Ерөнхий сайд У.Хүрэлсүх,   хотын дарга Су.Батболдтой уулзан ажлаа өг гэж шахсан  гэх мэдээлэл байна

-Би тийм мэдээлэл аваагүй.

Тэгвэл  НИТХ-ын төлөөлөгчид  хотын дарга Су.Батболдыг  огцруулахгүй гэдэг  дээр санал нэгдсэн учраас хурал болохгүй хойшлоод байна гэх мэдээлэлд тайлбар хэлээч

-Тийм асуудал байхгүй. Бүлгийн дотоод асуудлаа ярилцсаны дараа хурлаа хийнэ.

НИТХ-ын даргын хувьд хотын дарга Су.Батболдыг огцруулах нь зөв гэж бодож байна уу?

-Би  дангаараа биш НИТХ-ын хурлын хүрээнд шийднэ. 

13 : 11
2018-11-23

Ц.Баатархүү: МАН засаглалыг хямрааж байна

88762222e7cf1b7e015da93a2bfbbe4f559abd37

 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/  дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүүгээс хотын даргыг огцруулах асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.

-Хотын даргыг огцруулах асуудалд Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын хуулийн  дагуу  НИТХ ээлжит бус хуралдааныг тав хоногийн өмнө зарладаг. Өнөөдөр 09.00 цагаас НИТХ-ын хурлын ээлжит тавдугаар хурлыг зарласан.  Ардчилсан намын  бүлэг яг цагтаа цугласан.  Гэтэл НИТХ-ын 45 суудлын 34-ийг бүрдүүлж байгаа нийт суудлын 76  хувийг бүрдүүлдэг Монгол Ардын намын /МАН/ бүлэг хуралдааныг хойшлууллаа.  МАН тэргүүлэгчдийг 100 хувь бүрдүүлж  байгаа үнэмлэхүй олонх болсон  эрх баригчид зарласан  хурлаа яагаад цагтаа хийхгүй байгаа  юм бэ?.  Хуралдаан  бүрийн  цагийг сунжруулах юм.  Нийслэлчүүдийн өмнө хэлэлцэх ёстой  олон асуудлууд байна. Тухайлбал, нийслэлийн  төсөв, өвөлжилтийн бэлтгэл ажил, энэ бүх асуудлууд  шат дараалан хүлээгдэж байхад МАН-ын бүлэг  хоорондын  тэмцлээ төрийн хэрүүл болгоод  хурлаа ч хийж чадахгүй, НИТХ-ын чуулганыг  тасалдуулж засаглалыг хямрааж  байгаад АН-ын  бүлэг харамсаж байгаагаа  илэрхийлж байна.   МАН 2016 онд  сонгуульд амлаж байсан амлалтуудаа хэрэгжүүлэхийн оронд  хурлаа ч  хийж чадахгүй байгаа учраас иргэд  итгэл хүлээлгэсэндээ харамсаж байгаагаа удаа дараа бидэнд илэрхийлж байна.

Засаг даргыг огцруулах асуудал   дээр ямар байр суурьтай байна вэ?

-Засаг даргыг огцруулах асуудал дээр манай бүлэг албан ёсныхоо байр  суурийг НИТХ-ын чуулган эхлэхэд албан ёсоор  мэдэгдэнэ.

Э.БУРАМ

12 : 17
2018-11-23

Хотын даргыг огцруулах асуудлыг хойшлуулав

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч өнөөдрийн 15.00 цагт хүртэл хойшлууллаа. Учир нь уг хуралдааныг хийхийн өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцэн саналаа нэгтгэх шаардлагатай гэж үзэв.

Уг бүлгийн хуралдааныг 14.00 цагт зарлалаа.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг огцруулах санал гаргасныг Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм. Иймээс энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцэх шаардлагатай болсон юм. 

10 : 14
2018-11-23

НИТХ-ын ээлжит бус хурал эхлэхэд ирц дутав

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус V хуралдаан 09.30 цагт эхлэх ёстой байсан ч ирц нь хүрэхгүйгээс хүлээж байна.  НИТХ нь нийт 45 төлөөлөгчтэй ч яг одоо 21 нь ирсэн байгаа юм. Тодруулж хэлбэл, ирц 50 хувьд хүрч байж, хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх боломжтой болох юм.

Э.БУРАМ

08 : 38
2018-11-22

Хотын даргыг огцруулах эсэх тухай хэлэлцэнэ

hotiin darga Su Batbold

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн ИТХ-д ирүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх юм.

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын УЗ-ийн хуралдаанаас хотын дарга Су.Батболдод хариуцлага тооцох шийдвэр гаргасан. Гэхдээ нийслэлийн ИТХ хотын даргын ажлыг дүгнээд хангалттай буюу 87 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн. Харин өнөөдрийн хуралдаанаас ажлаа сайн хийж байгаа хотын даргаа огцруулах уу, үлдээх үү гэдгээ эцэслэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж