"Хүүхдийг хорьж хүмүүжүүлэх нь харгис шийтгэл"

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

"Хүүхдийг хорьж хүмүүжүүлэх нь харгис шийтгэл"

Монгол Улсад 2013-2017 оны хооронд  5100 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогджээ. Тэдний 70 гаруй хувь нь хорих ялаар шийтгүүлсэн байх юм.  Мөн тус онд 7200 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна.

ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАХГҮЙГЭЭС ХҮҮХЭД ХОХИРЧ БАЙНА

Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэгт холбогддог, хохирогч болдог талаар Цагдаагийн хурандаа, доктор Ю.Бадамхандаас тодрууллаа.

-Хүүхэд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэгт холбогдож байна вэ?  

-Хүүхдүүд 30 гаруй төрлийн гэмт хэрэг үйлдэж байна. Эдгээрээс хулгай, дээрэм, залилан мэхлэлт зонхилж байна. Шинэчлэлийн хүрээнд хууль тогтоомжуудад нэлээд өөрчлөлт орсон. Гэхдээ дахин өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, хүүхэд цагдаагийн байгууллагад анх ирэхээс эхлээд эрхийг нь хамгаалах зэрэг шаардлага байсаар байна. Хүүхэд хэрэгт холбогдоод, хохироод цагдаагийн байгууллагад орж ирсэн цагаас эхлээд хэрэг дуусах хүртэл эрхийг нь хангах, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зэрэгт хүүхдийн эрхийн асуудлаар ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага нэгэн зэрэг ажиллах шаардлагатай байтал салангид ажилладгаас хүүхэд хохирсоор байна.

-Тэгвэл тэд ямар төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна. Шалтгаан нь юу вэ?

-Хүүхдүүд бэлгийн хүчирхийлэл, зам тээврийн осолд өртөх нь их байна. Хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж байгаа нь олон шалтгаантай. Гол шалтгаан нь эцэг, эхийн хараа хяналт сул, нийгмийн ёс суртахууны алдагдал, ажилгүйдэл, ядуурал, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааны доголдол.  Ерөнхийдөө амьжиргааны түвшин дундаас доогуур айлын хүүхдүүд гэмт хэрэгт өртөх, хохирох нь их байна.

ХҮҮХДҮҮД ИХЭВЧЛЭН ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБОГДДОГООС ХОРИХ ЯЛ АВДАГ БАЙСАН

Гэмт хэрэгт холбогдон шийтгүүлж байгаа хүүхдийн 70 гаруй хувь нь хорих ялаар шийтгүүлдэг. аж.  Сүүлийн үед Эрүүгийн шинэ хууль хэт хатуу, хүүхдүүдийг гэмт хэрэгтэн болгож байна гэсэн шүүмжлэл гараад байгаа бөгөөд энэ талаар  Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболдоос тодрууллаа.

-Жилд 1000 орчим хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагддаг. Эрүүгийн хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд биечлэн ял эдлэх, цагдан хоригдох нь ихсээд байна гэсэн шүүмж гарсан. Эрүүгийн шинэ хуулиар насанд хүрээгүй хүний гэм буруутай нь тогтоогдсон ч аль болох цагдан хорихгүй байхаар заасан. Гэтэл хүүхэд үйлдэж байгаа гэмт хэрэг нь ихэвчлэн хулгайн хэрэг байдаг. Хулгайн гэмт хэрэг нь хүнд хэрэгт тооцогддог тул заавал цагдан хоригддог. Түүний дараа хорих ял авдаг байсан. Үүнээс болоод өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүүхэд хорих ялаар шийтгүүлэх тохиолдол эрс нэмэгдсэн Тиймээс 2017 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн ангилал хийсэн. Насанд хүрээгүй хүүхдийг хорих ялын дээд хэмжээ найман жил байсан. Наймаас буюу онц хүнд гэмт хэргээс бусад хэргийг үйлдсэн хүүхдэд хорих ял оноохгүй, түүнээс өөр байдлаар хүмүүжүүлэх зэргээр шийдвэрлэж болохоор болсон. Цаашид хүүхдэд хүмүүжлийн шинжтэй албадлагын арга хэмжээ авдаг байдалд уян хатан мэдрэмжтэй хандах хэрэгтэй байна.

ХҮҮХДИЙГ ШИЙТГЭЖ БАЙГАА ЯЛЫН ДИЙЛЭНХ НЬ ХОРИХ ЯЛ БАЙНА

Гэмт хэрэгт холбогдож, хохирч байгаа хүүхдийн эрхийн асуудлыг Хүний эрхийн хуульч М.Ичинноровоос тодрууллаа.

-Хүүхдийн эрхийг хамгаалахад Монголчуудад юу дутагдаж байна вэ?

