Парламент түүхэндээ анх удаа спикерээ бойкотлов

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Парламент түүхэндээ анх удаа спикерээ бойкотлов

Парламент түүхэндээ анх удаа спикерээ бойкотлов

Улс төрд гал гарч, газар хөдлөхөөс наахнуур үйл явдал өрнөж байна. Ирцээр бойкот хийж, завсарлагаар хэлэлцэх асуудлаа хойшлуулчихгүй бол УИХ –ын Төрийн байгуулалтын Байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газрыг огцруулах Д.Хаянхярваа нарын 26 гишүүний өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэх учиртай.

УИХ-ын дэгийн тухай хуульд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн бол долоо хоногт багтаан холбогдох Байнгын хороогоор хэлэлцэхээр заасан юм. Гэвч өлдөхийн зовлон эдэлж яваа эрх баригчид хуулиа мөрдөж, хуралдаанаа хийж чадах уу гэдэг эргэлзээтэй байна.

Хоёр хуваагдаад жил гаруйн нүүрийг үзэж байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүний /уг нь 65, харамсалтай нэг гишүүнээ тун эвгүй асуудлаар эгнээсээ явуулж орхисон/ 50 хувь нь чуулганы хуралдаандаа өчигдөр оролцсонгүй. Хурал таслах болсон шалтгаанаа тэд “УИХ-ын дарга М.Энхболдын эсрэг бойкот зарласан” хэмээн мэдэгдсэн. Сөрөг хүчнээс УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар нэгдээд байгаа бөгөөд Засгийн газрыг хамгаалж, бамбай нь болно гэдгээ шулуухан зарлаж эрх ашиг чухал болохоо давхар харууллаа.

Уг нь тэд хэдхэн хоногийн өмнө “МАН Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой. Ардчилсан намын бүлэг анхны гаргасан шийдвэрээсээ няцаагүй” гээд хэвлэлийн хурал хийгээд сууж байсан юм. Харин өнөөдөр үзэл бодлоосоо ухарснаараа цөөнх нь олонхийн шийдвэрээ хүндэтгэн дагадаг бүлгийн  зарчмаа уландаа гишгэв.  Хаа очиж тэдний дэргэд С.Жавхлан “Би аль ч талыг нь дэмжихгүй” гэдэг байр суурь шударгаар илэрхийлсэн.

Яг одоо УИХ дахь 65-ын бүлгийн дунд хэнийг урвуулж, кнопыг нь авах вэ гэдэг уралдаан өрнөж байна. Ирэх долоо хоногт УИХ-аар Засгийн газрын хувь заяаг дэнслэх болоход 75 кнопоос хэд нь УИХ-ын дарга М.Энхболдын талд, хэд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талд цугларах вэ гэдгээс хамаарч, танхим нь үлдэх эсэх шийдэгдэнэ. Харин өнөөдөр хуралдах Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан бол зөвхөн бие халаалт гэж хэлж болно. Эндээс У.Хүрэлсүхийн талд шийдвэр гарлаа ч чуулганаар унагааж, танхимгүй болгох эрсдэл бий. Иймээс хоёр бүлэглэлийн хооронд кнопны дажин өрнөж, эцэс сүүлдээ хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг саармагжуулах оролдлого руу шилжүүлж байна. Хамгийн ноцтой нь Засгийн газрын 13 гишүүн оройлон чуулганы хуралдаанаа тасалсан нь цаашдаа МАН Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадсан ч, чадаагүй ч Засгийн газрын танхимыг УИХ-аас бус гаднаас бүрдүүлэх шаардлагатайг нотоллоо гэж ч хэлж болно.

Ардчилсан нам 2012-2016 онд засаглах үед УИХ-ын дээр Засгийн газрын сайд нар сандайлж суулаа гэж шүүмжилж суусан Ц.Нямдорж гишүүн Хууль зүйн сайд болсон хойноо чуулганы хуралдаандаа суугаагүйг хууль тогтоох байгууллагынхаа дээр Хууль зүйн сайд нь гарлаа гэж хэлэхэд гүтгэсэн болохгүй болов уу. Зарчим бол аль ч цаг үед мөрдөгддөг л байх ёстой. Эрх баригч хүчин болж, сайдын суудалд суухаар хууль тогтоох дээд байгууллага нь юу ч биш болж хувирдаг байж таарахгүй.

УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага.  Хууль тогтоох эрх мэдлийг ард түмэн, сонголтоороо баталгаажуулдаг. Хэрэв энэ эрх мэдлийг бойкотоор хариулж, ажил хаяж байгаа бол ард түмэнд бас дараагийн сонголт хийх эрх бас бий шүү, саначихаарай.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж