Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Ш.Түмэнцэцэг өнжсөн билээ. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн ч тус тэмцээнийг тэвчээр гарган дуусгаж байсан юм. Учир нь бэлтгэлийн үеэр бэртэл авсан ч Азийн наадмын барилдаанууд түүнд хүнд байсан ч медалийн буухиаг үргэлжлүүлж чадсан. Харин өнөөдөр тэр яаралтай хагалгаанд орохоор болж, чөлөөт бөхийн тамирчдаас “Нэг сэтгэл” аяныг эхлүүлээд байна.
Ш.Түмэнцэцэгийн мөрний тойгны хальс урагдсан, мөр өргөдөг булчин тасарсан зэрэг онош олон улсын эмнэлэгүүдээс ирсэн учраас яаралтай хагалгаанд орохоор болжээ. Энэхүү хагалгааны зардал 30 сая төгрөгт багтах бөгөөд хандивын 5517-070000 /хаан/, 34000-4020179 /төрийн банк/ дансуудыг нээгээд байна.
Чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг Ш.Түмэнцэцэгийн амжилтыг дурдвал Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, гурван хүрэл, Дэлхийн цомын мөнгө, хүрэл, “Mongolia Open” тэмцээнээс гурван алтан медаль авснаас гадна улсын дөрвөн удаагийн аварга юм. Тэрбээр 2018 онд олон улсын долоон тэмцээнд оролцсоноос зургаан алт, нэг мөнгөн медаль хүртсэн.
Ш.Түмэнцэцэг энэ жилийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтад түрүүлж, оролцох эрхээ баталгаажуулаад байсан ч Азийн наадмын өмнөх бэлтгэл дээр бэртэл авсан нь түүнийг тус тэмцээнийг өнжихөд хүргэсэн юм.