БАЙР СУУРЬ: Нийгмийг терроризмд уриалж болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Нийгмийг терроризмд уриалж болохгүй

БАЙР СУУРЬ: Нийгмийг терроризмд уриалж болохгүй

"Даяар Монгол", “Хөх Монгол” бүлгэмээс УИХ, Засгийн газрын гишүүд, өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөөс төрсөн тэрбумтнуудыг олсон эд хөрөнгийнхөө тал хувийг Монгол улсын өрийг дарахад хандивлахыг уриалсан. Үүгээр зогсохгүй Монгол Улсын Засгийн газрыг огцруулбал УИХ-ыг тараана хэмээн олон нийтийг турхирч буй юм. Энэ асуудлаар хуульчдын байр суурийг сонслоо. 


ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯР: Төрийн бус байгууллага /ТББ/ гишүүд, олон нийтэд үйлчлэх, нийтийн хууль ёсны эрх ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулах журамтай. ТББ-ын зорилгод үүнийг тодорхой зааж өгсөн байдаг. ТББ-ын үйл ажиллагааны чиг үүрэг, зорилгод нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулна гэж заасан. Жишээлбэл, олон ТББ нэгдчихээд УИХ-ыг тараана гэх мэт үйл ажиллагаа явуулахыг хуулиндаа хориглоно. Энэ нь ТББ-ын зорилгоос хазайчихаж байгаа юм.

ТББ дүрэмдээ шилдэг улстөрчдийг бэлдэнэ, улс төрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэх утгатай тухайлан чиглэгдсэн зорилго байх ёстой. Хэрвээ зорилгодоо тусгаагүй бол дүрмийн бус үйл ажиллагаа явуулсан гэгдэж татан буугдах журамтай.

Монголд үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд Үндсэн хуулийн 14.2, 3.2-ын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Харин манайд үндсэрхэг үзэлтнүүд хятадуудыг хөөж гаргана гээд байгаа нь үндэстэн ястныг ялгаварлан гадуурхаж үндсэн хуулиа зөрчөөд байгаа нэг үйлдэл юм. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн бол Улсын бүртгэлийн албанаас үйл ажиллагааг нь зогсоож болдог. Ямарваа нэгэн ТББ нь Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн дүгнэлт гарах юм бол үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх журам манайд үйлчилдэг. Улстөрчид нийгмийг буруу зүйлд турхирч, терроризмд уриалж болохгүй.

ХУУЛЬЧ С.ЭРДЭНЭБОЛД: Үндсэрхэг үзэлтэй иргэд сүүлийн үед олширч байна. Дэлхий дахинд ч гэсэн ийм үзэгдэл гарах болсон. Жишээлбэл, ХБНГУ-ыг нэрлэж болно. Ерөнхийдөө эрх зүйт нийгэм төлөвшсөн орнуудад хас тэмдгийг хориглосон байдаг. Бид хэд хэдэн зүйлсийг ялгаатай ойлгомоор байгаа юм. Үндсэрхэг үзэл, үндэсний үзлээ ард түмэн ялгахгүй байна. Эх орныхоо нэрийг бариад популизм хийж байгаа нь хамгийн аймшигтай зүйл. Популизм гэдэг нь хүний нэр төр, алдар хүнд хуулиар хамгаалсан бүхнийг үгүй хийж байдаг хариуцлага хүлээх ямар ч боломж байдаггүй. Нийгэмд бодлого боловсруулж буй хүмүүсийн хууль бус үйлдлийг ард иргэд эсэргүүцэж болно. Тэгэхдээ эх оронч үзэлтэй хэмээн бусдыг үгүйсгэсэн байдлаар тэмцэж болохгүй.

Монгол бол газар зүйн хувьд ОХУ, БНХАУ гэдэг хоёр их гүрний дунд хавчигдмал байдалтай байдаг улс. Эдийн засгийн хувьд хавчигдмал, газар нутаг томтой улс оронд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж байж улс орны “дархлаагаа” авч үлдэнэ. Гэтэл гаднаас ирсэн хүн бүрийг “хөөж зайлуул” гэх мэтээр айлгаж ичээгээд байж болохгүй. "Хөх Монгол" бүлгэмийн Хонхэрээдийн Энхбат өчигдөр мэдээлэл хийхдээ багтай хүн ардаа зогсоосон. Терроризм буюу алан хядан үйл ажиллагаа, тэр дундаа шашны мөргөлдөөнтэй улс орны хүчирхийллийн нүүр царай болсон элементийг зурагтаар нэвтрүүлнэ гэдэг байж болшгүй зүйл. Хоёрдугаарт эр хас, эм хас тэмдэг гээд яриад байдаг. Өчигдрийн мэдэгдэлд цагаан, улаан, хар гэсэн өнгөтэй хас тэмдэг байсан. Энэ нь Гитлерын соёлыг илэрхийлэх бэлгэ тэмдэг юм. Тиймээс түүхийн мэдлэг нимгэн хүмүүс цээжээ дэлдээд эх оронч хэмээн тэмцэх биш ухаан зарж тэмцэх ёстой. Тэгэхээр эдгээр хүмүүст санхүүжилт олгож, улс төрийн зөрчилдөөнд ашиглах гэсэн ашиг сонирхол хэсэг бүлэг хүмүүсийн дунд байна.

ӨМГӨӨЛӨГЧ Б.МЭРГЭН: Мэдээж хууль ёсны, зөв зүйл биш. Нэр бүхий хөдөлгөөний хүмүүс өчигдөр мэдээлэл хийсэн. Тэдний ярьж байгаа зүйлс нь дандаа худал мэдээлэл байсан. Хаа байсан прокурорын дэргэдэх Мөрдөн шалгуулах хэлтэст УИХ-ын нэр бүхий гишүүдийг шалгуулна гэж ярьж байна лээ. Тус газар татан буугдаад дөрвөн жил болж байна. Үндэсний аюулгүй байдалд ажилладаг УИХ-ын гишүүдийг шалгуулж байгаа талаар ярьсан. Тийм албан тушаал байхгүй. Өөрөөр хэлбэл, нийгэмд худал мэдээлэл тарааж турхирах нь буруу шүү дээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж