Токиогийн 2020 оны олимп болон паралимпийн зохион байгуулагчид сайн дурын 80,000 ажилтан хэрэгтэй болно гэжээ.
Ирэх 2020 онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдах зуны олимп болон паралимпид сайн дураар ажиллах хүмүүсийн өргөдлийг өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн авч байгаа ажээ. Зохион байгуулах хорооны мэдээлснээр олимпын наадам болох цэнгэлдэх хүрээлэн, тамирчдын байрлах газарт нийт 80’000 сайн дурын ажилтан, мөн гадаадын зочдод хөтөч, тайлбарлагч хийх, зочдыг онгоцны буудлаас угтах, тэдэнд унаагаар үйлчлэх 30’000 сайн дурынхан хэрэгтэй байна гэв.
Мягмар гаригийн /2018.11.20/ байдлаар эхний ангилалд нийт 81’035 хүн материалаа ирүүлсэн байна. Тэдний 40 хувь нь эрэгтэй, 60 хувь нь эмэгтэй байсан бол үндэсний харьяаллын хувьд 56 хувь нь япон, үлдсэн 44 хувь нь гадаадын иргэн байв.
Түүнчлэн явцын дунд анх төлөвлөж байсан 80,000-аас илүү олон сайн дурын ажилтан хэрэг болох тооцоо гаргасан учраас анкет авах эцсийн хугацааг арванхоёрдугаар сарын 1-ээс 21-ыг хүртэл хойшлуулсан байна.
Зохион байгуулах хорооны дарга Тоширо Муто сайн дурын ажилд өргөдлөө явуулахыг зэхэж байгаа хүмүүсийг яаравчлахыг зөвлөжээ. Учир нь материал авах эцсийн хугацаа ойртох тусам вэбсайтын ачаалал нэмэгдэж байгаа аж. Олимпын наадамд сайн дураар ажиллах нь хүн бүрд нээлттэй, сайхан боломж юм.
Эх сурвалж: NHK