-Бүх түвшний боловсон хүчний асуудал яригдана. Хүний эрхийн төлөөх ажил нь тухайн хүнээс сэтгэл шаарддаг. Тухайлбал, би Тахарын албаны дарга байхдаа  Баянзүрх дүүрэгт хохирогч, гэрч нарт туслалцаа үзүүлдэг өрөө тохижуулж өгсөн ч одоо тэр өрөөг ашигладаггүй. Энэ нь хүний эрхийн төлөө гэх сэтгэл, хандлага дутагдаж байгаатай холбоотой.

-Хууль эрхзүйн орчин бидэнд байна. Хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн, Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн тухай хуультай, Үндсэн хуультай, Эрүүгийн хууль нь нэлээд сайжирсан. Хуулийн орчин Монголд дутагдаж байгаа зүйл алга. Харин түүнийг хэрэгжүүлдэг хүмүүсийн сэтгэлгээ, хандлага, чадварын асуудал тулгамдсан асуудал болоод байна.

-Европын холбооноос Монгол Улсын хүний эрхийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжиж байгаа. Та төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Төслийн хүрээнд ямар ажил хийсэн вэ?  

-Төслийн хүрээнд гурван хурал зохион байгуулсан. Эхний хурлаар шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг олон улсын конвенц, олон улсын хүний эрхийн зарчимтай хэрхэн нийцүүлж ашиглах талаар ярилцсан юм. Дараагийн хурлаар цаазаар авах ялыг сэргээвэл хүүхдийн хүчирхийлэл буурна гэсэн нийгмийн хандлагатай холбоотойгоор хүүхдийн хүчирхийлэл гарч байгаа шалтгаан, шалтгааныг эмчлэх асуудлаар бага хурал хийж, Засгийн газарт чиглэл өгсөн. Гурав дахь хурал нь өнөөдөр /2018.11.22/ болж байна. Хүүхдэд ээлтэй Эрүүгийн эрхзүйн тогтолцоо, насанд хүрээгүй хүүхдийн хэргийг хэрхэн хянан шийдвэрлэх талаар зөвлөмж өгөхөөр хуралдаж байна. Олон улсын хүний эрхийн стандартыг, Европын, НҮБ-ын стандартыг Монголд нутагшуулахаар эдгээр хурлыг зохион байгуулж, Засгийн газарт зөвлөмж өгч байна.

-Монгол Улс олон улсын хүний эрхийн стандартын дагуу хүүхдийн эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Аль ч улс орон хүүхдийн эрхээ хамгаалаагүй бол хүний эрх хангагддаггүй гэж үздэг. Тиймээс Эрүүгийн эрхзүй, шүүн таслах үйл ажиллагаа, байцаан шийтгэх, мөрдөн байцаах бүх үйл ажиллагаа хүүхдэд ээлтэй байх ёстой. Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд хохирогч, гэрч, холбогдож байгаа хүүхэд орно. Тэдний насны онцлогоос шалтгаалаад том хүнтэй харьцдагаас огт өөр стандартаар мөрдөн байцаагч, шүүгч тэдэнтэй харьцах ёстой. Гэрч, хохирогчид хандах хандлага, хамгаалалт, үйлчилгээ өөр төвшинд байх ёстой.

Гэтэл манайд эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдэд зориулсан тусгай үйл ажиллагаа хэрэгжихгүй байна. Хохирогч хүүхэдтэй огт өөр байдлаар харьцах ёстой. Хохирогч хүүхэд бий болсон цагаас эхлэн сэтгэлзүйн хамгаалалтад авч эрүүл мэндээс эхлээд тусгай үйлчилгээ үзүүлэх систем одоогоор манайд төлөвшөөгүй байна. Гэрч хүүхдийн тухайд мөн адил. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд зориулсан тусгай шүүх алга. Аль ч орон хүүхэд гэмт хэрэг үйлдсэн бол хорихоос өөр төрлийн ялаар шийтгэхийг хичээдэг. Аль болох хорих ялаар шийдгэхгүйг хичээдэг. Гэтэл манайд хүүхдийг шийтгэж байгаа ялын дийлэнх нь хорих ял байгаа нь олон улсын стандартаас хол явааг харуулдаг. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэе гэхээр тэр нь бодитоор байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хаана, ямар орчинд, хэрхэн хүмүүжүүлэх, яаж тэдний сэтгэл, оюун санааг өөрчлөхөөр сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг хэн явуулах зэрэг нь тодорхой бус, хэрэгжихгүй байна. Энэ хурлаар насанд хүрээгүй хүүхэдтэй хэрхэн харилцах, тэдэнд ямар шийтгэл оноох, ял шийтгэл оноох хэрэгсэл нь юу байх талаар, хохирогч, гэрч хүүхэдтэй хэрхэн харьцах талаарх НҮБ, Европын стандартын талаарх тусгай зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж