Төрөл арилжсан Украин Оросын сондгой нүдэнд

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Төрөл арилжсан Украин Оросын сондгой нүдэнд

Төрөл арилжсан Украин Оросын сондгой нүдэнд

Орос, Украйн хоёр дипломат харилцаагаа таслах л үлдэх шиг боллоо

Оросын телевизийн олон сувгуудаар ток шоу их гарах юм. Эрдэмтэн, сэхээтэн олон тул аль ч сувгаар ухаан задалсан, сорьсон мэтгэлцээн өрнөдөг. Үүнд Украины тухай сэдэв голлоно. Мөн ч их ярина, цаашид ч ярих болно. Үүнээс нэг л дүгнэлтэд хүрлээ. Украин гэдэг улс Москвагаас улам алсарч байх шиг. Оросууд эцэс, төгсгөлгүй гомдоллоно. Хагацлын нулимс тэднээс л ундарна. Өөрсдөө гомдоож хаячихаад одоо яах нь вэ дээ! Москва оролцож байж Крымыг нь салгасан, хэрэг дээрээ Донбассыг нь бас салгачихсан. Тэгсэн атлаа одоо араас нь “хагацлын нулимс” унагаж, эрдэмтэд нь ам шүдээ билүүдэн шороо цацаад л. Тэд гэм хийснээ маш сайн мэдэрч байна, тэр хэрээрээ “амрагийн” харьцаагаа таслах гэж ёстой нэг зовж байна. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко хээв нэг тавлаад л. Улс орных нь умард атлантын чиглэлийг баримтлагч иргэдийнх нь тоог өсгөж өгсөн Орос коллег Владимир Путиндээ баярлалаа ч гэж байх шиг. CNN телевизийн эфирээр тэгж ярьж байхыг нь би өөрийн чихээр сонссон. Украинчуудын иргэдийн үзэл бодол 2013 оныхтой харьцуулбал өнөөдөр айхтар өөрчлөгдсөн. Тухайн үед умард атланттай интеграцад оръё, НАТО-д элсье гэсэн иргэд Украйнчуудын 16-хан хувийг эзэлж байсан. Харин одоо 54 хувиас давсан байна. Хэн үүнийг бүтээв ээ? В.Путин шүү дээ! 2013 онд Украины интеграцыг дэмжигчид хүн амын 33 хувь байлаа. Одоо харин 74 хувь боллоо. Хэн үүнийг хийв ээ? Бас л В.Путин. Манай эх орныг улам бүр Европ тийш хандуулж, Европын ба умард атлантын үнэт зүйлсийг хамгаалахад бэлтгэж өгсөн ноён В.Путин танд их баярлалаа гэх нь тэр. “Киев одоо хэзээ ч Оросын эзэнт гүрэн рүү эргэж очихгүй” хэмээн П.Порошенко хэлж буй нь “хохь чинь!” гэх шахуу дуулдаж байна.

Кремлиэс албадаж байгаад Украиныг улам бүр Европ тийш хандуулчихжээ. 2017 оны хавар П.Порошенко ам шүд алдан байж, бас л өөрийнхөө Понбассын Оросуудыг тавлаж хэлж байсан даа. Европын холбооны орнуудад визгүй орж, гарах хөнгөлөлт эдэллээ, ингэснээрээ Оросын эзэнт гүрнээс “гэрлэлт”-ээ салгалаа. Украин Европын улс орнуудын бүрэлдэхүүн дэх түүхэн байрандаа эргэж ирлээ гэж. Украины усан цэрэгт Америкийн эргүүлийн катер хөлөг онгоц бэлэглэх ёслолын цуглаанд очсон П.Порошенко бас л ам шүд алдчихсан. Украин бол энэ цаг үед Де-факто НАТО-гийн дорнод жигүүр. Манай орнуудын батлан хамгаалах салбарын хүчин чармайлт дахин бэхэжлээ гэхчлэн. Тэр ёслолд очсон АНУ-ын Батлан хамгаалахын сайдын бие төлөөлөгч Роберт Карем хэлсэн нь: Вашингтоны байр суурь өөрчлөгдөшгүй. Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг цаашид ч дэмжинэ. Орос нь Крымыг эзэлсэн, Донбасс дахь мөргөлдөөнөө үргэлжлүүлж байна. Хүч хэрэглэн улсын хил өөрчлөхийг оролдож байна. Оросын түрэмгийлэл бол зөвхөн Украинд учирч буй аюул биш. Энэ аюул нийт бүс нутаг, Европ, АНУ, бүх дэлхийн дэг журмын тогтвортой байдалд учирч буй аюул юм. Орос нь НАТО-гийн түнш оронд цэргийн ажиллагаа явуулж байна. Суртал нэвтрүүлэг, дезинформац тарааж байна. Тэгснээрээ дэлхий даяар засаг төр үймүүлж, хагалан бутаргаж, бүх дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна. Бид Украины дорнод хэсэгт оросын явуулж буй увайгүй ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол Роберт Карем гэгчийн дайчин үгс. Украины дээд радын дэд спикер хатагтай Ирина Геращенко хэлж байна. Эргийн эргүүлийн тэр хоёр хөлгийг авснаараа азовын тэнгист дахин зэвсэглээд авлаа. Манай тэнгисийн цэргийн хүчинд 25-30 жил найдвартай үүрэг гүйцэтгэх байлдааны хөлөгтэй боллоо. Одоо Украины тэнгисийн сав газрыг, украины Крымыг хамгаална, харуулдана гэжээ.

  • Украин бол энэ цаг үед де-факто НАТО-гийн дорнод жигүүр.
  • НАТО-д элсэх саналтай украйнчууд нэмэгдэж 54 хувиас давсан. Хэн үүнийг бүтээв ээ? В.Путин шүү дээ!
  • Украин Оросоос хөндийрсөн, бүр эсрэгээр ажилласан баримт ар араасаа жагссаар л.

Энэ мэт Украин Оросоос хөндийрсөн, бүр эсрэгээр ажилласан баримт ар араасаа жагссаар л. Хэзээ нэг цагт энэ хоёр улс нэг гэр бүлд ах дүү хоёр Славянчууд байсан гэх шинж тэмдгийг 2014 оноос бүр ч их гээж, гээлгэж байх шиг. Орос ч хариуд нь олон хувилбараар ажиллалаа. Цөхөрлөө. Донбассын хоёр “Ардын Бүгд найрамдах улс” (Донецк, Луганск) нь дэлхийд хэнээр ч хүлээн зөвшөөрөгдөлгүй чилийсэн дөрвөн жилийг үджээ. Хаалт бүслэлтэд фронт орчмын тэр хоёр “улс” яаж болдог юм бүү мэд. Толгой дээгүүр Украинчууд тэднийг тавлаж доромжлоод л. Амьдрал нь тэг, ертөнцөөс таслагдсан. Орос хүчээр өөртөө авч ачаа үүрэх сонирхолгүй, адаг сүүлд нь Орос тэндэх энхийг сахиулах үүргээсээ ч татгалзсан гэх мэт. 2018 он Украины гадаад бодлогын түүхнээ шинэ хуудас нэмлээ. Юу гэвэл, ОХУ дөрвөн жил гүрийсний эцэст өрнөдийнхний шаардлагыг хүлээн авч, НҮБ-ын индрээс гадаад хэргийн сайд С.Лавров нь мэдэгдэл хийжээ. Аль эрт л энэ саналыг П.Порошенко тавиад байсан даа. Донбасст Оросын цэргийг бус, НҮБ-ын цэрэг оруулъя гэж. Түүнийг нь Орос хүлээн авах нь авлаа. “Украин дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааг бид дэмжиж байна. Бид тус байгууллагын ажиглагчдыг НҮБ-ын хамгаалалтад өгөхөд бэлэн байна” гэв. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд тэгж хэлмэгц нь Украины гадаад хэргийн сайд павел Климкин өлгөж аваад Орос өөрөө олон улсын ганцаардалд орсны илрэл гээд тавлаж байх юм. Оросын эсрэг санал хураалгачихлаа. Эзлэгдсэн нутаг дэвсгэрийн асуудлаар Ерөнхий ассамблейд санал хураалгаж байгаа хэрэг шүү дээ.

“Украины түр эзлэгдсэн нутаг дэвсгэрийн байдлын тухай” гэх нэртэй. Дүн нь 68 улс Оросыг буруушааж, 13 улс Оросын талд зогсож, 48 улс санал хураалтад түдгэлзжээ. “Орос ямар хэмжээний изоляцад орсон байна, одоо харав уу? Бид цаашаа ч Оросыг шившиглэнэ” хэмээн  П.Климкин тавласан нь Орос ах нар гэдэг монголчуудын дасаагүй чихэнд мөн ч сондгой сонсдоно. Оросын талд зогссон орнуудыг НҮБ-ын хурлын танхимын том дэлгэцээс харуулав. Орос, Армен, Беларусь, Бурунди, Куба, Иран, Казахстан, Мьянмар, Никарагуа, Филиппин, Судан, Сири, Венесуэл. Эд донбасс дахь Оросын үйл ажиллагааг дэмжсэн хэрэг бус, чухам цаг үеэ олсон тогтоол мөн үү, биш үү гэдэгт эргэлзсэн хэрэг гэж Украины нэг сайтад бичсэн байх юм. Хатагтай Ирина Геращенко дурсан ярьж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд П.Порошенко үг хэлэх (Оросыг л баахан гөвж өгсөн байж таарна) үед Оросын төлөөлөгчид байж суух газраа олж ядан, маш эвгүй байдалд орсон. Харин Украины Ерөнхийлөгчид зориулж хурлын танхим дүүрэн хүн алга ташиж, Ерөнхий ассамблейн өргөтгөсөн хуралдаанд тэр бүр тохиогоод байдаггүй үзэгдэл болсон юм байх. Оросын телевизүүдийн ток шоу руу эргээд оръё. Донбасс дахь “Оросын давшилт”-ыг Украины арми зогсоолоо гэх П.Порошенкогийн мэдэгдлийг хэдэн талаас нь ам хэлээрээ дайрч өгч байна лээ. Украины эрх баригчид 2014 оны дөрөвдүгээр сард байлдааны ажиллагаагаа ЛНР, ДНР гэх хоёр “сайн дурын улс”-ын эсрэг эхэлсэн. Хоёр сарын өмнө нь Украинд төрийн эргэлт дэгдсэний дараа тэр хоёр улс тусгаар тогтнолоо зарласан гэж Оросууд ярьдаг. НҮБ-ын тоо баримтаар бол зэвсэгт мөргөлдөөний хөлд 10 мянга гаруй хүний амь үрэгджээ.

Донбасс дахь мөргөлдөөнийг зохицуулахаар Минскт холбоо барих бүлэг 2014 оны есдүгээр сараас цуглаж хуралдаад мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэхгүй байхаар зохицуулсан гурван баримт бичиг байгуулсан. Гал зогсоох хэлэлцээрийг одоо ч хүртэл зөрчсөөр байна. Одоо яг ийм байдалтай байгаа бөгөөд Москвагийн чин хүсэл бол Украины эрх баригчдыг ЛНР, ДНР-ийн дарга нартай хэлэлцээний нэг ширээнд суулгаж, Донбассын энэ хоёр улсад онцгой статус олгуулах явдал. Нөгөөдүүл нь тэр талаар ярихгүй гэх. Түүнд л ток шоу хариу эрж, Орос эрдэмтдийг мэтгэлцүүлээд байх нь тэр. Яг ийм нөхцөлд П.Порошенко ээлжит лут мэдэгдлээ хийжээ. Дээд рада дээр үг хэлж, бас  Twitter-тээ бичиж байна. Украин байлдах чадвар бүхий хүчирхэг арми байгуулсан, “Оросын хавар”- ыг зогсоож чадлаа. Ингэснээр Украин-Оросын хил дээр эх орноо хамгаалж байна. Бид эх орноо хадгалж үлдлээ. Кремлийн “Барбаросс”, В.Путины блицкриг, “Оросын хавар” гэх төлөвлөгөө гацлаа. Бид Донбассын нутаг дэвсгэрийн гуравны хоёрыг чөлөөлчихсөн, мөргөлдөөнийг царцаасан, фронтын шугамын дагуу батлан хамгаалж чадаж байгаа армиа байгуулаад байна гэж мэдэгдсэн. Украины Донецк ба Луганск мужийн нутаг дэвсгэрт Оросын зэвсэгт хүчин байрлаж байгааг нотлох мэдээлэл АНУ-д байна гэж ирээд л “Эхо Москвы” радиод АНУ-ын төрийн департаментын Украины асуудал эрхэлсэн төлөөлөгч Курт волкер ярьсан. Үүнийг Орос хэлээр цацлаа хэмээн ток шоунд оролцсон нэг ахмад сэхээтэн ширүүн шүүмжилснийг би сонссон. Америк дипломатч нэг бүрчлэн ярьжээ. Оросын армийн командлагч захирагч нар, командлалын сүлжээ, төрөл мэргэжлийн цэрэг, тэдний санхүүжилт, оросын байнгын армийн цэргийн албан хаагчдын тоо, тусгай хүчний тоо, тэнд хөлсний цэрэг (Оросоор “контрактник” гэнэ) ихэнх хувийг бүрдүүлж байгаа гэхчлэн Москвад нотолдгоос огт өөрийг тэр Америк нөхөр Оросын радиод ярьжээ.

Москвад юу гэж нотолдог вэ гэвэл, Киевийн нацистууд өөрсдийг нь хядчихаад байгаа тул Донбассын уурхайчид, хөдөлмөрийн сэхээтнүүд, ажилчин гварди, тариачид зэвсэг барин босож, газар нутаг, гэр бүл, үр хүүхдээ хамгаалаад, дөрвөн жил нацистуудыг тогтоогоод байгаа. Орос бол зөвхөн хүмүүнлэгийн цуваа илгээж хоол тэжээл, эм тариагаар тусалж буй гэдэг. Харин нөгөө К.Волкер огт эсрэг юм ярьж байна. Ерөөсөө АНУ-д иймэрхүү төрлийн мэдээ олж авдаг баялаг туршлага бий. Би бүр илэн далангүй байя. Бид мэдээллийг захиалаад олоод авчихдаг. түүнийгээ америкийн цэргийн ажиллагаанд нэмэлт мэдээлэл болгон ашигладаг. Ийм байдлаар л Донбасс дахь Оросын цэргийн тухай мэдээ олж авсан гэх. Цаашилбал, тэр мэдээгээ бараг л Оросын урвагчдаас авчихсан бололтой юм ярьжээ. Донецк, Луганскийн талд ганц Оросууд биш, өөр элдэв улс орны төлөөлөгчид байлдаж буй. Украины иргэд, Сербүүд, Беларусийн иргэд ч байна. Эцсийн бүлэгтээ тэд бол Украины нутаг дэвсгэр дээрх хууль бус зэвсэгт бүлэглэл. Тэгэхээр Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлж, үүний дагуу хууль бус зэвсэгт бүлэглэлийг тараах ёстой гэж К.Волкер ярьжээ. “Эхо Москвы” радиогоор К.Волкероор Оросын эсрэг зүйл яриуллаа хэмээх зэмлэлийн араас өөр нэг мэдээллийг энд оруулахгүй бол болохгүй нь. Орост өөр Орос нам байдаг аж. Намын зохион байгуулах их хурал хуралдаж, украины асуудлаар улс төрийн тунхаглал баталжээ. Украины талаарх ОХУ-ын удирлагын бодлого мухардав. Учир нь 2014 онд Орос дутуу хийснээс тэр гэжээ. Крымыг Орост дахин нэгтгэх түүхт шийдвэрээ гаргаж, боссон Донецк, Луганскт тусламж үзүүлсэн нь шийдвэртэй бусаасаа болоод цааш явсангүй. Харьков, Одесс болон бусад хотуудад нь олон сая Орос хүн оккупац, үндэсний дарлал дор тарчилж байна. Донбассын ардын БНУ-ууд байнга их бууны гал дор, тэдний цэргийн дарга нар, удирдагчид террорист халдлагын золиос болж алагдаж байна. Үүнийг орхиж болохгүй хэмээн өөр Орос нам хатуухан мэдэгджээ.

МИНСКИЙН ХЭЛЭЛЦЭЭНЭЭС ХОЙШ ЭДҮГЭЭ УКРАИНЫ АРМИ 10 ДАХИН ХҮЧИРХЭГЖЛЭЭ

Өнөөгийн Украин бол 1991 оны Беловежийн хуйвалдаанаар буй болсон эрэмдэг, тахир татуу улс. Хил залгаа орнууддаа шилжиж очих ёстой хэд хэдэн нутаг дэвсгэрийг хууль бусаар барьж байна. Украин бол тэр түүхэн 7-8 төвийн мужаа айлгаад сууж байвал барав. Өөр Орос нам Польш, Унгар, Румыны эрх баригчид, дипломат төлөөлөгчид, улс төрийн намууд, олон нийтийн байгууллага, иргэдэд хандаж Украинд эзлэгдсэн тэр газар нутгаас хэдэн тийш нь салгаж авахыг уриалжээ. “Украиныг хуваая! Харьков, Одесса бол Оросынх, Львов нь Польшийнх, өвөр Карпат нь Унгарынх, Буковина нь Румыных болог ээ!” Донбассын ардын БНУ-ууд ингэхэд яах ёстой вэ гэдэгт хариулт хайсан мэдээ мэдээлэл, хэлэлцүүлэг, хэрүүл тэмцэл, харуусал Оросын хэвлэл мэдээллээс мөд салахгүй шинжтэй. Эхэлснээ эцэст нь тултал хийгээгүй, шийдэмгий бус байсан, хугасалж хаясан гэж ирээд л Игорь Гиркин-Стрелков гэж Донбассын салан тусгаарлагчдын хэмжээний давшилт хийгээд түрэмгийлчихсэн бол мөн ч хялбар байлаа. Даан ч тэгээгүйн гайгаар тэр Минскийн хэлэлцээнээс хойш эдүгээ украины арми 10 дахин хүчирхэгжлээ. Үнэн шүү, бүр 10 дахин! Одоо Украины арми ганц Донецк, Луганск төдийгүй, Крымд, тэр ч байтугай ОХУ-д ямар нэгэн хэмжээгээр аюул занал учруулж чадах боллоо гэжээ. Түүнийхээр бол Киев 2014 онд Донбасст давшилтаа маш тааруу, итгэлгүй эхэлсэн. Тэгэхэд бид анхааруулж байсан даа. Жилээс жилд Украин дахин зэвсэглэх болно.

Гэтэл Орос өөрөө Сирид очиж шигдчихээд юун том дайн хийхтэй манатай болчихоод байна. Донбасст хайран боломжоо алдчихсан. Одоо Донбассын сайн дурынхны ялах итгэл алга болсон, ихэнх нь байлдах сонирхолгүй. Одоо Орос зэвсэгт хүчнээ оруулчихлаа гэхэд Украинд 100 мянган цэрэг бэлэн байна. Цаана нь бэлтгэлд 300 мянган нөөц бий, яалтай билээ гэхчлэн И.Г.Стрелков харуусан бичжээ. Энэ хооронд Донецкийн ардын БНУ юм юм л үзлээ. Төрийн тэргүүнийхээ дэлбэрч үхэхийг улс даяараа харлаа. Орыг нь залгасан нөхөр өөрийгөө Ерөнхийлөгч гэж зарлаад бараг маргааш нь хусагдахыг харлаа. Одоо эрх баригчид нь ОХУ-д нэгдэж нийлье, биднийг аваадхаач хэмээн Москва руу өргөл барьц өгөхийн наагуур уянгалуулна. ОХУ-тай интеграцад ороод, хэтдээ их Оростой нэгдэж нийлэх хүсэлтэй гэж түр Ерөнхийлөгч болох Дмитрий Трапезников ярьж байх нь Оросын телевизээр гарч байв. Украины тал тэднийг айлгаж ичээхээ болихгүй, БНУ-ыг цохиж устгах гэж байгаа нөхцөлд их Оросын өвөрт багтахаас өөр арга алга хэмээн тэр нөхөр ярих нь чихэнд бас л таатай бус. Донецк улсын парламентын дарга Денис Пушилин шууд ингэж ярьсангүй, харин ч түр Ерөнхийлөгчөө аваад хаячих шиг боллоо. Тэгээд ч Донецк, Луганскт дарга даамал хийж явсан нөхөд хусагдахаараа Москвад очиж толгой хоргоддог хувь заяатай болсон. Орост нийлье, хүлээн аваач хэмээн хадаг барьж гүйсэн Луганскийн Ерөнхийлөгч Игорь Плотницкий одоо Орост нуугдаж буй. Түүний халааг авсан түр Ерөнхийлөгч Леонид Пасечник Орост нэгдэх байр сууриа нотолсоор. Орос хариуд нь онцгой статустай бол гэдэг хариултаа давтсаар. В.Путин өөрөө хэлж байна. ОХУ-д Чечень ямар онцгой статустай билээ, яг түүн шиг.

Мэдээж энэ шийдвэр Оросын хувьд маш хэцүү байсан. Гэвч ийм алхам хийхээс аргагүй. Учир нь “Аль-Каеда” хар тэнгисээс Каспийн тэнгис хүртэл лалын халифатаа байгуулахын тулд Чеченийг тасалж авчих гээд байсан юм. Одоо Чеченийн ард түмэн Оростой байгуулсан тэр тохиролцоондоо тун баяртай байна. Яг тийм жишгээр донбасс дахь зэвсэгт мөргөлдөөнийг украин зогсоох арга зам бий гэж В.Путин зөвлөжээ. Донбасст муур хулганы үлгэр үргэлжилж, НҮБ-ын индэр дээр шоудаж, Москвад сэхээтнүүд нь ток шоугаар өмнөд Славян хөршөө баалж суутал нэг мэдэхэд хоёр улсын харилцаа хүйтрэлийнхээ ёроол руу эргэлтгүй гулсах нь тэр. Одоо дипломат харилцаагаа таслах л үлдэх шиг боллоо. Украин нь ТУХН гэгчээс гараад алга болсон. Оростой байгуулсан Найрамдал, хамтын ажиллагаа, түншлэлийн тухай гэрээг сунгахгүй болсон. Бүр гадаад хэргийнх нь сайд Климкин зарлаж байгаад уг гэрээг дуусгавар болгосон. Тэгэх шалтгааныг нь ч илээр зарлаж, олон улсын хүрээний хэлэлцүүлэг болгох шахсан. ОХУ нь Украины эсрэг зэвсэгт түрэмгийлэл үйлдсэн, ОХУ Гибрид түрэмгийллээ үргэлжлүүлж байна, эдийн засгийн дарамт шахалт үзүүлэн Украины иргэдийн хүний эрхийг зөрчиж байна. ОХУ уг гэрээгээ сууриар нь зөрчлөө. Тиймээс хоёр талт гэрээ-эрх зүйн баазыг үндсээр нь эргэж харах шаардлагатай боллоо. Улс орныхоо эрх ашгийг удирдлага болгохгүй бол болохоо байлаа гэж Климкин сайд хэлсэн. Найрамдал, хамтын ажиллагаа, түншлэлийн тухай гэрээг 1997 оны тавдугаар сард байгуулсан. 2008 онд дахин 10 жилээр сунгасан, 10 жил нь 2018 онд дууслаа. Ерөнхийлөгч П.Порошенко уг гэрээг сунгахгүй байх тухай үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн шийдвэр бүхий зарлигтаа 2018.09.17-нд гарын үсэг зурсан, 19-нд нь хүчин төгөлдөр болсон. Цаашаа яах вэ?

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж