ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газар халдварт өвчнийг оношлох хөдөлгөөнт, шуурхай лабораторийг Узбекистан, Киргиз, Монгол, Гвиней улсуудад бэлэглэлээ хэмээн РИА Новости мэдээллээ.
Хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Поповагийн хэлснээр энэ лаборатори нь гэнэтийн онцгой үеийн эрсдэлийг тооцон хариу арга хэмжээ авахад ихээхэн тустай хэмээн хэлжээ.
“Сүүлийн гурван жилийн турш Хамтын нөхөрлөлийн орнуудад 12 ийм лабораторийг бэлэглэсэн. Киргиз болон Армянд лабораторийн үр дүн маш сайн харагдсан. Киргизэд тахал гарах үед тус лабораторийг тахлын голомтод ажиллуулсан” хэмээн тэр хэлжээ.
Оросын Тахлын эсрэг шинжилгээ, судалгааны “Микроб” хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн Мягмар гаригт /2018.11.20/ Саратов хотноо зохион байгуулагдсан бөгөөд энэ арга хэмжээний үеэр шуурхай лабораторийг бэлэглэсэн байна.
“Микроб” хүрээлэн нь тахал, холерийн эсрэг иммуноглобулин вакцин үйлдвэрлэдэг ганц газар бөгөөд дотоодын хэрэгцээний 75 хувийг хангадаг. Хүрээлэнгийн олон жилийн ажлын үр дүнд бий болгосон шуурхай оношилгооны хөдөлгөөнт лаборатори нь дэлхийд үнэлэгдсэн зүйл юм. Гвинейд гарсан Эболагийн халдварыг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд энэ лаборатори онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