“Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ-зөвлөлдөх уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа | News.MN

“Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ-зөвлөлдөх уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

“Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ-зөвлөлдөх уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа

“Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ-зөвлөлдөх уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа

Сангийн яам, Татварын ерөнхий газар, ТМЗ нийгэмлэг хамтран “Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ-зөвлөлдөх уулзалт”-ыг өчигдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн, ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Ц.Энхжавхлан, ТМЗ нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Г.Алтанзаяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Төр, мэргэжлийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн энэхүү гурван талт уулзалтаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний өнөөгийн байдал, анхаарах зүйл, бусад орнуудын туршлага зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүлж, хууль эрх зүй, төр, мэргэжлийн байгууллага, ТМЗХЭ-тэй холбоотой асуудал болон гишүүд, зохицуулагдаагүй орхигдож буй асуудал зэрэг сэдвийн хүрээнд багийн зохион байгуулалтад орж, хэлэлцүүлэг өрнүүлэн, шийдэл арга замыг хамтдаа эрэлхийлсэн юм.

Зөвлөлдөх уулзалтыг ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал нээж хэлсэн үгэндээ “Татварын хууль тогтоомжийг сурталчлах, хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр татвар төлөгчдөд зөвлөгөө өгч, сургалт сурталчилгаа явуулах үндсэн чиг үүргийг хуулиар тогтоосон. Энэ чиг үүргийг биелүүлэх, татвар төлөгчдөд хүрч ажиллах, тэр хэрээрээ хуулийг бүрэн хэрэгжүүлэх тал дээр Монголын татварын алба, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран ажилласаар ирсэн. Олон улсын туршлага, чиглэлийг үндэслэл болгож, цаашдын хамтын ажиллагаагаа нягтруулах, бидний өнөөдрийн ажиллаж байгаа орчин, хууль, эрх зүй ямар байгааг хэлэлцэхээр “Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ-зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулж байгаад талархаж байна. МТА татвар төлөгчидтэйгөө хамтраад улс, орон нутгийн төсвөө бүрэн бүрдүүлж чадсан. Энэ ажилд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг ч маш их тусалсан. Цаашдаа ч Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн маань үйл ажиллагааны цар хүрээ улам илүү өргөжихийг хүсч байна. Татварын хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энд хийгдэж байгаа нэг томоохон ажил бол Татварын хуулийн хэрэгжилтийг илүү хялбар болгох тал дээр анхаарч байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийг дөрвөн сегментэд ангилж, тохирсон үйлчилгээг нь МТА-аас үзүүлэхээр тусгасан. Гол зорилго нь татварын бааз сууриа өргөжүүлэх, сегментийн бодлогыг хэрэгжүүлэхэд ТМЗН-ийн үйлчилгээ, дэмжлэг маш их шаардлагатай. Эцэст нь дүгнээд хэлэхэд, цаг үеийн болоод хууль, эрх зүйн хувьд ч МТА-ны хувьд ТМЗН-тэйгээ хамтран ажиллах боломж нээлттэй байгаа. ТМЗҮ үзүүлдэг компаниудын тоогоо нэмэгдүүлэх боломжийг ч эрэлхийлж байна. Ингээд зөвлөлдөх уулзалтад нь амжилт хүсье” хэмээсэн юм.

Зөвлөлдөх уулзалтын эхэнд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн “НБББГ-ын чиг үүрэг, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт”, “Сангийн яам-ТМЗН-ийн хамтын ажиллагаа, цаашдын зорилго зорилт”-ын талаар илтгэл танилцуулсан бол Татварын ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын Татварын улсын ахлах байцаагч Б.Галбадрах “Татварын тогтолцоонд татварын үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг: Азийн орнуудын туршлага” сэдвээр илтгэл тавьж, орон орны туршлагаас танилцуулсны зэрэгцээ Монгол Улсад ТМЗ үйлчилгээ хэрхэн хөгжиж буй талаар хөндлөө. Харин ТМЗН-ийн гүйцэтгэх захирал Г.Алтанзаяа “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний зохицуулалт ба өнөөгийн байдал, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөл”, ТМЗН-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ү.Галмандах “Татварын албаны үйл ажиллагаанд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ дэмжлэг үзүүлэх нь”, ТМЗН-ийн ЗҮМХ-ны дарга Р.Хишигнэмэх “ТМЗ үйлчилгээний хөгжил,  сайжруулах талаар” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж оролцсон юм. Илтгэлийн дараа дээр дурдсан таван сэдвийн хүрээнд баг болон ажиллах өөрсдийн сэдэвт хамаарах асуудлыг дэвшүүлэн тавьж шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн.

Тухайлбал, ТМЗ үйлчилгээ эрхлэгч компани гурваас доошгүй ТМЗ ажиллуулна. Тухайн ТМЗ нь судалгааны чиглэлээс өөр ажил давхар эрхэлж болохгүй гэж заасан нь хүний эрхэнд халдсан асуудал болдог төдийгүй шинээр байгуулагдсан компани үндсэн татварын мэргэшсэн зөвлөхүүддээ өөр ажил давхар хашихааргүй хангалттай хэмжээний цалин олгоход хүндрэлтэй байдаг нь энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэгч компаниуд хөл дээрээ зогсож амжилгүй энэ бизнесээс гардаг нэг үндсэн шалгаан болж байгааг хэлэх хүн цөөнгүй байлаа. Мөн хэн дуртай нь татварын тайланг гаргаж байгаа асуудлыг цэгцлэх, татварын мэргэшсэн зөвлөхөөр тайланг гаргуулдаг болгох, тэдэнд цахим гарын үсэг олгох зэрэг асуудал маш их хөндөгдлөө. Зөвлөлдөх уулзалтаас дүгнэлт гаргасан юм.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж