Ам.доллар өсч л байг уу, эрх баригчид аа!

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Ам.доллар өсч л байг уу, эрх баригчид аа!

Ам.доллар өсч л байг уу, эрх баригчид аа!

Эрх баригчдыг сандал ширээний хэрүүл хийх зуур ам.долларын ханш өссөөр 2595 төгрөгтэй тэнцлээ. Валют арилжааны төвд өчигдөр /2018.11.21/ ам.доллар 2592, юань 374 төгрөгөөр зарагдлаа. Харин өнөөдөр “Найман шарга”-д ам.долларыг 2592 төгрөгөөр худалдан авч, 2595 төгрөгөөр борлуулж байна. Валютын ханш өссөнийг ченжүүд улс төрийн тогтворгүй байдалтай холбож байна.

Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар төгрөгийн ханш тогтворжин, төсвийн алдагдал буурч, орлого нэмэгдсэн тухай эерэг мэдээллүүд сонсогдож байсан ч эрх баригчдын улстөржилт хийсэн ажлаа баллуурдахад хүргэлээ.

Одоо валютын ханшийн энэхүү өсөлтийг дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Нефтийн үнэ нэмэгдэхийг ч үгүйсгэх аргагүй. Хэдийгээр дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсан ч төгрөгөөр худалдан авалт хийх боломжгүй тул валютын ханшийн өсөлт бүх бараа бүтээгдэхүүний суурь өртөг болсоор ирсэн юм.

Төгрөгийн ханш унах бүрийд Төв банк зохицуулалт хийдэг. Гэхдээ интервенц хийхээс өөрөөр зохицуулалт хийх боломжгүй гэж хэлж болно. Нэгэн үеэ бодвол Монголбанкны валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн ч зах зээлд үүссэн шокийг бүрэн удирдах боломжтой нөөц бас биш юм. Нөгөө талаас энэхүү 3 тэрбум ам.долларын 1 тэрбум ам.доллар нь ОУВС-гаас шилжүүлсэн зээл гэж хэлж болно. Учир нь, тус сангаас өнгөрсөн онд 700 гаруй сая ам.долларын санхүүжилт хийсэн бол энэ оны хувьд 217.33 сая ам.доллар шилжүүлээд байна. Хамгийн сүүлд энэ сарын эхээр Төв банкны дансанд 36.22 сая ам доллар шилжүүлсэн байдаг. Уг санхүүжилтийг үндэсний мөнгөн тэмдэгтийг тогтворжуулахад зарцуулах ёсгүй гэдэг анхааруулгыг ОУВС өгсөөр байгаа ч валютын ханшийг алдахгүйн тулд интервенцэд зарцуулахаас өөр аргагүй болж байна. Харин эрх баригчдын улстөржилтийн өртөгт Төв банк хэдий хэмжээний валют зарцуулахыг одоогоор хэлэх аргагүй нь.

Уг нь улс төр нь тогтвортой байсан бол төгрөг чанга, тэр хэрээр иргэдийн цалин, тэтгэвэр, хадгаламж нь үнэгүйдэхээргүй байлаа.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар болоод Төв банк төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд УИХ-аас олон хууль, тогтоомжуудыг батлуулж, хэрэгжүүлсэн бөгөөд хоёр дахь том ажлаа зээлийн хүүг бууруулахад чиглүүлж байв. Гэвч улс төрд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр зээлийн хүүг бууруулахтай манатай, ханшаа л алдчихгүйн төлөө хаа, хаанаа ажиллах шаардлага үүссэн ч Засгийн газарт ажил хийж байгаа шинж алга.

Экспортын нүүрсний тээвэр зогсоод хэд хонож байхад арга хэмжээ авсангүй. Хятадын тал хил гааль дээрээ “Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж байгаа тул энэхүү технологи нь жигдэртэл нүүрсний татан авалт сайжрахгүй гэх жижүүрийн үгээр аргацаах нь эдийн засагт асар их хохирол дагуулах болж буй. Оргил үеүдэд 1200 орчим нүүрс ачсан автомашин хилээр нэвтэрдэг байсан бол өнөөдөр 200 болж, зургаа дахин буурсан нь эргээд экспортын орлогыг л бууруулна. Энэ өсөлт дахиад л ханшийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ.

Иймээс эрх баригч МАН-ынхан, Засгийн газар унасан ч эс унасан ч хариуцсан ажлаа хийж, ханшийн өсөлтөд анхаарлаа хандуул.

Өсөж л байдаг ханш гэсэн шиг хоноцын сэтгэлээр хандах нь ард түмний амьдралыг улам хүндрүүлж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж