ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ онд нийслэлийн Өргөө амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газар, ХУД-ийн 1-р амбулаторийн гадна зам талбайн тохижилтын ажлыг иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгөөд байгаа.

Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийж, дуусган ашиглалтад өглөө. Нээлтийн ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон ХӨСҮТ-ийн эмч ажилчид оролцов.

ХӨСҮТ-ийн гадна талбайд 11728 м2 талбайг асфалтаар хучиж 194 авто машины зогсоол, 2580 м2 явган хүний зам, 125 ширхэг гадна гэрэлтүүлэг, 104 ширхэг сандал, 41 ширхэг хогийн сав, нисдэг тэрэг буух бетонон талбай, ногоон байгууламж зэрэг иж бүрэн тохижилтын ажил хийжээ.

ХӨСҮТ нь нисдэг тэрэг буух талбайтай гурав дахь эмнэлэг болж байгаа юм. Урд нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвүүдийн гадна талбайн тохижилтын ажлын хүрээнд нисдэг тэрэг буух зориулалтын талбайтай болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гуравдугаар шатлалын эмнэлгүүд, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөх газруудын гадна тохижилтын ажлыг хийх төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн 2018 оны хамгийн сүүлчийн ажлыг өнөөдөр хүлээн авч байна. Хотын зүгээс иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр хийж буй томоохон ажлуудын нэг. Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн тохижилт, засварын ажил нь нийслэлд харьяалагддаггүй. ЭМЯ-ны харьяа байдаг. Энэ эмнэлгүүдээр үйлчлүүлж буй иргэдийн 60 хувь орчим нь нийслэлийн иргэд байдаг. Тийм учраас бид хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзсэн” хэмээн нээж хэлсэн үгэндээ онцлов.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Халдварт өвчин судлалын үндэсний төв нь 9 га газартай, 27 байшинтай, 800 гаруй эмч, ажилчидтай томоохон эмнэлэг. Улсын хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх үйл ажиллагааг гардан зохион байгуулах толгой байгууллага. Нийслэлийн Засаг дарга болон түүний ажлын албанаас энэхүү эмнэлгийн маань тохижилтын ажлын зардлыг шийдэж, гүйцэтгэж өгсөнд талархал илэрхийлье. Эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулснаар тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм. Бид энэхүү бүтээн байгуулалтыг цаашид сайн арчилж, хамгаалж авч явах болно” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж